Ч.Улаан: Томоохон шинэчлэлийг эхлүүлсэн хариуцлагатай төсөв боллоо
2012.11.12

Ч.Улаан: Томоохон шинэчлэлийг эхлүүлсэн хариуцлагатай төсөв боллоо

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай ирэх оны төсвийн тухай ярилцлаа.

-УИХ ын чуулганаар ирэх оны улсын төсөв батлагдлаа. Сангийн сайдын хувьд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль батлагдлаа. Улсын төсөвт хуулиар тавигддаг тусгай шаардлага, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хангахаар Засгийн газраас оруулсан санал дэмжигдэж хуульчлагдаж байна. Би Сангийн сайдын хувьд олон төсөв батлуулахад оролцож ирсэн. Янз бүр л байдаг байсан, энэ удаад сэтгэл ханамжтай байна. Яагаад гэвэл шинэ хууль эрх зүйн орчинд цоо шинэ арга аргачлалаар боловсруулсан, томоохон өөрчлөлтийг эхлүүлсэн төсөв юм.

Одоогоос 10 жилийн өмнө Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлуулж Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжиж, төсвийн нэгдсэн удирдлага, хяналтыг сайжруулж, бодлогыг дунд хугацаагаар тодорхойлж хэрэгжүүлдэг шинэчлэл хийгдэж амжилттай хэрэгжсэн. Улс орны хөгжил, эдийн засгийн цар хүрээг дагаад төсвийн шинэ механизм бий болгох шаардлага бий болсон.

Ирэх оноос төсвийн тухай багц хуулиуд батлагдсаны дагуу төсвийн төвлөрлийг сааруулж орон нутгийн эрхийг өргөтгөсөн, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн шинэ тогтолцоонд шилжинэ. Эдгээр шинэ хуулиудыг боловсруулж батлуулахад УИХ-ын ажлын хэсгийг ахалж, зарим ажлын хэсэгт оролцож анхнаас нь санаачлагчийн нэг болж ажилласны хувьд, шинэчлэлийн хуулиуд маань амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байгаагийн хувьд хэрэгжилтийг нь гардан зохион байгуулж, шинэчлэлийг эхлүүлэх боломж олдсонд баяртай байгаа юм. Сангийн сайдаар ажиллах саналыг хүлээж авахдаа ч ингэж л бодож байсан.

-УИХ-аар төсөв батлагдахдаа хэр их өөрчлөлт орсон бэ, хэлэлцүүлгийн үед янз бүрийн санал гарч байсан шүү дээ , Эцсийн дүндээ төсөв сайжирч чадсан уу, аль эсвэл чанар нь муудсан уу?

-Төсвийг намын бүлгүүд, байнгын хороод , ажлын хэсэг дээр хэлэлцүүлэх явцад хөрөнгө оруулалт, зарлага нэмэгдүүлэх, нийгмийн халамжид илүүтэй мөнгө хуваарилуулах санал гарч, зарим талаар ул суурьгүй улстөржилт ханхалж байна гэх шүүмжлэлд өртөж байсан. Учир мэдэх тулхтай хүмүүс хий уурссан улстөржилтөөр төсөвт хандаж болохгүй гэдгийг ч сануулж байсан.

Ер нь хэлэлцүүлэг халуухан болж өнгөрсөн. Харин төсвийн байнгын хороон дээр болон чуулганы хуралдаан дээр төсвийн гол шалгуур үзүүлэлтүүдийг эвдэхгүй, хуулийн тусгай шаардлагыг сулруулахгүй байхад анхаарч ажил хэрэгчээр хандаж байлаа. Засгийн газраас өргөн барьсан төсөвт дүнгээрээ 100 гаруй тэрбум төгрөгийн зарлага, үүний дотор урсгал зардал 30 тэрбумаар, хөрөнгө оруулалт 75 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 30- аад тэрбум төгрөгөөр орлого буурсан өөрчлөлт орж батлагдлаа.

