Монгол улс 2015 он гэхэд нэг сая түүхий нефть боловсруулна
2011.06.16

Монгол улс 2015 он гэхэд нэг сая түүхий нефть боловсруулна

Манай улс бүх л зүйлээ гадаадаас авдгийн хар гай гарч байна. Өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж, дээр дооргүй сандралдаж, хөрш орнуудаасаа гуйж буй зүйл бол бензин, шатахуун. ОХУ-аас шатахууны хувьд 100 хувь хараат манай улсын хувьд үнэхээр гишгэх газаргүй болов. Харин үүнтэй зэрэгцээд чаддаг, чаддаггүй нь эс мэдэгдэх нөхдүүд газрын тос боловсруулах үйлдвэр барих ёстой хэмээн дөвчигнөх боллоо. Харин нөгөө хэсэг нь, манайд газрын тосны үйлдвэр барих боломжгүй гэх.

Тэгвэл салбарын сайд, газрын дарга, УИХ, Засгийн газар, мэргэжлийн хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өчигдөр өрнөв. Хэлэлцүүлгийн гол санаа нь манай улсад газрын тосны үйлдвэр барих боломжтой юу. Боломжтой бол хэрхэн барих, арга зам байгаад дээрх салбарынхан хариулт өгсөн юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай олон жил ярьж байгаа. Барих бүрэн боломжтой. Хамгийн гол нь одоогийн Засгийн газрын арчаагүй байдлаас болоод энэ ажил олон жил хойшилж, улиг болж байгаа юм. Саяхан Д.Арвин, Н.Ганбямба бид хэдийн боловсруулсан тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Харин одоо Засгийн газар үүнд ташуур өгөх хэрэгтэй байна.

Миний хувьд газрын тосны үйлдвэрийг бүсчилсэн хэлбэрээр барих нь зөв гэж бодож байгаа юм. Зүүн бүсэд л гэхэд Тамсагийн ордыг түшиглээд үйлдвэр барихад зүүн гурван аймгаа хангахаас гадна илүү гарсан түлшээ төвийн бүс рүү явуулах боломжтой. Ингээд үйлдвэр барих гэхээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт газрын тос боловсруулах үйлдвэрт төрийн оролцоо байх ёстой гээд байгаа юм. Аж ахуйн нэгжүүд нь хийе гээд байхад төр оролцоно гээд хориод байж болохгүй шүү дээ.

Газрын тосны газрын дарга А.Амарсайхан:

-Анхны үйлдвэр барих санал 2000 оноос эхэлсэн.Үүнээс хойш 17 аж ахуйн нэгж Монгол Улсад газрын тосны үйлдвэр барих саналаа манай байгууллагад өгсөн байдаг юм. Бид болно, болохгүй гэдэг дүгнэлтийг нь мэргэжлийн байгууллагаар гаргуулаад хариуг нь өгдөг юм.ТЭЗҮ-ийг харж байгаад 13 аж ахуйн нэгжид нь боломжтой гэсэн хариу авсан байгаа. Тухайн үеийн Үйлдвэр худалдааны яамныхан тусгай зөвшөөрлийг нь олгосон байдаг. Тэр 13-аас өнөөдөр дөрвөн аж ахуйн нэгжийнх нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Ямар ч байсан 2015 он гэхэд Монгол Улс нэг сая тонн түүхий нефть боловсруулна.

ЭБЭХ-ний сайд А.Зоригт:

-Үйлдвэр барих асуудлыг нэлээд өргөн хүрээтэй харах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрээ барихгүй л байна шүү дээ. Тэгэхээр яагаад зөвшөөрлийг нь өгчхөөд байхад үйлдвэрээ барихгүй байна. Яагаад өнөөдөр Монгол Улсад газрын тосны үйлдвэр баригдахгүй байгаа юм бэ гэвэл газрын тосныхоо нөөцийг дөнгөж өнгөрсөн жил тогтоосон.Аль1990-ээд оноос хойш л энэ талаар хууль баталж, хайгуул хийж ирсэн. Баталсан нөөц нь одоо яригдаж байгаа шиг том үйлдвэрт хүрэлцэхгүй.

