Г.Шийлэгдамба: Засгаас гарах эсэхийг эвслийн хурлаар шийднэ
Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралджээ. Тэд хоёр долоо хоногийн өмнө Н.Энхбаяр даргын хэрэгтэй холбоотойгоор өөрийн намын гишүүдийг Засгийн газраас гарах үүргийг өгөөд байсан билээ. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл гарах хүсэлтээ албан ёсоор ерөнхий сайдад хүргээгүй байгаа.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас энэ талаар тодруулахад: “МАХН Засгийн газраас гарах уу, үгүй юу гэдгийг ирэх долоо хоногт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаас эцэслэн шийднэ” хэмээсэн юм. Ямартай ч МАХН дангаараа сонгуульд өрсөлдөж, ганцаараа УИХ-д ороогүй учраас засгаас гарах боломжгүй. Эвсэл задарч байж засгийн газраас гарах боломжтой.