Эдгээр өөрчлөлтийг төсвийн нийт дүн дотор нь шингээж зохицуулсан учир сайжирсан. Муудсан гэж дүгнэх нь зохимжгүй юм. Бодлогын хүрээнд зохицуулалт хийсэн, эрэмбэ дарааллыг өөрчилсөн, үе шаттайгаар хэрэгжүүлэх зарчим барьсан нь төсвийн тэнцвэртэй байдлыг хангах боломжийг бүрдүүлж өглөө. Бүхэлдээ томоохон шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон юм.

-Ирэх оны төсөв шинэчлэлийг эхлүүлсэн гэх ямар онцлогтой болсон. Шинэчлэлийн төсөв гэдэгт олон хүн эргэлзэж, итгэж ядаж байсан шүү дээ?

-Ирэх оны төсөв хууль, эрх зүйн шинэ орчинд, шинэ хандлага, шинэ арга аргачлалаар боловсрогдсон онцлогтой. Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Зээлийн батлан даалтын тухай зэрэг хуулиуд батлагдаж шинэ он гараад бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ.

Эдгээр хуулиудын шаардлагад нийцүүлэн төсвийг боловсруулсан, хуулийн дагуу хэлэлцэн батлагдлаа. Олон жил мөрдөж ирсэн журам аргачлал, хэвшмэл сэтгэлгээ, үр дүн муутай арга барил, буруу жишиг зуршлыг залруулж зөв гольдролд нь оруулах алхам хийснээрээ шинэлэг гэдэг нь тодорхойлогдож байна.

Тодорхой заримаас нь дурдвал:
-Төсвийн зарлагын өсөлт нь орлогын болон баялгийн үйлдвэрлэлийн өсөлтөөс байнга түрүүлж байсан буруу жишиг өөрчлөгдөн хязгаарлагдаж эдийн засгийн бодит өсөлт, инфляцитай илүүтэй уялдах эхлэл тавигдлаа,

-Төсөвт тавигдах тусгай шаардлагад нийцүүлэн бодлогоо тодорхойлж гадаад, дотоодын нөхцөл байдал, шийдвэр гаргалтын төвшинд бий болох таагүй нөлөөллөөс төсвийн үр дүнгийн үзүүлэлт тогтворгүй болдог байдал арилах эхлэл тавигдлаа,

-Нийгмийн хэт хавтгайрсан халамж, бэлэн мөнгө тараах харалган бодлогоос татгалзаж халамж үйлчилгээг зорилтот бүлэг, хүүхдэд төвлөрүүлснээр эдийн засагт бий болсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, үнийн дарамтыг саарууллаа,

-Хөрөнгө оруулалтын зардлын хэт тэлэлтийг хязгаарлаж хүчин чадал, зураг төсөв, тендер шалгаруулалтын бэлтгэлийг сайтар хангах журамд шилжсэнээр хөрөнгө оруулалтыг эдийн засгийн шингээх чадвартай уялдуулах, үр ашгийг дээшлүүлэх эхлэл тавигдлаа,

-Аймаг, орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нягтрал, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдмал байдал, татварын идэвх санаачлагын итгэлцүүрүүдэд тулгуурласан орлогын болон тусгай зориулалтын шилжүүлэгээр дэмжиж төсвийн орлого, татварын талаар ИТХ-д эрхийг өргөтгөх зэргээр орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, алсдаа төсөв, санхүүгийн хувьд биеийг нь даалгах чиглэлд томоохон алхам хийгдлээ. Төсвийг үндсээр нь өөрчлөөгүй гэж шүүмжилж болох ч аливаа бодлого уламжлал, шинэчлэлийн зарчмаар тодорхойлогддог болохыг эрх биш ойлгох байх. Ирэх оны төсвийн орлогын 30, зарлагын 40,орон нутгийн төсвийн 90 гаруй хувь нь шинэчлэлийн бодлого, механизмаар тодорхойлогдсон байгаа.

-Төсөвт үнэхээр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт орж байх шиг байна. Анхаарал төвлөрүүлж өөрчлөлт гаргаж чадаагүй, цаашид өөрчлөх ёстой ч үлдчихээд байгаа ямар асуудал байна?

