Парламентын гажуудал орон нутагт халдварлалаа
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2012.12.28

Парламентын гажуудал орон нутагт халдварлалаа

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.СҮХБААТАРТАЙ ярилцлаа.

-Та МАН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хүн. Сая болдог орон нутгийн сонгуульд МАН ямар амжилт үзүүлэв. Хэдэн аймаг, хэдэн дүүрэгт засаглах эрх аваад байна вэ?

-Сонгуулийн дүнгийн талаар тухайн үед нь тодорхой мэдээллүүд өгч байсан шүү дээ. Тэр дүн хэвээрээ байгаа. 21 аймгийн есөд нь МАН-аас нэр дэвшсэн хүмуүс олонхи болж, хоёр ч аймгийн ИТХ-д АН-тай ойролцоо суудалтай болсон. Дүүргүүдээс дөрөвт нь МАН олонхи болж, Налайхад тэнцүү шахуу суудалтай байлийн дүн гарсан шүү дээ. Сумдаас 50 орчим хувьд нь манай намаас нэр дэвшсэн хүмүүс ИТХ-д олонхи боллоо.

-Ер нь бол сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд явсан. Одоо арванхоёрдугаар сар дуусч байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн гарснаас хойш сар орчим болжээ. Энэ хооронд ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, дарга, тэргүүлэгчдээ сонгох, Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах ажил явж байна.

-МАН-ын ялсан аймгуудын тоо эхнээсээ тодорхой байсан л даа. Гэтэл Засаг дарга нарын томилгоог харахад, танай нам ялсан газарт хүртэл АН-ын Засаг дарга томилогдоод эхэллээ шүү дээ. Энэ чинь ялсан гэсэн үг үү, эсвэл?

-Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад АН-ынхан хавтгайд нь яллаа гэж зарласан. Ингэж улс орон даяар өөрийн намын хүмүүсээ байршуулж ажиллахаа мэдэгдсэн л дээ. Яг тэр үед хийсэн Ерөнхий сайд, АН-ын даргын мэдэгдэл бол туйлын хариуцлагагүй байсныг хэлье. Бодит байдал дээр АН орон нутагт хавтгай ялж чадаагүй. Аймаг, сум, дүүргийн төвшинд бүхэлдээ МАН, АН хүч тэнцүү байдалтай дүн гарсан. Сонгуулиар аль, аль нам ойролцоо дүн авсан.

-Тэгэхдээ МАН ялагдсан юм биш үү. Өмнөх сонгуультай харьцуулсан ч гэсэн?

-Мэдээж 2008 оны орон нутгийн сонгуулийн үр дүнтэй харьцуулбал нэг өөр. Харин Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд ялагдсаны дараахь байдалтай энэ орон нутгийн сонгуулийн үр дүнг харьцуулбал бас өөр дүгнэлт гарна. Энэ бол одоо шууд хийчих зүйл биш. Гэхдээ АН-ын удирдлагуудын мэдэгдэж байсанчлан хавтгай яллаа гэдэг нь бүтээгүй. Дүүргүүдийг бүхэлд нь авах, аймгуудын гуравны хоёроос доошгүйд ялалт байгуулна гэж тус намынхан тооцсон гэж байсан. Ингэж тооцсон болохоор дүн гараагүй байхад Н.Аптанхуяг дарга мэдэгдэл хийчихсэн. Гэтэл дүн ойролцоо гарч асуудал өөрөөр эргэсэн л дээ. Спортоор ярих юм бол оноо ойролцоо, тэнцчихсэн гэх үүдээ. Ийм нөхцөлд АН-ынхан манай намын ялсан аймаг, дүүргүүдэд элдэв хууль бус болзол нөхцөлийг ил, далд хэлбэрээр тулгаж эхэлсэн. Манай ялсан аймгуудын Засаг даргыг Ерөнхий сайд, дүүргүүдийн удирдлагыг нийслэлийн Засаг дарга томилохгүй, батламжлахгүй байна. Энэ бол таны хэлдгээр тодорхой ажил, албан тушаалыг солбиж авах гэсэн оролдлого. Ингэж тулгах замаар асуудлыг шийдэхгүй удааж байгаа нь ч унэн. Сүүлийн үед бүр дүүргүүдийн Засаг даргад хууль бусаар үүрэг гүйцэтгэгч тавина гэж яриад эхэлсэн байна лээ. Арай ч байдал иймдээ тулж, хуулийг уландаа гишгэхгүй биз. Хэрэв тэгвэл жинхэнэ завхрал, дампуурал гэдэг юм руу орно.

-Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж сууна вэ?

-Парламентын ардчилал эрсдэлд орлоо гэж би гурван ярилцлага өгөхдөө хэлж байсан. Манай намын УИХ дахь бүлэг байгуулагдах процессыг харсан ч, орон нутгийн сонгуулийн процессыг харсан ч тэр дүр зураг  үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, парламентын ардчилалд үүссэн эмгэг, гажуудал нь орон нутгийн сонгуулиар гарч эхэллээ. Халдварлаж байна гэсэн үг. Сонгогчдын сонголтоор, сонгуулийн үр дүнгээр, олонхийн хүсэл зоригоор асуудлыг шийддэг байх уу, засгийн эрх барьж байгаа нам өөрийн таалалд нийцүүлж сонголтыг завсарлаж байх уу. Ингэж асуухаар л болж байна шүү дээ.
Эрх мэдэл авсан тал хууль, шүүх, цагдаагийн дэмжлэгийг ашиглаж, хүч түрэх аргыг түлхүү хэрэглэж, үндсэн зарчмаа болгож байна. Энэ бол хамгийн аюултай.

Эрх мэдэлдээ эрдсэн, хяналтгүй байгаадаа бардсан, өөрсдийнхөө хүсэл зоригийг л гүйцэлдүүлэх зарчмаар явж байна.

Ийм юм ардчилсан зарчимд нийцэхгүй. Жишээ нь, өвөлжилт олон газар хүндэрч байна. Гэтэл манай нам олонхи болсон аймгийн Засаг даргыг томилж өгөхгүй байгаагаас болж сумдынх нь удирдлагын асуудал ч тодорхойгүй байдалд орчихсон. Шинэ жил болох нь. Хүмүүсийн анхаарап сарнисан энэ үеийг АН-ынхан ямар нэгэн байдлаар ашигтай, давуу байдал болгох гэж эрмэлзэж байна. Тэр ч ил тод харагдаж байна шүү дээ. Таны хэлснээр манайх ялсан газруудад эсрэгээрээ АН-ын хүнийг Засаг даргаар тавих, тавихыг шаардах үйл ажиллагаа эрээ цээргүй явлаа.

Нэг намын удирдлагын тулгалт, элдэв гоё үгээр халхавчилсан хүч түрсэн үйл ажиллагаа нийгмийн бүх давхрага руу халдах байдал руу орох нь. Энэ бол нэг намын монополь байдал тогтоох, бусад намын бодлого үйл ажиллагааг эс зөвшөөрөх, олон ургалч үзлийг хаах л гэсэн арга. Базаад хэлбэл, эрх баригчдын өнөөдрийн үйл ажиллагаа бол эрх мэдлийг төвлөрүүлэх, засгийн эрхэнд гарсан намынхаа хүчин чадлыг зузаатгах, ард түмэнд үйлчилэхээс илүүтэй намаа, нам доторхи фракцаа санхүүгийн хувьд бэхжүүлэх л гэсэн бодлого. Ердөө ийм алдаа бодлого явж байна. Энэ нь ч ил тод харагдажбайгаа.

-Парламентын төвшинд асуудал цэгцрээд эхэлсэн юм биш үү. Хуульд өөрчлөлт оруулах замаар ямартай ч МАН-ыг УИХ-д бүлэгтэй болголоо шүү дээ?

-Хуулийн хэллэгээр бол де факто, де юри гэж ярьдагдаа. Бодит байдал дээр бүлэг бол хэдийнэ байсан. Сая явдаг ажиллагаа бол хууль зүйн хувьд бүлгийг хулээн зөвшөөрөх л байсан. Бодит байдал гэвэл сонгуулийн үр дүнгээр УИХ-д орсон манай намын 25 гишүүн маш тодорхой үйл ажиллагаа явуулсан. Хууль зүйн хувьд үүнийг баталгаажуулахгүй байсны сөрөг үр дагавар ч гарсан. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ирээдүйтэй холбоотой томоохон асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн оролцоо, хяналтгүй баталсан. Ингэж явуулах үйл ажиллагаагаа эрх баригчид хийж чадсан гэсэн үг. Гэхдээ энэ нь улс оронд тийм сайн зүйл авчраагүй гэдэг нь ч харагдаж байна. Жишээ нь, 1.5 тэрбумын бондын асуудлаар Ерөнхийлөгчөөсөө эхлээд шүүмжилж байна шүү дээ. Уг нь бид хамгийн түрүүнд болгоомжилж, хэлж байсан юм.

