Ж.Энхбаяр: MAH ард түмнээсээ уучлалт гуйх ёстой
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Энхбаяр.
2012.12.06

Ж.Энхбаяр: MAH ард түмнээсээ уучлалт гуйх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МАН-ын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн гишүүд завсарлага авчихлаа. Танай намын бүлэг байгуулах асуудлыг ингэж хойш тавьж буй шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ?

-АН хуулиудыг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, улс төрийн томилгоонуудыг үргэлжлүүлэхийн тулд олон түмний хяналтаас ангид байх гэж манай намын бүлгийг баталгаажуулах асуудлыг хойшлуулж байна. Ардчилсан нийгмийн гол илэрхийлэл парламентын засаглал байдаг.

Энэ   нь   дотроо   олонх, цөөнх гэсэн системтэй. Олонх нь ажлаа хийж, цөөнх нь хяналт тавих зарчимтай. Гэтэл цөөнх болон ард түмний хяналт тавих боломжийг бүрдүүлэхгүй байна. Энэ нь тухайн улстөрийн намд ашигтай боловч ардчиллын үнэт зүйлсийг үгүйсгэж буй хэрэг.  

-Өвөрхангайн тойргийн асуудлаас болж МАН-ынхан улстөрийн ажлыг гацааж байна. Нэгэнт шүүхээр хууль зөрчсөн нь тогтоогдчихоод байхад ингэх шаардлага байна уу?

-Өвөрхангайн асуудал монголчуудын нүдэн дээр ил байгаа. МАН-аас нэр дэвшигчид АН-аас нэр дэвшсэн хоёр хүнээс хэдэн мянгаар илүү санал авсан. АН-ынхан өөрийнхөө хоёр хүний мөнгө тараасныг баримттай нь гаргаад тавьчихсан.

Гэтэл насанд хүрээгүй хүүхдээр сонгуулийн сурталчилгаа хийлгэсэн гэдгээр асуудлыг үгүйсгэж байгаа. Энэ нь ард түмний сонголтыг үл хүндэлж буй хэрэг. Сая орон нутгийн сонгуулиар Өвөрхангайнхан МАН-ыг дэмжиж асуудлыг нотолж өглөө. Энэ дүнгээр Өвөрхангайн ард түмэн «АН-ынхан биднийг бүү доромжил» гэдгийг маш сайн ойлгуулсан байх.

Сонгуулийн өмнөх хэт хийрхэл хэт үгүйсгэл, нийгмийг талцуулсан шийдвэрүүд нь Монголын ард түмнийг улстөрийн үйл ажиллагаанаас түлхэж байна. Орон нутгийн сонгуулиар АН-ынхан ирцийн 10 хувиар ялалт байгуулчхаад ингэж болохгүй. Энэ төрийн үйл ажиллагааг ард түмний 90 хувь нь зөвшөөрөхгүй байна шүү дээ.

-МАН-ынхан улстөрийн гол асуудалд завсарлага авчхаад ирц бүрдүүлэхгүй байна гэж бусад намын бүлгийн гишүүд шүүмжилж байна?

-Хуулийн маргаантай асуудлууд байхад чуулганд оролцох боломжгүй. Ард түмний сонголтыг үгүйсгэж, АН-аас нэр дэвшсэн хоёр хүнийг гишүүний тангараг өргүүлэх гэж байхад бид яаж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх юм бэ. Ингэвэл сонгууль явуулахын шаардлага юу байна. Тэр ардчиллын үнэт зүйлс хаана байна. Манай намын хувьд мөнгөөр улстөрийн сонгуульд оролцох эрхээ олж авдаггүйгээрээ АН-аас ялгаатай. Мөнгөөр тэр эрхийг худалддаг нам ч биш. Бид бүх шатнаасаа мөнгө төлж'байж сонгуульд ордог. Засгийн газар, УИХ-д олигархи гэгддэг хэт хөрөнгөжсөн хэсгүүд дийлэнх нь байна.

-Ер нь энэ улстөрийн эмх замбараагүй үйл явц, хүч түрсэн байдал, төрийн гацааг яаж зөв голдиролд нь оруулах ёстой юм бол?

-Өрсөлдөгчөө хүч түрж, олонхоор далимдуулан нэг хэсэг нь хууль шүүхийн байгууллагаар дарамталж, нөгөө хэсгийнх нь бүлэг байгуулах эрхийг хааж байна. Энэ нь ардчилсан үнэт зүйлсээс гажсан асуудал. Өөрөөр хэлбэл, нэг намын дарангуйлал тогтчихлоо.

20 жилийн хугацаанд бидний зорьж, хүссэн ардчилсан нийгэм энэ гэж үү. Асар хатуу харгис нийгэм гэдэг нь ойлгогдож байна шүү дээ.