-Бид бүх зүйлийг шинэчилсэн гэж хэлэхгүй, тийм бололцоо ч байгаагүй. Төсөв дээр шинэчилж эхэлснээсээ илүү цаашид шинэчлэх олон асуудал үлдсэн байгаа нь үнэн. Юуны өмнө ойрын үед бэлтгэгдэж байгаа зарим асуудлаас товчхон дурдъя. Тухайлбал, энэ оны төсөв татварын шинэ төрлийг бий болгоогүй, хувь хэмжээг нэмэгдүүлээгүй гэдгээрээ онцлогтой байсан. Татварын хоёр дахь үе шатны шинэчлэл хийхээр бэлтгэж байна.

Эхний шинэчлэлээр дөрвөн 10-ын тогтолцоонд шилжиж бизнесийн таатай орчин бүрдсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд хавтгайрсан, үр нөлөө багатай хөнгөлөлт чөлөөлөлт ихсэж татвараас зайлсхийх, татварын тэгш шударга байх зарчим алдагдах байдал газар авч байгааг хянаж өөрчлөх ёстой гэж үзэж байна. Одоо хуулиар 40-өөд төрлийн хөнгөлөлт, 180-аад төрлийн чөлөөлөлт үйлчилж байгаа бөгөөд нийт хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ нь нэг их наяд төгрөгт хүрч татварын орлогын 30 аад хувьтай тэнцэж байна.

Эдгээрийн дотор хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтгүй бизнесийн бус хөнгөлөлт, чөлөөлөлт дийлэнх хувийг эзэлж байгааг зөвтгөх аргагүй юм. Төсвийн орлогын дүнд татварын орлогын эзлэх хувь өндөр байгаа ч гааль, НӨАТ-ын орлого бодит дүнгээрээ өсөхгүй байна.

Эдийн засаг дахь татварын ачаалал өндөр, байнга нэмэгдсээр байгаа ч татварын бус орлого, хөрөнгийн орлого маш бага хувийг эзэлж байна. Цөөн тооны салбар, тэдгээрийг төлөөлсөн цөөн татвар төлөгчдөд ногдох ачаалал өсч, хувь хүний орлогын татварын нэгжид ногдох хэмжээ нэмэгдэж байгаа учир төсвийн орлогын бааз суурь, хамрах хүрээг өргөжүүлэх замаар татварыг жигд, шударгаар хуваарилах шаардлага тавигдаж байна.

Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр, Төсвөөр дамжуулан дахин хуваарилалтад орж байгаа орлогын хэмжээ байнга өсч байгаа ч төсвийн нэгдмэл байдал, үр дүнтэй удирдлага, оновчтой зохицуулалт хяналт дутагдсан хэвээр байна.

Улсын төсвийн зарлагын 30 гаруй хувь нь буюу 2,1 их наяд төгрөг ЗГ-ын 29 тусгай сангаар дамжин зарцуулагдаж байна.

Ихэнх тохиолдолд бие даасан зарчмаар ажилладаг энэ олон сан санхүүгийн хувьд үр ашиг багатай, төсвийн татаасаар санхүүжиж байна.

Тусгай сангууд болон төсвийн харилцаа ойлгомжгүй , ил тод биш , хяналтгүй байгаа байдлыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Ирэх оны төсвөөр орон нутгийн төсвийн дүн бараг гурав дахин нэмэгдэж, нийт төсвийн зарлагын дөрөвний нэгтэй тэнцэж байгаа ч аймгуудын суурь төсвийн чадавхи сул, улсын төсвөөс тусгай зориулалтын болон орлогын шилжүүлгээр дэмжлэг авч орон нутгийнхаа төсвийн алдагдлыг нөхдөг байдал арилаагүй байна.

Орон нутгийн төсвийн орлогын өсөлт, санхүүгийн дэмжлэг нь хүн амын тоо, алслагдсан байдал, хөгжлийн төвшинөөс хамаардаггүй зөвхөн том уурхай, хилийн боомтоос хамаарч байгааг өөрчлөх шаардлага тулгарч байна. Бодож төлөвлөх, сайжруулж шинэчлэх асуудал их байгаа ч цаг хугацаа давчуу байгаа нь хяслантай байна.

-Энэ оны төсөв эрсдэл ихтэй болох нь гэсэн шүүмжлэл хэлэлцүүлгийн үеэс л яригдаж байсан. Та ч гэсэн эрсдэл байгаа тухай хэлж байсан. Энэ байдал засарсан уу?

