Швейцарийн компани Монголд жоншны баяжмал гаргах үйлдвэр барина
Швейцарийн "Steinbock Minerals" Монголд худалдаж авсан орд дээрээ жилд 14 мянган тонн хайлуур жоншны баяжмал гаргах үйлдвэр барих гэж байна. Тус компани үйлдвэрлэсэн баяжмалаа Хятад руу гаргахаар телөвлөж байгаа аж. "Steinbock Minerals''-ийн худалдаж авсан орд нь Багануур дүүрэгт байрладаг юм байна. Монголын хайлуур жоншны салбарт хөрөнгө оруулагч томоохон компани болох урд хөршийн “Tianjin Steyuan Minerals" компанийн төлөөлөгч "Монголын хайлуур жоншны нийт экспорт ойрын жилүүдэд Хятадын түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх хомсдолтой байдлыг нөхнө" гэж мэдэгджээ.
МҮХАҮТ-ын Бизнес, гадаад худалдааны сургалт, судалгааны газрын мэдээлж байгаагаар манай улс дэлхийн экспортын 30 гаруй хувийг эзэлж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна.
Манай улс өнгөрсөн онуудад нийт 73826.0 мянган ам.долларын хайлуур жонш гаргасан.
Сонирхуулж хэлэхэд Монгол Улс экспортолсон хайлуур жоншныхоо 66.1 хувийг ОХУ-д, 15 хувийг Украйнд, 8.2 хувийг Хятадад, 5.3 хувийг Голланд, 4.2 хувийг БНСУ-д, үлдэх хувийг Киргиз, Япон, Унгар, Тайланд, Румын, Словак зэрэг улсад гаргаж байгаа аж. Нэг тонн бүтээгдэхүүний экспортын үнэ дэлхийн дундаж ханшаар 192 ам.доллар байгаа бол манай улс хамгийн өндөр үнээр буюу 389 ам.доллараар Украйнд, 330 ам.доллараар Румынд, 298 ам.доллараар Унгарт, харин хамгийн хямд буюу 113 ам.доллараар өмнөд хөрш БНХАУ-д борлуулжээ.