2010.09.22

Хуулиа шинэчилж, хөгжлийн үүд нээж өгөхийг хүсэв

Дорнод аймгийн Матад сумаас олборлосон газрын тосоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийн энгэрээ мялааж зогссон мөчийг уншигчид санаж буй биз ээ. Эрчим хүчээ эх орондоо үйлдвэрлэж, ашиг шимийг нь улс орноороо хүртэх сайхан мөрөөдөл тэгэхэд хүн бүрт төрж байсан. Харамсалтай нь тэр цагаас хойш 12 жил өнгөрөхөд энэ мөрөөдөл биелсэнгүй. Үүний гол шалтгаан хууль эрх зүйтэй холбогдож буй аж. 1991 онд баталсан Газрын тосны тухай хууль Ашигт малтмалын болон Татварын ерөнхий хуультай зөрчилдөж, орон нутгийнхан үүнээс болоод газрын тосны үр шимийг хүртэх боломжгүй болсон юм байна. Одоогоор Дорнод, Дорноговь аймагт газрын тос олборлож буй.Тэгвэл гомдол дагуулсан дээрх хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж буй юм байна. Тиймээс орон нутгийнхан, цаашлаад Монгол Улсдаа ашиг тусыг нь шингээх талаар дээрх хоёр аймгийн төлөөллүүд саналаа нэмэрлэхээр нийслэлд иржээ. Тэд саналаа өчигдөр Дорнод, Дорноговиос сонгогдсон Я.Батсуурь, Ж.Батсуурь, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр нарын гишүүнд танилцуулав.

Эдүгээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн “Гэрээлэгч нь газрын тос олборлосны төлбөрийг улсад төлнө. Төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно" гэх мэт заалт нь аймаг, сумын эрх ашгийг хохироож буйг тэд уламжиллаа. Хайгуулын явцад газрын тос илэрсэн цооногуудаас нефтийг туршилт нэрийн дор олборлон БНХАУ руу экспортолж буй аж. 12 жилийн хугацаанд олон мянган баррель нефтийг орон нутагт нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр хил давуулжээ. Орон нутагт нь ямар ч татвар төлдөггүй атал нефть олборлож, тээвэрлэх явцад Мэнэнгийн тал талхлагдан, шороон "манан" татаж, зээрийн сүрэг дайжиж орхижээ.

Тиймээс орон нутгийнхан нь энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хавдуулахыг зорьсон байна. Шингэн "хар алт" сандайлсан атлаа Дорнод аймаг хүний хөгжлийн индексээрээ улсад сүүлээсээ гуравт ордог аж. Мөн шатах, тослох материалаа ОХУ-аас төмөр замаар шууд импортолдог ч шатахуун, дизелийн үнэ нийслэлийнхээс 100-150 төгрөгөөр илүү байдаг гэнэ.Дорноговь, Дорнод аймгийнхан шинэчлэн найруулж буй хуулийн төсөлд ямар санал тусгах талаар иргэд, мэргэжлийн байгууллагынхыхаа дунд хэлэлцүүлэг явуулж саналыг нь нэгтгээд авчирчээ. Тойргоос нь сонгогдсон хоёр Батсуурь, Д.Одбаяр нарын гипгүүдээсээтэд энэ асуудлыг цааш нь уламжлан шийдэж өгөхийг аминчлан хүссэн. Тэд газрын тосыг түүхийгээр нь биш боловсруулж гаргах, үүний тулд эх орондоо нефть, химийн үйлдвэр байгуулах, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт хуваарилна гэсэн санал оруулах хүсэлтэй байв. Энэхүү татвар нь тухайн орон нутгийн жилийн төсвийн дүнг гурав дахин өсгөснөөс ихгүй байх нь. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны, олборлолт эхэлсний, нэмэгдүүлсний, сургалтын урамшуулал, төлөөлөгчийн болон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна хэмээн хуулийн 32 дугаар зүйлийг өөрчлөх саналаа илэрхийллээ.

Байгаль орчныг нөхөн сэргээх зардлын 50 хувийг тухайн сумын Засаг даргын Тамгын газрын тусгай дансанд ажил эхлэхийн өмнө байршуулах ёстой гэж үзжээ. Түүнчлэн хэдий хэмжээний газрын тосыг ямар технологиор олборлоод хэрхэн хил давуулж буйг тодорхой мэдэхгазаргүй, хяналтгүй байгаад анхаарах ёстойг сануулсан юм. Өөрөөр хэлбэл, орон нутаг, Монтол Улсын эрх ашгийг гэхээсээ харийнхныг дэмжээд байгааг шүүмжлэв. Нэг ёсондоо орон нутгийн давуу талыг тусгасан, байгаль орчинд ээлтэй хууль батлаасай гэж хүссэн байна. Яамнаас боловсруулсан төсөлд дэвшил бий ч дутуу дулимаг зүйл нэлээд байсан учир тэд саналаа нэмэрлэхээр ирсэн аж. Гишүүд нь ч асуудалд анхаарахаа мэдэгдлээ.Дорнод, Дорноговь аймгийн төлөөллүүд өнөөдөр Газрын тосны газрынхан болон төсөл санаачлагч бусад хүнтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцах гэнэ. Мөн саналыг нь хуульдаа тусгаж, ажил хэрэг болгон орон нутагт хөгжлийн үүдийг нээж өгнө гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

С.ТУУЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.