-Ирэх оны төсөвт эрсдэл гарах магадлал өндөр байгаа нь үнэн. Эрсдэл гэж төсвийн хуулиар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх явцад тохиолдож болох хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагавар, осол аюулыг дагуулж болох тодорхой бус байдлыг ойлгож байгаа юм л даа. Эрсдэл дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхой бус, хоёр том хөршийн маань эдийн засгийн өсөлт саарч байгаа, манай эдийн засгийн өрөөсгөл бүтэц, өмнөх жилүүдэд төсвийн зарлагыг хэт ихээр өсгөж инфляцийг хөөрөгдсөн зэрэг биднээс шууд хамаарахгүй шалтгаанаас үүдэлтэй байна. Эрсдэлийн шалтгаан, хүчин зүйлүүдийг тодорхойлж эрсдэлийг удирдах цогц бодлого гаргах шаардлага тавигдаж байна. Энэ үүднээс авч үзвэл; Төсөв бүхэлдээ нэг салбараас хараат байдалтай, инфляцийн төвшин буурч байгаа ч өндөр хэвээр байна. Гадаад валютын нөөц буурч төгрөгийн ханш тогтворгүй, ажилгүйдлийн төвшин буурч байгаа ч өндөр хэвээр байна.

Мөн зарлагын өсөлт саарсан ч орлогын өсөлтөөс түрүүлж байна. Экспорт огцом буурч гадаад худалдааны алдагдал өссөн. Татварын хамрах хүрээ, суурь нэмэгдэхгүй, хөрөнгө оруулалтын үр өгөөж дээшлэхгүй байна. Төсвийн алдагдлыг нөхөхөд өрөөс өөр эх үүсвэр алга. Өрийн дарамт буурч байгаа ч нийт хэмжээ нэмэгдсээр байна. Энэ бүхэн бол манай эдийн засгийн бодит байдлыг, төсөв эмзэг байгааг харуулж байгаа юм. Энэ бүхэн бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой эрсдэл. Үүнээс гадна бидний үйл ажиллагааны эрсдэл гэж бас бий. Төсвийн орлогоо бидний тооцож байгаа хэмжээндээ  бүрдүүлж чадахг үй байх, зарлагын өсөлтийг хянаж чадахгүй алдах магадлал өндөр байгаа нь нууц биш. Төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах явцад гарч болох үйл ажиллагааны дутагдал доголдол, удирдлага зохицуулалтгүй байдал, үрэлгэн салан задгай байдлаас сэргийлэхэд бүгдээрээ онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.

-Бодож төлөвлөсөн бодлого, үйл ажиллагаа хэрэгжихгүй эрсдэл тохиолдвол яах вэ. Бүсээ чангална гээд бүх юмаа зогсоох уу. Эрсдэлийг даван туулах, ядаж зөөлрүүлэх талаар төсөвтөө тусгасан зүйл байхгүй юу?

-Заавал эрсдэл тохиолдоно гэж санаагаар унаад байх шаардлагагүй. Огт эрсдэл тохиолдохгүй гэж хэн ч баталж чадахгүй нь ойлгомжтой. Болзошгүй эрсдэлд бэлэн байх, хохирол хүндрэлийг зөөлрүүлэх боломжийг тооцож төсөвт тусгах зарчим баримталсан юм. Төсвийн багц хуульд нийцүүлэн тусгай шаардлага,шалгуур үзүүлэлтийг хангаж төсөв боловсрогдож ,батлагдсан учир болзошгүй эрсдэлд тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн гэж ойлгоход болно.

Төсвийн тогтворжуулалтын сангаа нэмэгдүүлж 500 тэрбумд хүргэх зорилт тавьсан. Эрсдэл тохиолдож төсвийн алдагдал ихээр нэмэгдвэл энэ сангаасаа зарцуулж төсвөө тогтвортой байлгах арга хэмжээ авах боломжтой юм. Ямар ч эрсдэл тохиолдсон ард иргэдийг бүсээ чангалах байдалд хүргэх ёсгүй гэж үзэж байна. Нөхцөл байдалд нь тохируулаад засаг, санхүүгийн арга механизмаар шийдвэрлэх боломж үргэлж байдаг юм шүү дээ.

