ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга
2012.11.27

100 мянган айлын орон сууц хөтөлбөр Чех улстай хамтрана

"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд хот, хөдөөгүй бүтээн босголт өрнөж байна.

Бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журмыг батлав. Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар шийдвэрлэсэн.

Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр бүрдэх хүртэл хугацаанд арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд байна.

Энэхүү журмын дагуу иргэд 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргана. Тухайн зээлдэгч 50 сая төгрөгийн зээл авахын тулд орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байх шаардлагатай бөгөөд “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хүртээх хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно.

Иргэдийн худалдан авсан орон сууц “100 мянган айлын орон сууц”-ны жагсаалтад хамрагдсан байх ёстой.

“100 мянган айлын орон сууц”-ны төслийн хүрээнд 75 мянга нь Улаанбаатарт, 25 мянга нь орон нутагт баригдаж байна.

100 мянган айлын орон сууцны хотхон, хорооллууд баригдсанаар хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлагад нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж Улаанбаатар хотын агаарын бохирдол буурч, шилжилт хөдөлгөөн ч саарна.

Эхний жагсаалтад 79 мянган айлын орон сууцны барилга байсныг 44700-гаар нэмж нийт 124 мянга гаруй айлын орон сууцны барилга хөтөлбөрт хамрагдах боллоо. (Энэ тоо цаашид өснө) Ингэснээр иргэдийн сонголт нэмэгдэж буй сайн талтай.

Жагсаалтад нэмж орсон 44700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуу 55 ам метр хүртэл талбайтай орон сууц юм.