893 бие даагчийн 10 нь дүүргүүдэд өрсөлдөнө
2012.11.07

893 бие даагчийн 10 нь дүүргүүдэд өрсөлдөнө

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа орон даяар өчигдөр эхэллээ. Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн сонгуулийн бэлтгэл ажил эхэлжээ. Энэ удаагийн сонгуульд хэчнээн суудлын төлөө хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байгаа  болон зарим холбоотой баримтуудаар тоон мэдээ бэлтгэлээ.
  • 19400 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсний 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байна.

  • Нэр дэвшигчдийн 893 нь бие даан нэрээ дэвшүүлжээ. Тэдний дийлэнх нь буюу 883 нь аймаг, сумдад, 10 нь нийслэлийн дүүргүүдэд нэрээ дэвшүүлсэн байна.

  • МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэн батламжаа авчээ.

  • Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нийт суудлын тоо 8108. Үүнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын тоо 745, дүүргийнх 295, сумынх 7068 аж.

  • Дээр дурдсан нийт суудлын 5241-ийг мажоритар хэлбэрээр сонгоно. Харин үлдэж буй 2779-ыг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгох юм.

  • УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн сурталчилгааг  цөөхөн хоногт хийнэ. Хуульд зааснаар нэр дэвшигчид 14 хоногийн сурталчилгаа явуулах эрхтэй.

  • Сонгуулийн хууль зөрчсөн тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.

  • Аймаг, сум, дүүргийн хэмжээнд санал авах, дүн гаргахаар 2010 хэсэг бай­гуулагдан ажиллаж байна. Хэсгийг сонгогчийн тоотой уялдуулж байгуулдаг. Тухайлбал, нэг хэсэг нь суманд 2000, аймгийн төвд 2500, дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байх юм.

  • Санал авах өдөр буюу энэ сарын 21-нд бүх нийтээр амарна. Энэ өдөр сонгогчдын саналыг 07.00- 22.00 цаг хүртэл авна.

  • УИХ-ын 33 дугаар тогтоолд заасны дагуу энэ удаагийн сонгуульд автомат машин ашиглана. СЕХ 2500 ширхэг ICP загварын санал хураах машинтай аж. Үүний 2010-ыг нь хэсгийн хороодод хуваарилж, үлдсэнийг нь сонгогч олонтой хэсгүүдэд болон машин нь эвдэрсэн, гацсан тохиолдолд өгөх юм байна.

  • Сонгогчдын саналын хуудасны загварыг СЕХ баталж аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод явуулан нэр дэвшигчдийн нэрийг бичүүлж авчээ. Нэр дэвшигчдийн болон нам, эвслийн нэрийг тулгаж нягтлаад хэвлэлтэд шилжүүлээд буй гэнэ. УИХ-ын сонгуулийн саналын хуудастай ойролцоо загвартай аж.

  • Аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчид саналын хуудасны нэг нүүрэн дээр бичигдэнэ. Саналын хуудасны дээд хэсэгт аймгийн ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр, доод хэсэгт нь сумын ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдэнэ.

  • Аймаг, дүүргийн сон­гуулийн хороод саналын хуудасны тоогоо баталж, СЕХ-нд ирүүлсэн бөгөөд нийт 1.8 сая гаруй саналын хуудас хэвлэх юм байна. Эл хуудсыг тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцаж хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг зохион байгуулах юм.

  • Сонгогчдын саналын хуудас тус бүрт заавар бичигдсэн аж. Уг зааварт хэдэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будахыг тодорхой бичсэн гэнэ.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас саналаа очиж өгч чадахгүй, мөн нийтийн дайчилгаанд хамрагдсан, баривчлагдан саатуулагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авна.

  • Санал хураалт дуусч, санал хураалтын дүнгийн тухай тогтоол гарсны дараа хяналтын тооллогыг хэсгийн хороо гараар тоолно.

  • Сум, баг, хороонд хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох нь.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.