-Хөрөнгө оруулалт гэж ихээхэн маргаан үүсгэдэг асуудал байх юм. Уралдаад авахаа л мэдэхээс биш хөрөнгө оруулалтын үр өгөөж ямар байна гэдэгт анхаарахаа больжээ. Ер нь үр ашиг гэдэг асуудал төр, засгийн анхаарлын гадна гарчихсан юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын асуудал олон хүний анхаарал татдаг нь зүйн хэрэг. Гэхдээ яаж тойрогтоо, салбартаа их хөрөнгө оруулалт хуваарилуулж авах вэ, яаж хуваарилсан хэмжээг нэмэгдүүлэх вэ гэдэг талаас нь л голдуу асуудалд ханддаг нь харамсалтай. Энэ байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудал орхигдоод удаж байна. Энэ байдалд дүгнэлт хийж Төсвийн тухай хуульд маш тодорхой, нилээд хатуухан зохицуулалтыг хийж өгсөн. Хуулиа мөрдөж ажилласнаар хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэх боломж бүрдэж байна. УИХ-ын гишүүдийн гэж нэрлэгддэг 76 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг цуцалж байгаа нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тоог нэмэгдүүлж, хэмжээг жижигрүүлж ,барилгын хугацааг сунжруулдаг буруу жишгийг халах зорилготой байсан юм.

Улсын төсвийн хөрөнг ө оруулалтын технологийн бүтцийг боловсронгуй болгоход анхаарч байна. 2013 онд нийт хөрөнгө оруулалтын 45 хувийг дэд бүтцийн салбарт, 20 гаруй хувийг нийгмийн салбарт, 10 гаруй хувийг хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт,мөн 25 орчим хувийг төрийн болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд зориулагдаж байна. Цаашид хөрөнгө оруулалтын органик бүтцийг сайжруулахад онцгой анхаарах шаардлага тулгараад байна.

Ирэх онд хийгдэх нийт хөрөнгө оруулалтын 75 хувь нь өмнөх онуудаас дамжин хэрэгжих арга хэмжээнд зориулагдаж байгаа бөгөөд 20 хувь нь л шинээр эхлэх төсөл арга хэмжээнд зориулагдана. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг олон жилээр сунжруулдаг, төсөв зардлыг нь зохиомлоор өсгөдөг, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг гажуудуулдаг байдлыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна.

-Шинэ оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад юуг анхаарах вэ. Ер нь бэлтгэл ажил хэр хийгдэж байгаа вэ. Шинэ хуулийн орчинд шинэ аргачлалаар боловсруулсан төсөв учир өөр аргаар ажиллах шаардлага тулгарч байна уу?

-Батлагдсан төсөв маань өмнөх жилүүдийн төсвөөс эрс ялгаатай, цоо шинэ зарчмаар боловсруулсан учраас хуучин арга барил, хэвшмэл ойлголтоор хандаж болохгүй . Төсвийн бүх шатны эрх баригчид төсвийнхөө утга агуулга, мөн чанар, онцлогыг бүрэн танин мэдэж өөрийн болгохоос эхлээд хэрэгжилтийг зохион байгуулах арга механизмаа зөв хэрэглэж цаг нартай уралдан үр дүнтэй ажиллах хариуцлага тулгарлаа. Маш энгийн жишээ дурдахад Өмнөговь аймгийн байгаль хамгаалах үйл ажиллагааны нийт зардал энэ онд 200-гаад сая төгрөг байсан бол ирэх жил 14 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа юм.

Асар их хөрөнгө зарцуулах эрхийг дагаад асар их үүрэг хариуцлага очиж байгаа нь тодорхой байгаа биз дээ. Тэгэхээр өмнө нь багахан төсвөөр туйлын хязгаарлагдмал зорилтыг хэрэгжүүлж байсан хүмүүс маань ийм их ачаалал, үүрэг хариуцлагыг шууд үүрэхэд олон зүйлийг шинээр хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Бодит ажил дээр шинэчлэл ингэж л мэдрэгдэж байх жишээтэй.

