Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томиллоо
2012.10.05

Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томиллоо

Tөв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тус банкны Дэд ерөнхийлөгчид Э.Батшугарыг нэр дэвшүүлснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая хэлэлцээд, гишүүдийн 85,4 хувийн саналаар дэмжин баталлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар нь 1987 оны тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэн, 2008-2010 онд “Же Пи Морган”-д санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Ийнхүү Монголбанк ийнхүү 25 настай цэл залуухан дэд ерөнхийлөгчтэй болж байна. Э.Батшугар Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаанд ажиллах юм.

Түүнийг хуралдааны танхимаас гарч ирсний дараа товч ярилцлаа.


-УИХ-ын өнөөдрийн хуралдаанаас өндөр албан тушаалд томилогдлоо. Өмнө нь банк, санхүүгийн чиглэлээр ямар ажил хийж байсан бэ?


-Би АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Дараа нь Америкийн Же Пи Морган гэдэг хөрөнгө оруулах банкинд ажиллаж байсан. Лондон дахь салбарт нь ажиллаж байсан. Миний гол үйл ажиллагаа бол санхүүгийн зах зээл дээр ажилладаг. Компаниудаас хөрөнгө босгодог. Сүүлд их яригдаад байгаа IPO-г би хийдэг байсан. 

-Шинэ ажлаа юунаас эхлэх вэ?


-Юуны өмнө надад ийм том, хариуцлагатай албан тушаал даатгасан УИХ-д баярлаж байна. Ажлаа маш хариуцлагатай, мэргэжлийн төвшинд хийнэ. Нөгөө талаас Монголбанк 2013 онд том том нийгмийн болоод эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тавьсан байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө Монголбанкны хамт олонтой гар нийлж хамтарч ажиллана. Өөрийнхөө бүх мэдлэг, туршлага, эрч хүчээ үүнд дайчилж ажиллана. 

-Өмнө нь гадаадад банк, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд Монголбанкны үйл ажиллагааг шинэчлэх чиглэлд юу хийх вэ?

-Монгол Улсад тулгамдаж байгаа гол асуудал бол өндөр инфляц байна. Нийгмийн дундаж давхарга, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлийн хүү өндөр байна. Энэ бүх асуудлыг анхааралтай авч үзэх ёстой эдийн засаг, нийгмийн асуудал гэж харж байгаа. Инфляцийг бууруулах, банкны хүүг багасгах чиглэлээр анхаарч ажиллана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.