Мандал-Овоо сумын соёл спортын төв ашиглалтанд орлоо
2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Соёл спортын төв” ашиглалтанд орох нээлтийн үйл ажиллагаа боллоо. Соёл спортын төвийн нээлт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханы бие төлөөлөгч Д.Нацагдорж, Аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол, тус сумаас аймгийн иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгч Р.Тунгалаг, сумын засаг дарга Ц.Санжаа нарын нэр бүхий зочид төлөөлөгчид тууз хайчилснаар эхэлсэн.
УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тус төвийг барьж байгуулахаар санаачлан улсын төсөвт 400 сая төгрөгийг суулгаснаар өнөөдөр Мандал-Овоочууд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвтэй болсонд баяртай байгаагаа хэлж байсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд эрхэм гишүүн ирэх байсан боловч ирж амжаагүй. Харин бие төлөөлөгчөөрөө дамжуулан сэтгэлийн үгтэй илгээлт мэндчилгээгээ хүргүүлснийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Тэрээр илгээлтэндээ “алт зэс зэрэг экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр асар ихээр өсөж байх тэр үед ашигт малтмалын үний өсөлтийн гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг татварт тооцох суурь үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээр тооцон татварыг монгол улсын хөгжлийн санд төвлөрүүлэн улсын дэд бүтэцийн салбарт зарцуулж олон бүтээн байгуулалт бий болгосон. Энэхүү хөгжлийн сангийн хөрөнгөөр тус суманд 100 ортой цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлэн ашиглалтанд оруулсан. Өнөөдрийн энэ өдөр нээлтээ хийж буй соёл спортын төвийн санхүүжилт ч энэ сангийн хөрөнгөөр барихаар 2007 онд шийдэж эхэлсэн юм” гэж онцолсон байлаа.
Мөн энэ үеэр сумын иргэдийг доргиосон цэнгүүн болсон. Залуу дуучин Эгшиглэн, BX, жүжигчин н.Эрдэнэбаяр нарыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тус суманд урьж ирүүлсэн юм. Тусгай салаа олон ангит киноны Дэндэвийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин н.Эрдэнэбаярыг Мандал-Овоочууд болон тус суманд тэмцээнд оролцохоор ирсэн зэргэлдээ аймаг сумдын иргэд ч цугларч халуун дотноор хүлээн авсан. Тэрээр залуу жүжигчин н.Эрдэнэбаяр “Биднийг уулзуулж байгаа УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан ахдаа баярлаж байна” хэмээн сүүлийн үед хит болж буй “Ааваа зорино” дуугаараа соёл спортын төвийн нээлтийг мялаасан юм.