Сонгуулийг автомат төхөөрөмжөөр явуулахыг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо
2012.12.21

Сонгуулийг автомат төхөөрөмжөөр явуулахыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг онцлон  анхаарах нь чухал гэдгийг тэмдэглэн хэлж байсан.

Энэ үеэр гишүүд, Монгол Улсад бүх шатны сонгуулийг автомат системд түшиглэн зохион байгуулж байгаа.  Ийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагалдан оруулж ирж хэлэлцүүлэгдэж буй  Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүд санал нэгдсэн.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа  автомат төхөөрөмж хэрэглэх талаар хэлэлцэж тогтов.  

Монгол Улсын Их Хурлын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Улсын Их Хурлын Тамгын газрын дарга” гэсэн нэр томъёо оруулсныг  “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга” хэмээн томъёолж, урьд байсан хэвээр нь үлдээхээр гишүүд шийдлээ.  Ийм  нэр, томъёо нь олон улсын жишиг гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

 Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн мөрдөж, хүчин төгөлдөр үйлчлэх болно хэмээн  гишүүд хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлснээр байнгын хорооны хуралдаан дууслаа.