Бид сүүлийн үед сэтгэлийн хөөрөлд автагдаад байна. Хэн хийх вэ, ямар хөрөнгөөр хийх үү, эдийн засгийн ямар үр дагавартай байх вэ гэдэг нь чухал.Тамсагийн бүсэд ойролцоогоор 120 сая тонн гэж байгаа ч үйлдвэрийн нөхцөлд боловсруулж болох нь 19 сая л тонн. Үүнийг үндэслээд том үйлдвэр барья гэвэл боломжгүй зүйл.Тэгэхээр эхний ээлжид зүүн гурван аймгийнхаа хэрэгцээг хангах жижиг үйлдвэрийг барих саналыг Засгийн газарт өгсөн, журмын дагуу явна. Өөрөөр хэлбэл, үүнд төр оролцоно.

-Яагаад. Хувийн хэвшлийнхэн дангаараа барих боломжгүй юмуу?

-Тусгай зөвшөөрлөө хоёр, гурван жилийн өмнө авсан аж ахуйн нэгжүүд яагаад үйлдвэрээ өдий болтол барихгүй байна вэ гэхээр эдийн засгийн хувьд ашиггүй байгаа юм. Нэг талаасаа нөөц нь баталгаагүй, нөгөө талаас эдийн засгийн алдагдалтай байгаа. Алдагдалтай байгаа зүйл нь тээвэрлэлт. Энэ эрсдэлийг төр хуваалцаж байгаа юм. Газрын тосны салбар нь стратегийн ач холбогдолтой юм.

Өнгөрсөн жил нөөцөө баталгаажуулж авсны дараа бид тооцоо судалгаа хийж үзэхэд эдийн засгийн хувьд удаан. Түүхий эдийнхээ хангамжийг найдвартай байлгахын тулд төр эхний үе шатанд оролцож авч яваад, цаашид хувийн хэвшлийнхэнд хүлээлгэж өгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн төр оролцвол гарсан бүтээгдэхүүн нь хямд байх болно. Эдийн засгийн хувьд баталгаатай байна шүү дээ.

"Хэт" ХХК-ийн дэдзахирал Б.Хүдэр-Ян:

-Манай компани энэ асуудлыг нэлээн дээрээс судалж эхэлсэн. Нөөц батлагдсан болохоор бид үйлдвэр барина.ТЭЗҮ-ээ баталсан. Жижиг үйлдвэр барина. Жилийн 120 мянган тонныг боловсруулах чадалтай. Сая дуудлага худалдаагаар орж Дорнод аймгийн Булган суманд аймгийн төвөөс урагш 20 орчим км-ын зайтай газар авсан. Одоо АНУ-д үйлдвэрээ, тоног төхөөрөмжөө  захиалах шатандаа явж байна. Үйлдвэрийн нийт өртөг нь 51 гаруй сая ам.доллар.

"Мон секью" компанийнзахирал А.Намжилл:

-2005 онд Хятадын гурван компани Бээжинд цуглаан Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн мэдээлэл цацагдсан. Тухай үеийн Үйлдвэр худалдааны сайдтай уулзаж газрын тос боловсруулах үйлдвэрийн хятадууд барих эрхгүй зөвхөн дотоодын компани байх ёстой гэж хэлсэн нь Хэрэв хятадууд үйлдвэр барьсан бол манайх хятадын бүрэн хараат болох байв.Тэгээд үйлдвэр барих асуудлаа Японы Засгийн газрын банк,Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы тоё инженерийн корпорацид асуудал тавьж ярилцсан. Ингээд 2007 онд Японы Засгийн газрын банк санхүүжилтээр  2008  онд ТЭЗҮ-ээ боловсруулсан юм.

-Том үйлдвэр барихаар түүхий эдээ гадаадаас оруулж ирнэ.Тэгэхээр хараатаас хараат руу шилжинэ гэсэн үг юм бишүү?

-Түүхий нефтээс хараат байх, бэлэн бүтээгдэхүүн хараат байх тэс өөр асуудал Дэлхий дээр Апекийн гишүүн орон гэхэд 20 гаруй, цаана нь 10 гаруй улс байгаа.Тэгэх бусад нь импортын түүхий нефть боловсруулж байна. Манайх өнгөрсөн онд 295 мянган тонн, энэ жил 336 мянган тонн түүхий нефть олборлосон байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.