Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй
МАХН өнгөрөгч орон нутгийн сонгуулиар чамлахааргүй амжилт гаргаж бүх аймаг, сум, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-д төлөөлөлтэй болсон. Өмнө нь тус нам орон нутагт ганц ч төлөөлөлгүй байсан юм. Ийнхүү улс төрийн 3 дахь хүчний байр сууриа бэхжүүлж орон нутгийн хурал болоод төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд аймаг, сум, дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон 280 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо энэ сарын 17-19-ны өдрүүдэд цугларч, “Орон нутгийн хөгжил ба МАХН” сэдэвт хэлэлцүүлэг сургалт зохион байгуулав. Хэлэлцүүлгээр “Хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” болон “Орон нутгийн төсөвт тавих иргэдийн хяналт” сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулж хөдөө орон нутагт тулгамдсан асуудлыг хэрхэн иргэдийн хяналттайгаар шийдвэрлэх талаар зөвлөмж гаргасан. Энэ удаагийн уулзалт арга хэмжээний онцлог нь МАХН-аас ИТХ-ын төлөөлөгч нартай “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгууллаа. Түүнчлэн Иргэдийн хурлын төлөөлөгчид дараах мэдэгдлийг гаргасан байна.
Уг мэдэгдэлд дурьдахдаа, МАХН-ын гишүүдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлах, сонгуулийн дүнг сонгогчид бус шүүх тогтоодог ядвал газар авч, МАХН-ын дарга Н. Энхбаярыг хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх явдал үргэлжиж байгааг МАХН-ын Гүйцэтгэх Товчооноос тэмдэглэж, Монгол улсын засгийн газраас гарах саналыг “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн Удирдах Зөвлөлд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнийг аймаг, сум, дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон төлөлөөлөгчид бид бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Монголын төрийн алба богино хугацаанд “төрөл,,-ийн алба болон хувирч одоо энэ үйл явц нийслэлээс хальж аймаг, сум, дүүрэг, багийг хамран тэлж байгаагаас туршлагагүй хүмүүс төрийн албанд олноор орж төрийн нэр хүндийг бүх шатанд унагаж болзошгүй байгааг уулзалтанд оролцогчид онцлон тэмдэглэв.
МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан дээр дурьдсан шийдвэртэй холбогдуулан МАХН-ын дарга “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаярын хийсэн “Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал ач холбогдолтой. Засгийн газрыг тогтвортой байлгах үндэс нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох явдал юм” гэсэн дүгнэлтийг уулзалтанд оролцогчид дэмжиж өөрсдөөс хамаарах бүхий л арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.
Улс төрийн зорилгоор дээрээс өгсөн даалгаврын дагуу зарим хараат шүүгчийн гаргасан хууль зөрчсөн шийдвэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахыг уулзалтанд оролцогчид шаардаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-ын дарга Монгол улсын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг уулзалтанд оролцогчид санал болголоо. Уг асуудлыг өнөөдөр болох МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэн шийдвэр гаргахаар тогтсон байна.