Төсвийн төсөл доторх даруухан томъёолол, зөв хандлага, тууштай зарчим, зоригтой эхлэлүүд бодит ажил болж хэрэгжихээрээ агуулга нь гүнзгийрч, цар хүрээ нь тэлж, ирээдүй нь тодроод томоохон шинэчлэл болж хувирдгийг дээрх ганцхан жишээнээс мэдэрч болохоор байгаа биз дээ. Бодлогын баримт бичиг дотроос хүн бүр үүнийг олж харж мэдрээгүй байж болох ч хэрэгжээд ирэхээр мэдрэх болно. Ийм том шинэчлэлийг хуучин хэвшмэл хандлага, арга барил, механизмаар үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй учир бүгдээрээ шинэчлэгдэх шаардлагатай болж байгаа юм шүү дээ.

Сангийн яам саяхан бүх аймаг, хот, яам, тусгай газруудын санхүү эдийн засаг, төрийн сангийн газар, хэлтэс, ажил хариуцсан хүмүүсийг ирүүлэн сургалт, семинар хийж аймаг, орон нутгийн төсвөө батлуулах, төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар ярилцан ойлголт, байр суурь, арга тактикаа нэгтгэн төсвийн хуулиа хэрэгжүүлэх ажилдаа ороод байна.

-Он гараад төсөвт тодотгол хийх юм гэсэн яриа бас гарчээ. Төсвөө дөнгөж баталж байхдаа түүнийгээ өөрчилнө, тодотгоно гэж байгаа нь хэр зохимжтой юм бэ. Чанар муутай, “богино настай” төсөв боллоо гээд анхаарал сулрах юм биш үү?

-Батлагдсан төсөвт эрсдэл тохиолдох магадлал өндөр байгаа тухай дээр дурдсан шүү дээ. Хэрэв биднээс шууд хамаарахгүй шалтгаанаар төсөвт нөлөөлөхүйц өөрчлөлт гарвал бодит байдалд нийцүүлэн тодотгон засварлахаас өөр аргагүй болно гэдэг агуулгаар энэ асуудал яригдаж байгаа болов уу. Түүнээс биш батлагдсан төсвийн шалгуур талаас бол ийм дүгнэлт гарахгүй л дээ. Эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед төсөвт ч гэсэн засч сайжруулах, илүү оновчтой, үр ашигтай болгох хувилбарыг сонгох шаардлага байгаа. Амьдрал баян шүү дээ. Төсөв бол бодитой, бүтээлч, дайчлагч чанартай байх ёстой юм.

Төсвийг бодлого болгон боловсруулна, шүүн хэлэлцэж батлана, зохион байгуулж хэрэгжүүлнэ гэдэг бол нийгмийн баялгаас ахиухан хуваарилуулан авахын төлөөх улс төржсөн тэмцэлдээн, дураараа зарцуулах хяналтгүй эрх мэдэл, албан тушаалтны эдлэх хангамж огт биш шүү. Хуулиар тодорхойлогдсон хязгаарлагдмал нөөц хөрөнгөөр тулгамдсан асуудал, хөгжил дэвшлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг даалгавар, ард түмний өмнө хүлээх хариуцлага юм. Улсын төсвийн хэрэгжилт бол бүх нийтийн үйл хэрэг байх учиртай. Татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн төсвийг хуулиар эрх олгогдсон төсвийн эрх захирагчид ард түмний хяналтын дор захиран зарцуулж, тайлагнаж үр дүнг нь хариуцах болно. Төсвийн эрх захирагчид гэдэг нь бүх шатны төрийн болон төсөвт байгууллагуудын дарга нар байдаг учраас ирэх оны төсвөөр төсвийн эрх захирагч нарт шинэ үүрэг зорилт, хариуцлага ногдож байна.

Дашрамд хэлэхэд, шинэчлэлийн төсвийн хувь заяаг шийдвэрлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн төсвийн эрх захирагчиддаа амжилт хүсье. Сангийн яамныхан бид бүх шатны төсвийн эрх захирагчид та бүхэндээ итгэж байна, бүх талаар тусалж дэмжиж ажиллах болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.