Ерөнхийлөгч намын төлөөлөгчдөд хандан эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжин ажиллахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын дарга нарыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ц.Энхтүвшин, ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нар өнөөдөр бараалхав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан саналаа хэлэхдээ “2012 оны УИХ-ын сонгуульд намууд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, дэмжих тал дээр амжилттай оролцсон бол шинээр батлагдсан орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, түүний зохицуулалтыг орхигдуулсан байна.
УИХ-ын болон нийслэлийн сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд илүү түлхүү нэр дэвшиж ирсэн уламжлал байдаг нь ажиглагддаг. Энэ уламжлалыг хадгалах хэрэгтэй. 2008 оны сонгуулиар засаг захиргааны нэгж бүрт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж байсан хувь буурах ёсгүй. Харин нэмэгдэх ёстой. Хамгийн багаар тооцоход 20 хувиас буулгахгүй, дээш нь өсгөх хэрэгтэй. Энэ асуудлын талаар нам намынхаа хүрээнд хэлэлцэж эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжээсэй гэж бодож байна” гээд Ерөнхийлөгч намын төлөөлөгчдөд хандан эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжин ажиллахыг уриаллаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч намуудын дарга нартай улс орны амьдралын зарим асуудлаар санал солилцсон юм.