-Одоо бол МАН бүлэгтэй болсон учраас парламент дээр өрнөсөн тэр буруу бодлого, ажиллагаа засагдах уу. Эсвэл эрх баригчид хүч түрсэн байдал үргэлжлэх хандлагатай байна уу?

-Хоёр талтай асуудал бий. Хуучин бол бүлэг хугацаагүй завсарлага авдаг эрхтэй байсан. Засварлага дээр бид хоёр талаас ханддаг байсан л даа. Нэг нь парламентын зөвшилцлийн механизм гэж. Цөөнхөө хүндэтгэж, хамтарч ажиллах, санаа бодлыг нь тусгаж ажиллахад гол хөшүүрэг нь байсан гэж хардаг байв. Нөгөө талаас парламент дахь цөөнх нь олонхийн үйл ажиллагааг зогсоох, барьцалдуулах хэрэгсэл болсон. Тиймээс зарчмын хувьд бүлэг хугацаатай завсарлага авдаг боллоо. Энэ нь зөв.
Дараагийн асуудал нь гэвэл өмнөхөө бодвол МАН-ын бүлэг нь албан ёсны статустай болж, гишүүд нь Байнгын хороонд санал хураалтад таслах эрхтэй оролцох боллоо. Бүлгийн санал дүгнэлт албан ёсоор гарч, чуулганы хуралдаанд орох боломж бүрдлээ. Энэ талаас аваад үзвэл өмнөхтэйгөө харьцуулах юм бол түрүү, түрүүчийн апдаатай бодлогыг засах боломж нээгдэж байгаа юм. Гэхдээ хамгийн гол нь парламентын цөөнхийн, иргэний хяналтыг сайжруулах асуудал байна.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-УИХ дахь МАН-ын бүлэг бол сөрөг хүчин. Эрх баригчийн нөлөө тал нь л сөрөг хүчин болдог шүү дээ. Сөрөг хүчин нь иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх ёстой. Тиймээс бид Монголын иргэний нийгмийн байгууллагуудын хяналтын чиг үүргийг парламент дээр хүлээж байгаа улс төрийн хүчин. Харамсалтай нь, манайд одоогоор ийм иргэний хяналт хэрэгжүүлдэг улс төрийн механизм, хөшүүргийг тодорхой болгож өгөөгүй. Мэдээлэл авах ч гэдэг юм уу арга хэрэгслүүд байна л даа. Их Британид жишээ нь сүүдрийн Засгийн газар гээд байдаг шүү дээ. Тэр нь Засгийн газартайгаа зэрэгцэж бодлогын үйл ажиллагаа нь хянадаг тогтолцоо бий. Салбар бүрээр гишүүд бодлого гаргаж, Засгийн газрын бодлогыг хянадаг. Бусад оронд бол цөөнх нь Ерөнхий сайдаас асуулга асуух, мэтгэлцээн хийх замаар мэдээллийг ил тод болгодог. Өөрөөр хэлбэл, УИХ дээр тэр бүтээлч мэтгэлцээнийг өрнүүлж чадах хөшүүрэг механизмыг бий болгож байж сая цөөнх чинь иргэний хяналтыг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, иргэний хяналтыг гүйцэтгэдэг зохион байгуулалтын хэлбэрийг сөрөг хүчин гээд байгаа тал нь хийдэг. Тэр нь юу гэхээр сүүдрийн Засгийн газар гэж ярьж болдог. Сөрөг хүчний хяналтын бусад асуулга, асуулт ч байж болдог. Энэ бүхнийг бэхжүүлэх хэрэгтэй байна.

-МАН сүүдрийн Засгийн газар байгуулах нь гэдэг ийм учиртай гэсэн үг үү?

-Манай намын Удирдах зөвлөл бидний хяналтын чиг үүрэг ямар байх талаар ултай суурьтай ярилцсан. Хууль эрх зүйн талаас нэмэлт боломжуудыг судлах болсон. Цаашид манай бүлэг ямар дэвшилтэд арга хэрэгслийг ашиглах талаар ярьсан. Сүүдрийн Засгийн газар гэх үү, Иргэний хяналтын танхим гэх үү ямартай ч асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх зарчмын байр суурьт хүрсэн.

