Д.Ганхуяг: Иргэдийн 70 хувь нь газар өмчлөх эрхээ эдлээд байна
2011.08.12

Д.Ганхуяг: Иргэдийн 70 хувь нь газар өмчлөх эрхээ эдлээд байна

-Зарим газар нутгийг төрийн тусгай хамгаалалтаас гаргах тухай тогтоолын төсөл өргөн барилаа. Энд хэдий хэмжээний газрын асуудал яригдаж байгаа юм бэ. Яагаад төрийн тусгай хамгаалалтаас гаргах ёстой гэж үзэв?

-Төрийн тусгай хамгаалалттай газраас 400 га газрыг гаргах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан юм. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Баянзүрх дүүргийн XI хороо, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хамаарах Налайх дүүргийн VI хороо юм. Тэрэлжийн орчмыг бол хүмүүс сайн мэдэж байгаа болов уу. "Улаанбаатар II" зочид буудлын орчим шүү дээ.

Тэнд 1970-аад оноос хойш, социализмын үед байшин барьчихсан, тэндээ амьдардаг хүмүүс бий.

Нөгөөх нь Хонхор гэж ярьдаг. Баянзүрхээс Налайх орох замын хажууд байгаа төмөр замын зөрлөг. Тэнд 1955 оноос хойш амьдарч байгаа хүмүүс байдаг юм. Нийтдээ 566 өрх, 1500-аад иргэн бий. Хэрэв тухайн газрыг Тусгай хамгаалалттай газар нутгаас гаргавал тэндхийн иргэд газар өмчлөх эрхээ эдлэх юм. Зүгээр л бусад хүний адилаар амьдарч байгаа газраа өмчлөх эрх нь нээгдэх хэрэг. Мэдээж газраа өмчилж авбал үл хөдлөх хөрөнгө нь эдийн засгийн эргэлтэд орно. Иргэдийн амьжиргаанд ч хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, үе дамжсан хөрөнгөтэй болно гэсэн үг. Төр тусгай хамгаалалтад авсан ч гэсэн Монголын газар нутагт 2.8 сая иргэн л эзэн болж суух ёстой шүү дээ.

-Байгалийн цогцолборт газруудаас ингэж чөлөөлөх нь хэр зохистой вэ. Хамгаалалт тал дээрээ?

-Аль болох байгалийн сайхан, унаган төрхтэй нутаг нь иргэддээ ойрхон байх ёстой гээд Газар өмчлөх, эзэмшүүлэх тухай хуулиудыг гаргаж байсан. Байгаль орчныг хамгаалсан хамгийн шалгарсан аргын талаар ч бүх орон дуу нэгтэй зөвшөөрдөг нэг зүйл бий. Тэр нь зохистой ашиглуулах бодлого. Өөрөөр хэлбэл, байгалиа зохистой ашиглах нь хамгийн сайн хамгаалалт болдог гэсэн үг. Улсын төсвөөс хөрөнгө гаргаж, баахан байгаль орчны байцаагч тавиад, манаач гаргаад ч үр дүн тааруу л байна шүү дээ. Хэрэв иргэдэд газрыг нь өмчлүүлчих юм бол илүү сайн хамгаалж чадна. Зохистой ашиглалт гэдэг үүнийг хэлээд байгаа юм. Хүн өмчиндөө илүү хайр гамтай хандах нь ойлгомжтой шүү дээ.

-Энэ төслийг намрын чуулганаар хэлэлцэх үү?

-Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулна гэдгээ УИХ-ын дэд дарга хэлж байсан. Оруулж батлуулах болно гэж бодож байгаа. Тогтоолын төслийг анх 2000 оны үед ярьж байсан юм билээ. Гэсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байсан.

-Тэр нь юу вэ?

-Эхлээд хэдэн зүйл тодотгоё. 2008 оноос хойш батлагдсан байгаль орчинтой холбоотой хуулиудад газрыг зохистой ашиглах асуудал төрийн бодлогын маш чухал чиглэл болон тусгагдаж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоолыг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах талаар тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулахдаа бид тухайн орон нутгийн захиргаа, БОАЖЯ-тай хэлэлцэж зөвшилцсөн. Засгийн газартай зөвшилцөж зуун хувь санал нэгдсэн.

-Намрын чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа. Ямар агуулгатай өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм бэ. Иргэдийн газар үнэ төлбөргүй өмчлөх эрхийг 2013 он хүртэл сунгасан байгаа. Энэ хугацаанд өөрчлөлт оруулах уу?

-2013 он арай болоогүй байна. Анх 2000-2004 оны хооронд өрхийн зориулалтаар газар өмчлүүлэхээр Газрын тухай ерөнхий хуулийг  гаргаж байсан юм. Харин 2007 онд Монгол Улсын өрх бүрт биш, иргэн бүртээ газар өмчлүүлэх нь зөв юм гэж шийдсэн. 0.07 га газар бол маш бага хэмжээ л дээ. Монгол Улсын бүх иргэнд ийм хэмжээний газар үнэ төлбөргүй хувьчлахад манай газар нутгийн гурван хувьд ч хүрэхээргүй байгаа. Тиймээс иргэн бүртээ хувьчлах хуулийн төслийг өргөн барьж батлуулж байв. Ер нь бол төрийн нэлээд том бодлого газар дээр явж байгаа гэж хэлж болно.

