2012.10.22

Төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэдийг бүртгэх журмыг баталлаа

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан  гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг шинэ эрх зүйн орчинд нийцүүлэн зохицуулахаар журамлаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

Энэхүү журмыг батлан хэрэгжүүлснээр журмын зохицуулалтад хамаарах гадаадын иргэний бүртгэлд тавих хяналт сайжрах төдийгүй эл харилцааны эрх зүйн орчин улам боловсронгуй болж, бүртгэлийн автоматжуулсан систем нэвтрэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд  энэхүү  журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Тухайлбал, энэ журамд, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлөөлөгчийн газарт ажиллах иргэнийг ажлын 10 хоногт багтаан бүртгэж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, үнэмлэх олгоно. Тиймээс гадаадын иргэд ирсэн өдрөөсөө 7 хоногийн дотор бүртгүүлж, оршин суух зөвшөөрөл, үнэмлэх хүснэ гэж заажээ.

Манай улсад гадаадын дипломат ажилтан 298, захиргаа, техник, үйлчилгээний 360, олон улсын байгууллагын 67, гадаадын хэвлэл, мэдээллийн 24 ажилтан тус тус ажиллаж байна.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.