Монголчуудын дийлэнх нь чадан ядан амьдарч байна. Гэтэл АН мөнгөтэй хэсгийг дэмжинэ гэдгээ ил тодоор зарлачихлаа. Тэр мөнгөтэй хэсэг Монголын нийгмийн нэг л хувь. Ерөнхий сайд нь «Та нар битгий ядуугаараа түрүү барь» гэж хэлсэн нь мөнгөтэй хэсгийг дэмжинэ гэж хэлж байгаатай ялгаагүй. Энэ нь үнэхээр АН-ын үнэт зүйл нь юм байна.

-Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног болж өнгөрлөө. Өнгөрсөн Засгийн газарт сайд байсан хүний хувьд энэ Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Батлан хамгаалах салбарын тухайд хэлэхэд миний сайд байсан хугацаанд эхэлсэн, хэрэгжүүлсэн ажлын жагсаалт л байна лээ. Гэхдээ одоогийн шинэ сайдын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан гарах болоогүй. Тэр баригдсан хөрөнгө оруулалтууд бүгд МАН-ын Засгийн газрын үед хийсэн ажил шүү. Гэхдээ тэгэх ёстой юм. Төрийн залгамж бодлого байх хэрэгтэй. Батлан хамгаалах салбарт хэт үгүйсгэл, хөөрцөглөл, улстөржсөн байдал харьцангуй бага байгаад баяртай байгаа.

Улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхээс биш ямар нэгэн улстөржилтөөр үйл ажиллагааг нь сулруулж, мэргэжлийн бус хүмүүсийг байршуулж, олон жил шат дараалан бэлтгэгдсэн цэргийн өндөр мэргэжилтнийг халж солих зохистой зүйл биш. Тэр ч үүднээс батлан хамгаалах салбарын 100 хоногийн ажлын тайланг харахад залгамж халааг алдаагүй байгаад сэтгэл хангалуун байна.

-Энэ удаагийн бүх шатны сонгуулиар МАН олонх болж чадсангүй. Энэ нь МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын үр дүн үү эсвэл өөр шалтгаан байгаа юу?

-Үүнд манай намын буруу бий. Бид ард түмнийхээ итгэлийг алдсан. Бид бурууг гаднаас хайх шаардлагагүй. Өөрсдөөсөө алдаагаа хайх ёстой гэж бодож байна.

Юуны өмнө МАН ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Монголчуудаа уучлаарай. Бид та нарынхаа итгэлийг алдлаа. Гэхдээ бид, ард түмнийхээ итгэлийг дахин олж авахын тулд хичээж ажиллана. Өмнөх шигээ ард түмнийхээ дуу хоолой болж явах болно. МАН юун дээр алдсан, оносноо олон түмнээсээ л олж мэднэ.

-Тэгэхээр ард түмнийхээ итгэлийг дахин олж авахын тулд яаж ажиллах ёстой гэж?

-Намд шинэчлэл хийнэ гэдэг дарга цэрэг солих асуудал биш. Дахин дахин хэлэхэд олон түмэндээ очиж хүсэл мөрөөдлийг нь сонсож, жаргал зовлонг нь ойлгож, мэдэрч, алдсан алдаагаа хүлээн зөвшөөрч, парламентад цөөнхийн үүргээ сайн биелүүлэх нь хамгийн гол асуудал.

Мөн татвар төлөгчдийн мөнгө зөв зарцуулагдаж байна уу, олонхын явуулж буй бодлого зөв үү гэдэгт хяналт тавих нь л чухал. Хамгийн гол нь МАН зөв байх ёстой. Ингэснээр ард түмэн биднийг дэмжих болно. Бид ихээхэн алдаа гаргасан нь ойлгомжтой. Тэр нь ард түмний сонголтоос харагдаж байна.

-МАХН-ын гишүүд Засгийн газраас гарах тухай ярьж байна. Энэ талаар УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Энэ нэг их таатай зүйл биш. МАХН-ынхан улстөрийнхөө эцсийн шийдвэрээ гаргаж байх шиг байна. Мэдээж намынхаа даргыг шоронд суулгачхаад сайдын сэнтийд залрах тийм ч зохистой зүйл биш. Тэр асуудлыг нь чангалж буй улстөрийн хүчинтэй хамтарч, эрх мэдэл хуваалцаад сууна гэдэг хүн ёсны хувьд хэцүү байгаа байх. Гэхдээ энэ шийдвэр Монгол Улсад хортой. Монголын төр бужигнаж, төр хүчгүйднэ.

Орон нутгийн сонгуулиар ард түмэн төрд итгэх итгэл суларсан гэдэг нь тодорхой харагдлаа. АН-ынхан ялсан гэж хөөрцөглөлгүй улстөрийн дүгнэлт хийх харэгтэй. Хэдхэн монголчуудыг хагалж, эвдрэлцүүлээд дундаас нь хожоо олдог улстөр дууссан гэж боддог. Үүнд улстөрийн намууд хаа хаанаа дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна. МАН давын өмнө ард түмнээсээ уучлал гүйх ёстой.