Анх хот суурин газрынхан орон сууцаа, малчид нь малаа хувьчилж авч байсан.

Харин гэр хорооллын иргэд юу ч үгүй хоцорч байсан шүү дээ. Тиймээс дэд бүтэцтэй болгоод газар нь үнэд орох, амьдралд нь ашигтай байх ёстой гэж үзэж байсан. Ардчилсан зах зээлийн зарчмаар төрийн нэгдүгээр үүрэг бол тухайн үед амьдарч байгаа иргэнээ боломжийн амьдруулах. Энэ дээр нэлээд маргалдаж байж хуулийн төслийг баталж байсан. Харин одоо орон сууцжуулах, гэр хорооллыг өөр тийш нь шилжүүлэхтэй холбоотой нэлээд асуудал гараад байгаа юм. Үндсэндээ одоо бол газар хувьчлалын үр дүнг судалж байна. Цаг үетэй-гээ нийцүүлж өөрчлөлт оруулах зүйлүүд хуульд бий. Кадастр, хот төлөвлөлттэй холбоотой, газар зохион байгуулалт, менежментийн асуудлаар хуульд тусгах зүйл нэлээд байна. Сүүлийн үед байршил тогтоогч GPS систем нэвтэрч байна. Энэ бүхэнд зохицуулж өөрчлөлтүүд оруулах хэрэгтэй байгаа.

-Нэгэнт гэр хорооллын иргэд газраа хувьчлаад авчихсан болохоор гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлыг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа юм бэ?

-Бусад оронд бол жишиг үнэ гэж зарлаад явдаг юм билээ. Тэр талын судалгаа хийж байгаа. Ямар зөрчил үүсэх вэ гэхчлэн Засгийн газраас хуулийн төсөл өргөн бариад байгаа. Бас хотыг дахин төлөвлөх асуудлыг хуульчлах гэж байна. Энэ хуулиудыг намрын чуулганаар батлаад гаргах нь зөв гэж би хувьдаа үздэг. Газартай холбоотой менежмент байнга боловсронгуй болох шаардлагатай. Боловсронгуй болох тусмаа улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Газаргүйгээр юу ч байхгүй шүү дээ. Ашигт малтмал ч байхгүй. Ер нь газрын менежментийг маш сайн сайжруулах нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хөшүүрэг болно. Яагаад гэвэл, Монгол Улс бол нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг шүү дээ.

-Хот төлөвлөлтийн үүднээс жишиг үнэ тогтоогоод л иргэдийн газрыг  Шууд худалдаанд авчихна гэсэн үг үү?

-Төр жишиг үнийг зарлана. Мэдээж бизнесийн харилцаанд орно шүү дээ. Төр давуу эрх эдлэхгүй Жишиг үнэ зарлана гэдэг бол төрийн зүгээс хийж болох нэг алхам. Жишээ нь, зах зээлд ойрхон гэдэг ч юм уу, хотын төвөөс эхлэн нэг, хоёрдугаар бүс гээд жишиг үнийг тогтоох байх. Гэхдээ иргэн газраа зарахгүй, хувийн орон сууц барина гэх бүрэн эрхтэй. Төр, хувийн өмч адилхан хуулиар хамгаалагдаж байгаа. Газраа зарахдаа төрд болон Монгол Улсын иргэд хоорондоо газраа худалдаж болно. Зарахгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах аргагүй шүү дээ. Гэхдээ нэг л удаа газрыг үнэ төлбөргүй хувьчилж авах эрхтэй.

-Одоо ер нь газар өмчлүүлэх ажил ямар зарчмаар яваа вэ. Нэлээд бэрхшээлтэй гэж иргэд ярьдаг?

-Аймаг, сумын газрын албан материалаа бүрдүүлж өгөөд л өөрсдийнхөө амьдарч байгаа газраа хувьчилж авч байгаа шүү дээ. Улаанбаатарт бол 0.07 га, суманд 0.5 га газар үнэ төлбөргүй хувьчилж байгаа.

-Гэхдээ газар олдохгүй байгаа юм биш үү. Тэр тусмаа Улаанбаатарт?

-Өөрийн амьдарч байгаа газраа бол үнэгүй хувьчилж авахад ямар ч асуудалгүй. Зүгээр олигтой байршилтай газрыг албан тушаалтнууд авчихдаг асуудал бол бий. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар дэд бүтэцтэй газрыг аж ахуйн нэгжүүдэд хоёр төрлөөр л өгч байгаа. Нэг нь төсөл, нөгөө нь дуудлага худалдаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтэц бий болгочхоод улсад, орон нутгийн төсөвт ямар ч мөнгө орохгүйгээр хувь хүний халаасанд ороод байгаа нь буруу. Энэ бол Монголд хууль дээдлэх, шударга байх зарчим алдагдсаны нэг жишээ.

-Газар өмчлөх хугацааг сунгах уу?

-Судалж байж л шийднэ.

-Одоо ер нь нийт иргэдийн хэдэн хувь нь газраа хувьчилж авсан бэ?

-Хот суурин газарт 60-70 хувьд хүрсэн байгаа. Суманд бол 0.5 га газраа бараг бүгд хувьчлаад авчихсан. Энэ бол сайн хэрэг. Суманд газар өөрийн гэсэн ханштай болчихсон байсан. Улаанбаатараас  800-900  км дотор 0.5 га газар таван сая төгрөгөөс буухгүй байна лээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.