УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ажиллаад ирлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр есдүгээр сарын 09-19-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаад ирлээ. Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит хилийн цэргийн 0214-р ангийн хилчдийн баярт оролцон цэрэг дайчид, офицер, ахлагч тэдний ар гэрийнхэнд баярын мэнд дэвшүүлж, ангийн бие бүрэлдэхүүнтэй туяаат тоо хийлээ. Энэ үеэр уулзалт, үдэшлэг зохион байгуулж дуу хуур, бүжиг наадам, инээдэм наргиантай нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ. Төрийн залуу түшээ эрхэм гишүүнийг цэнгээнт бүжгийн бүх төрлөөр тун чиг чадамгай бүжиглэхийг нь харан баяссан хилчид мэргэжлийн бүжигчнээс дутахааргүй байна шүү гэж ам дамжин ярьцгааж байлаа.
Мөн Говь-Алтай аймгаас алслагдсан Алтай, Эрдэнэ, Бугат, Тонхил сумын багуудыг 24 цагийн харилцаа холбоогоор хангаж өглөө. Учир нь эдгээр сумдын нутгаар өвөл, хаварт цас их унаж зам харгуй, даваа гүвээ хаагдаж харилцаа холбоо тасарч малчдын ахуй амьдралд хүнд цохилт болдог. Багийг холбоожуулсан энэхүү ажил нь малчдын хүсэн хүлээж цаг үеэ олсон үр дүнтэй чухал ажил боллоо.
Бугат сумын Бижийн голын услалтын системийг сэргээн засварлаж усалгаат газар тариалан болгох ажлыг санаачлан улсын төсвөөс 996 сая төгрөгийг шийдвэрлүүлэн ажлыг нь эхэлүүллээ. Нийт талбай 436 га бөгөөд хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж, Алтайн өвөр говийн малчдын хэрэгцээг хангах зорилготой юм.
Монгол Улсын гавъяат багш Ж.Гомбын нэрэмжит Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 жилийн ойн эрдмийн их баяр ёслол төгөлдөр боллоо. Түүхт энэ сургуулиас урлаг спорт, улс төр бизнес, утга зохиол, нийгмийн бүхий л салбарын манлайлагч нар төрөн гарсан ариун гэгээн эрдмийн их өргөө билээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус сургуулийн 50 жилийн ойн сургуулийн дотуур байрны гал тогоо, хоолны заалыг 9.3 сая төгрөгөөр засварлан тохижуулж 5 ш компьютер, 2 ангийн ширээ сандлыг бүрэн шинэчилж, үндэсний хөгжмийн иж бүрэн зэмсэг, ахмад багш нарын холбоонд суурин компьютер тус тус гардуулан өглөө.
Говь-Алтай аймгийн баруун хойд талын алслагдсан Тонхил, Дарви, Хөхморьт сумдыг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгохоор Ховд аймгийн Дарви сумын өндөр хүчдэлийн шугамтай холбох ажлыг эхлүүлж улсын төсвөөс 1.7 тэрбум төгрөгийг гаргуулж шийдвэрлүүллээ.