2012.06.12
Н.Энхбаяр: Миний өмгөөлөгч сонгуульд нэр дэвшиж байгаа тул хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй
Өнөөдөр 10 цаг 10 минутад Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал эхэллээ. Шүүх хуралд Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч М.Алдар, С.Оюунчимэг, Улсын яллагч Ё.Сагсай, хариуцагчаар Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Чулуунсүрэн нарын нарын дөрвөн хүн оролцлоо. Харин хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг УИХ-ын 5-р тойрогт нэр дэвшиж байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй бөгөөд шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ бичгээр ирүүлжээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “УЕПГ, СЕХ тэргүүтэй хууль хяналтыг хэрэгжүүлэгч төрийн бүхий л машин Н.Энхбаяр гэдэг ганцхан хүний эсрэг чиглэсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ бүхний эсрэг би ганцаараа тэмцээд тэмцээд цаг хугацаа давчуу учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжихгүй байна. Улсын яллагч Ё.Сагсай СЕХ-нд намайг битгий бүртгээч ээ гэсэн өөрийнхөө чиг үүрэгт хамааралгүй, хууль бус бичгийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байсан. Тэрхүү хууль бус бичгийг нь Сүхбаатар дүүргийн шүүх хүлээн авч СЕХ-нд хандсанаар миний бие МУ-ын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ зөрчүүлсэн.
Иймд СЕХ-ны хууль бус шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандах зэрэг ажлыг хийсээр байгаад хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж чадсангүй. Түүнчлэн миний өмгөөлөгч Б.Оюунбилэг УИХ-ын 5-р тойрогт нэр дэвшиж байгаа тул сонгогч түмэнтэйгээ уулзалт хийж байгаа тул хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй. Улс нийтээрээ сонгуулийн уур амьгалд дарагдсан энэ цаг үед надад үүсгээд байгаа энэхүү улс төрчдийн захиалгат энэхүү хэргийг заавал улс төржүүлэн сонгуулийн өмнө хийх гээд байгаад ямар учир байна вэ? Хэрвээ та бүхэнд Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар Н.Энхбаярыг ямарч хамаагүй аргаар заавал ялла гэсэн үүргийг өгөөгүй л юм бол шүүх хурлыг ингэж яаран сандран хийх шаардлага байгаа юм уу.
Миний хувьд шүүх хурлыг УИХ-ын сонгуулийг өнгөртөл буюу 2012-06-28-ны өдрийг өнгөрсний дараа хийгээч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Олон түмэн, дэлхий нийтийн анхааралд байгаа энэ хэргийг чин шударгаар явуулъя л гэж бодож байгаа бол сонгууль өнгөрсний дараа явуулаач ээ хэмээн хүсч байна” гэв. Улсын яллагч Ё.Сагсай “Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг ирж амжаагүй тул шүүх хурлыг энэ удаад хойшлуулах нь зөв гэж үзэж байна.
Гэхдээ шүүн таслах ажиллагааг саатуулахгүй гэдэг үүднээс ойрын хугацаанд заавал хийх ёстой. Ямартай ч сонгууль өнгөртөл хойшлуулах шаардлагагүй” гэв.Шүүх хуралдаан хэсэг завсарласны дараа шүүх хурлыг ёс хоног хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.