Ц.Баярсайхан: Зургаан хувийн хүүтэй зээл тооцоо, үндэслэл муутай юм билээ
100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас тодрууллаа.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар шатандаа явж байна вэ?
-Өнгөрсөн сарын 30-ны байдлаар ОССК-д 4083 иргэн орон сууцны зээл хүсч материалаа өгсөн байна. Үүнээс шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг ОССК зөвшөөрч, материалыг нь Төрийн банкинд хүргүүлээд байгаа юм билээ. Харин 1081 иргэнд Төрийн банкнаас зээл өгч, 970 иргэний материалыг дахин судлуулахаар хойшлуулсан гэсэн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас өгсөн 50 тэрбум төгрөгийн санхүүжилт нь дуусч, урьдчилгаа төлбөрөө төлсөн 705 иргэн "Зээлийн эх үүсвэргүй" гэсэн шалтгаанаар зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах бололцоогүй байна.
-Энэ хүмүүс зээл нь батлагдсан ч Төрийн банк санхүүгийн эх үүсвэргүйгээс байрандаа орж чадаагүй байгаа. Тиймээс Засгийн газар нэмж мөнгө гаргах боломж бий юү?
-Энэ 705 иргэний зээлийн асуудлыг 30 тэрбум төгрөг байвал шийдчих бололцоотой юм билээ. Тиймээс Засгийн газарт асуудал оруулж, ирэх бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдүүлэхийг зорьж байна.
-Цаашдаа яах вэ. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлэх үү?
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны ззэл тооцоо үндэслэл муутай юм билээ. Ер нь УИХ-ын сонгуулийн шоу байдлаар хийсэн учраас цаашид энэ тогтолцоогоор явахад хүндрэлтэй.
Учир нь, Хөгжлийн банкнаас авсан 50 тэрбум төгрөг таван жилийн хугацаатай 5,75 хувийн хүүтэй зээл. Үүнийг ам.доллараар тооцож эргүүлэн төлж байгаа.
Гэтэл олгож байгаа зээл нь төгрөгөөр тооцсон зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, Энэ нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газар орон сууцны зээлийн механизмыг боловсронгуй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайд өөрөө Иргэдийгорон сууцжуулах үндэсний хороог ахалж байгаа. Харин миний бие орон сууцны шинэ хотхон, хороолол барих болон ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хзсгийг ахалж байгаа. Үүнээс гадна Гэр хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг хотын мээр Э.Бат-Үүл ахалж байгааг хэлэх хэрэгтэй.
-Тэгэхээр иргэдээ орон сууцжуулах Засгийн газрын хөтөлбөрт өөрчлөлт орох нь ээ?
-Нэг удаагийн арга хэмжээ авахгүй. Цаашдаа ямар ч төр засгийн үед тогтвортой хэрэгжих зөв механизмыг хийе гэж бодож байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцыг түлхүү барина. Дээр нь залуу гэр бүлийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Жишээ нь, хуучин орон сууцыг акталж шинээр орон сууц барихдаа хуучин орон сууц байсан газрыг амьдарч байгаа хүмүүст эзэмшүүлэх, улмаар шинээр баригдах орон сууцнаас олгох төслийг хэрэгжүүлье гэж бодож байгаа. Мөн зорилтот бүлгүүдийн орон сууцны хангамжийн асуудал ч бий. Тухайлбал, цэргийн албан хаагч, ахмад дайчид, олон хүүхэдтэй гэр бүл, 35-аас доош насны залуус гэж авч үзнэ. Өнөөдөр нийт 804 орчим тэрбум төгрөгийн орон сууцны моргейжийн зээлийг 26900 иргэнд олгосон дүн байна. Тиймээс бид моргейжийн хоёр дахь зах зээлийг бий болгох нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх, сангийн хөрөнгийг уг зах зээлд ашиглах, энэ чиглэлээр хуулиа боловсруулаад үндсэндээ дууслаа. Одоо санхүүгийн эх үүсвэрийг нь шийднэ. Хүү нь оновчтой, хугацаа нь бололцооны хөтөлбөрийг энэ ондоо багтаагаад олон нийтэд зарлахаар төлөвлөөд байна.
-Орон сууц шинээр барихад дэд бүтцийн асуудал тулгардаг. Үүнийг яаж шийдэх вэ?
-Ерөнхийдөө эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг дэмжих бодлого барина. Угсармал барилгууд дулааны алдагдал ихтэй байдаг шүү дээ. Тиймээс орон сууцны дулааны алдагдлыг багасгахын дэд станц шинээр нэмж барих хэрэгтэй. Ингэж чадвал дулааны станц нэмж барих ч шаардлагагүй юм билээ.