ЭЗБХороо 280 гаруй цаг хуралджээ
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулганаар олон нийт, иргэдийн анхаарлыг татсан асуудлуудыг хэлэлцсэн байнгын хороо бол Эдийн засгийн байнгын хороо юм.
Тус байнгын хороогоор Таван толгойн нүүрсний ордын асуудлаар шийдвэр гаргах, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэл, Төмөр замын тээвэр болон өндөр технологийн аж үйлдвэр, шинэ бүтээн байгуулалтын талаарх ойрын болон дунд хугацааны төрийн бодлогыг тодорхойлох, 2009 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар санал, дүгнэлт гаргах, банк, санхүү, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Өрсөлдөөний тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг хэлэлцэн батлуулах, түүнчлэн хянан шалгах үйл ажиллагааны чиглэлээр зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тус хорооны эрхлэх ас
уудлын хүрээнд багтдаг байгууллагуудын 2009 оны тайлан, мэдээлэл хэлэлцэх зэрэгт үндсэндээ чиглэгдэж байлаа.
Байнгын хороо нийтдээ 17 удаа, хорооноос хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг 100 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 280 гаруй цаг зарцуулсан байна.
Мөн 50 гаруй асуудал хэлэлцсэн бөгөөд үүнээс 46 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэж, тэдгээрийн талаар 50 шахам санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр байнгын хорооноос 20 шахам ажлын хэсгийг байгуулан ажилууллаа.
Чуулганы хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцэгдсэн 50 хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн 82 хувийг буюу 41 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг эцэслэн батлаж, 2-нх нь хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан нийт 41 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 17 нь шинээр батлагдсан, 24 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, бусад шийдвэрүүд байна.