-Ямар нэгэн эерэг үр дүн нь юу байх вэ?

-Парламентын зөвшилцдөг, бүтээлч ажиллагааг сэргээх ёстой. Жишээ нь, шинэчлэлийн Засгийн газрын гол ар тал нь, дэмжлэг нь парламент шүү дээ. Шинэчлэлийг хуулиар, бодлогоор л хийдэг. Бодлого бол хуульд тусдаг, хууль нь бодлогыг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ингээд бодохоор шинэчлэлийг дэмжихэд парламентын гүйцэтгэх үүрэг чухал. Үүний тулд парламент дээр бүтээлч хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Бүтээлч хамтын ажиллагаа гэдэгт мэдээллийн маш нээлттэй байдлыг парламент дээр бүрдүүлэх ч орно. Тухайлбал, ямар ч тохиолдолд мэдээлэл хаалттай байх ёсгүй. Тиймээс энэ байдлыг дээд зэргээр нэмэгдүүлсэн механизмыг бий болгох хэрэгтэй байна. Хоёрт, шинэчлэл гэдэг зардалтай. Аливаа зүйлийг шинэчлэхэд зардал, төсөв заавал гардаг. Жишээ нь, ирэх оны төсөв УИХ дээр орж ирэхдээ задаргаа муутай л юм орж ирсэн шүү дээ. Үүнийг манайхан ярьж байгаад илүү нээлттэй болгосон. Бондын асуудал байна. Өдөр бүр л бид хүү төлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийх гээд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлсэн ч тэрийг хэрхэн, яаж зарцуулах вэ гэдэг эргээд манай бүлгийн хяналтын гол чиг үүрэг.

Бүтээлч хамтын ажиллагааны хүрээд хянаад зогсохгүй тодорхой асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Ингэж бүх зүйл дээр сөрж зогсох байдлаар ажиллахгүй. Бодлогын асуудлаар бидний санаачилга, шийдлийг тусгаж хүлээж авбал бид дэмжээд ажиллах болно. Одоо эхний алхмыг хийж, бүлэг хуулийн хувьд тодорхой боллоо. Хамгийн гол нь парламентад тогтсон байсан зөвшилцөл, ойлголцлын соёлыг буцааж авчрах хэрэгтэй болоод байна. Урд өмнөхдөө дүгнэлт хийж парламентыг илүү ардчилсан болгох ёстой. Өмнөхөөсөө илүү шүү. Бусад оронд байдаг парламентын сөрөг хүчний дуу хоолойг гаргадаг, тэрийг гаргах нөхцөлийг бүрдүүлдэг нэмэлт хөшүүргийг хэвшүүлж, нутагшуулах нь парламентын гажуудлыг засах хамгийн гол арга зам.

-Тэгэхээр МАН-ын бүлэг байгуулагдсанаар бүх асуудал цэгцэрчихсэн гэж ойлгож болохгүй юм байна?

-Бүлэг байгуулагдсан гээд хөөрцөглөөд байх хэрэггүй. Бидэнд одоо парламентын дотоод ардчиллыг гүнзгийрүүлэх, илүү ардчилсан болгох механизмыг санал болгож ажиллах үлдээд байна. Эрх баригчдын бодлогыг зөв болгох, алдаа гаргавал засч залруулахыг шаардах нь бидний гол үүрэг. Жишээ нь, парламентын гажуудлаас үүдэлтэй, халдварлаад явчихсан юмыг буцааж цэгцлэх хэрэгтэй. Эрх мэдлийг бөөгнөрүүлэх, төвлөрүүлэх, төвлөрөл бий болгох замаар сөрөг хүчний хяналтаас гарч, бодлогоо зөв гэж тулгах замаар шинэчлэл явуулна гэсэн асар том алдаатай бодлогыг АН явуулж байгаа. Үүнийгээ тус нам ухамсарлах ёстой. Ийм маягаар явж байгаа юм шинэчлэл биш. Шинэчлэл гэдэг нийгмийн дэмжлэгтэйгээр бий болдог. Ардын намтай ардсалдаж байж шинэчлэл хийнэ гэж байхгүй шүү дээ.