Манайх шиг иргэдийн гар дээрх хувьцааг автоматаар үнэлдэг улс дэлхийд байхгүй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-“Хүний хөгжил сан”-гаас 21 мянган төгрөгөө авч чадаагүй болон дутуу авсан иргэдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэхээр болсон бэ?
-Улсын хэмжээнд “Хүний хөгжил сан”-гаас 21 мянган төгрөгөө аваагүй буюу дутуу авсан 40 гаруй мянган иргэн бий. Эдгээр иргэдийн мөнгийг олгохоор энэ оны төсөвт нийтдээ 32 тэрбум төгрөг суулгуулж батлуулсан. Одоо төсвийн хуваарилалт батлах гээд Сангийн яамтай хамтраад ажиллаж байна.
- Дээрх иргэдийн мөнгийг ямар хэлбэрээр, хэзээнээс олгох вэ?
-Иргэдийн мөнгийг тухайн аймаг, дүүргийнх нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст шилжүүлнэ. Ямартай ч энэ мөнгө олгогдоно. Аль болох хөнгөн шуурхай олгох талаар ажиллаж байна.
-Өмнөх Засгийн газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох эх орны хишиг буюу нэг сая төгрөгийн 660 мянган төгрөгийг нь олгочихсон. Гэтэл бусад үлдсэн иргэдийн нэг сая төгрөг хувьцаа болон, бэлэн мөнгийг нь өгнө гэж байсан ч олголгүй дараагийн Засгийн газартай золгосон. Шинэчлэлийн Засгийн газар тэр мөнгийг олгох уу?
-Иргэдийн хувьцааг сая төгрөг болгох ажлыг манай Засгийн газар дэмжихгүй байгаа. Иргэдэд олгох нэг сая төгрөгийг хувьцаанд шилжүүлэх нь нэг ёсондоо боловсон дээрэм. Нэг үгээр хэлбэл, таны гар утас нэг сая төгрөгийн үнэтэй байлаа. Гэтэл таныг гар утсаа гурван зуун мянган төгрөгөөр худалд гэвэл худалдахгүй биз дээ. Түүнтэй л адил зүйл.
“Саусгоби сэндс”, “Энержи ресурс”, Хөшөөтийн хувьцаа хөрөнгийн бирж дээр арилжаалагдчихсан шүү дээ. Хамгийн бага үнэлгээтэй нь 4000 орчим төгрөг байгаа. Гэтэл хүний 4000 төгрөгөөр үнэлэгдэх хувьцааг 933 төгрөгөөр худалдана гэдэг юу гэсэн үг вэ.
Нэг хүний 1072 хувьцааг 4000 мянган төгрөгөөр бодоход дөрвөн сая төгрөг болж байгаа.
Гэтэл дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг нэг сая төгрөгөөр булааж авах гээд байна. Түүнийгээ гавьяа байгуулж байгаа юм шиг ярьж болохгүй. Хувьцаа гэдэг зах зээлийн эрэлт хэрэгцээгээр үнэ нь өсч, буурч байдаг арилжааны хэрэгсэл.
Манайх шиг иргэдийн гар дээрх хувьцааг автоматаар үнэлдэг улс дэлхийд хаана ч байхгүй. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхгүй. Таван толгойн ордоос яаралтай хувьцаа гаргаж Хөрөнгийн бирж дээр гаргах нь хамгийн гол тулгамдсан асуудал болоод байна. Энэ ажлыг шинэчлэлийн Засгийн газар яаралтай шийдчихвэл иргэдийн гар дээр байгаа хувьцааны бодит үнэ тогтоогдоно.
-Бодит үнэ тогтоогдохоор брокерын пүүсээр дамжиж хувьцаа арилжаалагдана гэсэн үг үү?
-Тийм. Иргэд брокерын пүүсүүдээр дамжиж хувьцаагаа арилжих эрхтэй болно. Энэ нөхцөлийг л Засгийн газар хангаж өгөх ёстой. Түүнээс биш Засгийн газар ард түмний 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдана гэдэг дээрэм хийж байгаатай ялгаагүй.
-Ард түмний дийлэнх нь нэг сая төгрөгөө хувьцаа болгохыг зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр тэд Засгийн газарт луйвардуулах гэж байсан гэсэн үг үү?
-Өмнөх Засгийн газар сая төгрөгөөр хувьцаа худалдаж авах гээд гадаад, дотоодын маш олон компанийн нөхдөд өчнөөн төгрөгийн зээл босгочихсон байсан. 1990 онд цэнхэр, ягаан тасалбарыг барааны савангаар худалдаж авсантай ялгаагүй энэ хувьцааг ийм хямд үнээр аваад Таван толгойн хувийг луйвардаж авах гэж байсан. Тэгэхээр ийм луйврын зүйлийг бид хийж болохгүй биз дээ. Эрүүл ухаанаар бодоход зах зээлийн нийгэм манайд үйлчилж байхад манай Засгийн газар ийм боловсон луйврыг хийхгүй. Ард иргэдийг ингэж шулж чадахгүй.
-Гэхдээ өмнөх Засгийн газрын амласан сая төгрөгийг шинэчлэлийн Засгийн газар ямар нэгэн хэлбэрээр олгож болохгүй гэж үү?
-Манай Засгийн газар иргэдийн сая төгрөгийг аваагүй. Тиймээс шуудхан хэлэхэд бид тэр мөнгийг өгөхгүй. Иргэд өөрсдөө хувьцаагаа зах зээлийн зарчмаар арилжаанд оруулах нь зүйтэй. Хувьцаагаа дөрвөн сая төгрөгөөр зарна уу, бүр өндөр үнээр зарна уу өөрсдийнх нь эрх. Засгийн газар иргэдийн эрх чөлөөнд халдаж болохгүй.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд олгох 340 мянган төгрөгийг оноос өмнө олгож эхэлсэн. Цагаан сараас өмнө олгогдож дуусах уу?
-Мөнгө саадгүй олгогдож байгаа. Цаг хугацааны хувьд жаахан шахуу байлаа. “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” банкаар мөнгө тараагдаж байгаа. Мөнгө эзэндээ очоод эхэлчихсэн. Цагаан сарын өмнө олгогдож дуусна.