Дарханы залуус "ЗР"-г амжилттай хэрэгжүүлжээ
Дарханыг залуусын хот гэдэг. Энэ ч утгаараа залуу хүн бүрийн дэврүүн хүсэл мөрөөдлийг өдөөж, тэтгэх олон арга хэмжээ Дарханы залуусын дунд зохион байгуулагдсаар уламжлал болжээ. Тэр дундаа тус аймгийн "Нийгмийн ардчилал" МЗХ-ныхны сүүлийн сарын хугацаанд зохион байгуулсан арга хэмжээ дан ганц залуус гэлтгүй олон хүмүүсийн талархлыг хүлээжээ. Юу гэвэл, Дархан хотын алслагдсан VII, VIII гэр хорооллын ганц цэцэрлэгт 30 хүүхдийг хүлээн авах боломжтой "Ирээдүй" бүлгийг нээн шинээр ашиглалтад оруулсан байна. "Ирээдүй" бүлэгт цэцэрлэгт ахдаж, сургуульд балчирддаг таван настнууд хүмүүжихээрээ онцлог. Цэцэрлэгийн ашиглагдахгүй байсан өрөө, танхимыг залуус эрвийх дэрвийхээрээ янзалж тохижуулжээ. Таван настнуудын хүмүүжих үндсэн ангиас гадна угаалгын өрөө, гал тогоо, хувцасны өрөөг ч сүрхий бэлтгэжээ.
Хуучин анги танхимыг сэргээн завсарлах будаг шунхны ажлыг Дарханы мэргэжил сургалтын төвийн багш, сурагчдын хүчээр гүйцэтгэсэн бол орон нутгийн том, жижиг аж ахуйн нэгжүүд байгаагаа хандивлаж бүхэл бүтэн нэг ангийг "босгоод" авсныг харахад бахархмаар байлаа. Түүнээс гадна төсвийн хөрөнгө харж суудаг тус цэцэрлэгийн хамт олон энэхүү шинэ бүлгийн урсгал зардал, багш ажилчдын цалинг зардалдаа тусгаж, шийдвэрлэх боломжтой хэмээн залуусын ажлыг дэмжсэн байна. Энэ нь тус холбооноос өрнүүлж буй төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хоршуулах замаар амжилтад хүргэх зорилготой "ЗР" гарц нээлттэй хэлэлцүүлгийн үлгэр жишээ үр дүн болсон гэлтэй. "Ирээдүй" бүлгийг нээх арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар болон НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтансүх, Дархан-Уул аймгийг хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батзаяа нар хүрэлцэн ирсэн юм.
Улстөрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд намын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлэн НАМЗХ болон өөрчлөгдсөн даруйд "Залуу үе-манлайлал" сарын аяныг Дарханы залуус орон нутагтаа зохион байгуулсан нь энэ аж.
Аяны хүрээнд тодорхой дөрвөн ажил хийжээ. Цэцэрлэгийн "Ирээдүй" бүлгээс гадна хувь хүний хөгжих боломж, залуусын нөхөрлөл, хамтын ажиллагаа, улс, эх орон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, олон улсын түншлэл, улстөрийн үйл ажиллагаанд оролцох боломж гэсэн НАМЗХ-ны таван боломжид уриалсан захидлыг залууст хүргүүлсэн байна. Ингэхдээ аймгийн хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа 35 хүртэлх насны мянга орчим залууст тухай бүр нь хаяглан хувь хүн бүрт "Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье" захидлыг хүргүүлжээ. Мөн ЕБС-ийн 12 сургуулийн 1500 сурагчдын дунд "Бид ирээдүйн эзэд" цуврал лекц уншиж хэлэлцүүлэг өрнүүлсэн . Өсвөр үеийн хүүхэд, сурагчдаас гадна Дархан, Орхон, Шарын гол, Хонгор суманд "Залуу үе-манлайлал" сургалтыг 320 орчим залуучуудад амжилттай хүргэж чадсаныг онцлон дурдууштай.
Аяны хүрээний хаалтын сургалтууд Дархан суманд болсон бөгөөд холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ "Хувь хүний зорилго, алсын хараа", ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтансүх "Нийгмийн ардчилал ба түүний үзэл баримтлал", холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит академийн сургагч багш О.Энхжаргал, Д.Амгалан нар "Би хаана явна вэ", "Багаар ажиллахын утга учир" сэдэвт сургалтаар залуусын толгойг цэнэглэлээ. Хувь хүний хөгжилд чиглэсэн эдгээр сургалт нэг удаа болоод өнгөрөх бус тогтмол байх ёстойг сургалтад оролцогчид хэлж байлаа.Үүний зэрэгцээ Дархан сумын намын анхан шатны байгууллагын 40 удирдах ажилтанд "Бид манлайлал" сургалтыг зохион байгуулсан байна.