Хүний эрхийн дэд хорооны даргаар Д.Ганбатыг сонголоо
УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан
2012.09.05

Хүний эрхийн дэд хорооны даргаар Д.Ганбатыг сонголоо

Хууль зүйн байнгын хорооны есдүгээр сарын 05-ны Лхагва гарагийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Эхний асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байв.  

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Р.Бурмаа нар Хуульзүйн үндэсний хүрээлэн, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар /АТГ-/ын төсөв мөнгөтэй холбоотой асуулт тавьж хариулт авлаа. Ялангуяа Х.Тэмүүжин гишүүн Авлигын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ шинэ орчинд нийтийн албаны ажилтнуудаас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг авдаг болж, эдгээр мэдүүлгийг хянан шалгах, үнэлж дүгнэх том чиг үүрэг тус газарт ногдсон, үүнтэй холбоотойгоор одоогийн орон тоо, үйл ажиллагааны зардал шинэчлэгдэж байгааг тайлбарлаад “УИХ-ын  2012 оны тавдугаар сарын 18-ны тогтоолоор энэ зардлыг баталсан ч өмнөх төсөвт хараахан сууж амжаагаагүй байгаа. Ер нь хууль сахиулах, мөрдөх албадын үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, прокурор, мөрдөн байцаах болон цагдаагийн байгууллагуудын ажлын арга барилыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай уялдан тодорхой зардал гарах учиртай. Энэ бүхнийг ирэх оны төсөвт суулгах биз ээ” гэлээ. 

 Хуулийн төсөлтэй холбооотойгоор санал хэлэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын сүүлийн нэг жилийн үйл ажиллагаанд  талархаж байгаагаа илэрхийлээд эн түрүүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн амыг соён гэгээрүүлэх ажилд анхаарч ажиллахыг сануулав.  

Байнгын хорооны гишүүд төсвийн тухай дээрх хуулиудын төслийг дэмжээд хорооныхоо санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр анхаарал татсан нэг гол зүйл бол шүүх, прокурор, мөрдөх байгууллагын ажилтнуудыг орон нутгийн засаг захиргаанаас хараат байдалд оруулахгүйн тулд нутгийн захиргааны хандив тусламжаар орон сууц барьж өгөх зэргээр харж ханддаг одоогийн практикийг аль болохоор зогсоох хэрэгтэй, ийм асуудал дээр хөрөнгө мөнгө хэмнэх нь эдгээр байглуулагыг орон нутгийн захиргааны гарт оруулах нөхцөл бүрдүүлнэ гэсэн яриа байв. Энэ асуудал дээр УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлэхдээ "Орон нутгийн захиргаа болон хувийн компаниас үл хамрааралтайгаар, албан ажлын шаардлагаар эргэлтэнд байж байдаг хувьчлагддаггүй байр байх ёстой. Асуудлыг ийм маягаар шийдэж байхыг тусгасан Байнгын хорооны хэлэлцүүлгийн протоколыг тус хорооны санал дүгнэлт бүхий албан бичгийн хамт орон нутагт явуулбал зүгээр" гэлээ.

Өмнөговь аймгийн дөрвөн сумыг хамарсан нүүдлийн шүүх байгуулахтай холбоотой дээрх 3 хуулийн төслөөр Байнгын хорооны гишүүдийн дунд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул эхний хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гишүүд дэмжиж, Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Л.Цог гишүүн танилцуулахаар боллоо.            

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Байнгын хорооноос оруулах хуулийн төсөл байсан бөгөөд энэ асуудлыг шууд хэлэлцэх үеэр асуулт тавих, санал хэлэх гишүүн байгаагүй тул Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр нь батлах саналыг гишүүд санал нэгтэй дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Дээрх хуулийг дагалдуулан Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульболон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүд санал нэгтэй баталж, дээрх гурван хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэглдсэн хуралдаанд Р.Гончигдорж гишүүн танилцуулахаар болов.   

Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн дөрөв дэх асуудал нь Дэд хорооны даргыг сонгох асуудал байсан бөгөөд энэ талаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн саналыг сонсдог ёсоор АН-аас УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Дашдондогийн Ганбатыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлснийг танилцуулахад асуулт тавих, санал хэлэх гишүүн гараагүйн дээр нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжлээ. Тиймээс гишүүдийн 100 хувь дэмжсэн санал хураалтын дүнд үндэслэн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороооны гишүүн Д.Ганбатыг Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгосон тус Байнгын хорооны тогтоолыг санал нэгтэй баталж, уг тогтоолыг 2012 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.