МАН-ын бүлэг ерөнхий сайдыг нээлттэй сонсголд урив
МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд буй Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай, Шүүхийн шинэчлэлийн тухай зэрэг хуулийн төслүуд дээр санал бодлоо илэрхийлсэн байна. Тэдний үзэж буйгаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь дан ганц хувь хуний тухай, гишүүн байх үгүйтэй холбоотой асуудал биш гэлээ. Энэ нь төрийн дархлаатай холбоотой асуудал учир болгоомжтой хандах ёстой гэдгийг онцолж байлаа. МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх хоёр тохиолдлын эхнийх буюу УИХ-ын гишүүн гэмт үйлдэл хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан тохиоддолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалтыг дэмжиж буй гэлээ. Харин мөрдөн байцаагчийн санал болгосон тохиолдол бүрт гишүүнээс нь түдгэлзүүлээд байвал төрийн дархлаа суларч, буруу жишиг тогтоно гэж байлаа.
Тэд мөн орон нутгийн сонгуулийн үр дүнд есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялалт байгуулсан хэдий ч одоо гурван аймаг, ганцхан дүүрэгт л Засаг даргаа батламжлуулаад байгаа асуудлыг хөндөж ярилцсан байна.
Үүнийг тэд олонх болсон намаас сонгогдсон эрх мэдэлтнүүдийн зүгээс албан тушаалын дээрэм байна хэмээн үзэж байгаа аж.
аймгийн хувьд ИТХ-аасаа Засаг нэг хуний нэрийг гурван удаа дэвшүүлж батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргуүлсэн ч баталж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж буй хэрэг гэлээ.
Учир нь хуульд зааснаар орон нутгийн ИТХ-аас Засаг даргад дэвшүүлж буй хүний нэрийг хоёр удаа л буцаах эрхтэй байдаг аж. Гэтэл Ерөнхий сайд гурван ч удаа буцаасан нь цаанаа улс төрийн зорилго агуулж байна гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс ирэх даваа гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүлгийн хуралдаанд оролцож нээлттэй сонсгол хийхийг хүсч буй гэнэ. Албан бичиг ч хүргүүлсэн байна. Тэдний хувьд Ерөнхий сайдаас асуух асуулт ганц энэ биш Засгийн газар байгуулагдсанаас хойш дөрвөн сарын хугацаанд зургаан гэрбум долларын өр тавин, гадаад дотоодод нийт зургаан тэрбум долларын бонд гаргасан. 30 цэцэрлэг барих хэмжээний өр тавин байж арилжаалсан энэ бондын хөрөнгийг хэрхэн зарцуулж, юу хийхээр төлөвлөөд байгааг нь асууна хэмээж байв. Бондын зарцуулалтыг хянах үүрэгтэй ажлын хэсэгт ч сөрөг хүчний төлөөллийг оруулахыг шаардана гэж байлаа.