С.Эрдэнэ сайд амралтын өдрүүдээр Хан-Уул дүүрэгт ажиллав.
2012.11.13

С.Эрдэнэ сайд амралтын өдрүүдээр Хан-Уул дүүрэгт ажиллав.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргал нар өнгөрсөн амралтын өдрүүдээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар, Халамжийн газруудаар явж, ажил байдалтай нь танилцлаа.

Хан-Уул дүүргийн Нийгмийн Даатгалын газрынхан 22 мянган аж ахуй нэгжтэй харьцдаг ба 60 орчим мянган даатгуулагч, 13600 орчим тэтгэвэр авагчтай гэнэ.

Мөн өөрийн гэсэн байртай, ажиллах таатай орчинтой гээд тэдэнд давуу тал олон байлаа.

Харин салбарын сайд тэдэнтэй уулзахдаа хүнд сурталгүй, харилцааны соёлтой ажиллахыг сануулсан юм. Ингэхдээ Нийгмийн даатгалын газрынхан бол иргэдэд хамгийн ойрхон байж, шуурхай үйлчлэх ёстойг дурдлаа.

Мөн Хан-Уул дүүргийн Халамжийн газрынхантай уулзаж, ойрын үед хийх ажил болоод ажиллах орчны талаар ярилцав.

Тус дүүргийн Халамжийн газрынхан зорилтот бүлгээ оновчтой тодорхойлохын тулд нарийвчилсан судалгаа хийснээ энэ үеэр танилцуулав.

Мөн эмзэг бүлгийнхэн болоод гэр оронгүй хүмүүст үйлчилдэг халуун хоолны үйлчилгээг сайжруулж, тодорхой цагт нэг цэгт үйлчилдэг болгохоор саналаа дэвшүүлсэн юм.

Мөн нөхөн сэргээх, сэргээн засах төв байгуулах тухай санал бодлоо солилцсон юм.

Үүнээс гадна цаашид барилгын зураг төслийн мөнгө хэмнэж, нэг зураг төслөөр шинээр баригдах бүх дүүргийн Халамжийн газруудын байрыг барих боломж бий хэмээн энд дурдсан билээ.

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргал нар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгал, Халамжийн газрынхны саналыг нэг бүрчлэн сонсч, хэрхэн шийдвэрлэх гарцыг ч бас хамтдаа тодорхойлж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.