Сум, багийн үүргийг тодорхой болгож эрх мэдлийг нь өгөх ёстой
- Би тойргийнхоо ажил амьдралтай танилцах энэ удаагийн томилолтоо тус аймгийн цэцэрлэгүүдээс эхлэсэн. Дөрвөн сумын 18 цэцэрлэгээр орж ирэх жилийн төсөв хэлэлцэхэд чухам юунд нь анхаарахав гэдгийг мэдэхийг зорьсон. Ер нь цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын ярихыг сонсоход цэцэрлэгүүд төр засгийн анхааралд тун бага өртдөг гэж ярьж байсан.
Ялангуяа хэд хэдэн цэцэрлэгт дээврийн засвар, сантехник, гадаа тоглоомын талбай, хашаа, тоглоом, багшийн сургалтын хэрэгсэл дутмаг, хүмүүжүүлэх хүүхдийн даац хэтэрсэн гээд анхаарах асуудал цөөнгүй байна. Шарынгол сумын гурван цэцэрлэгээр орж зарим цэцэрлэгт нь хувийн зүгээс компьютер, тоглоом, мөнгөн хандив өгсөн. Мөн үеэр гэр хорооллын иргэдтэй гурван газарт хэсэгчилж уулзалт хийлээ.
Иргэдийн хамгийн их тавьсан асуудал бол ажилгүйдэл их байгааг яриад Шарынгол сумынхан бол үе үеийн уурхайчдын үр сад учир Оюу толгой, Таван толгойд очиж ажиллахад бэлээхэн уул уурхайн туршлагатай хүмүүс учир манайхаас ажиллах хүн хүч авахад тавьж байлаа. Үүнийг би тодорхой төвшинд гаргаж ярья гэж бодож байна. Бас хөдөөгийн малчин өрхүүдээр явж амьдрал байдалтай нь танилцлаа. Тэдний ярьснаар бэлчээрийн асуудал хүнд байдаг юм байна.
Шарынгол сум анхнаасаа уурхайн тосгон гэдгээр байгуулагдсан болохоор газар нутаг багатай. Малчдын өрхийн тэргүүн нь Шарын гол сумын иргэн байхад эхнэр нь тус сумын залгаа нутаг буюу одоо зусч өвөлжиж байгаа Сэлэнгэ аймгийн Баянгол сум юм уу эсвэл Дархан -Уул аймгийн Хонгор сумын иргэн байдаг байна. Эс тэгвэл тухайн газар нутагт малтай байх боломжгүйд хүрдэг учраас тэр гэнэ. Энэ нь малтай байхад нь хэрэг болдог боловч төрийн үйлчилгээг авах болохоор хоёр өөр аймаг сум руу явах хэрэг гарч ихээхэн чирэгдэл учирдаг байна.
Мөн тус сумын гурван багт иж бүрэн компьютер, албан бичгийн ширээ сандал зэргийг өгч төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж ажиллахыг хүсч гардуулсан. Өгсөн компьютерууд маань хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай учир ашиглах сургалтад зайлшгүй суух шаардлагатай болохоор Дархан хот дахь “Виктория” компьютерийн сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг гардуулсан. Учир нь уг сургалтын төвтэй манай сан хамтран ажиллах гэрээ байгуулж аймгийн дөрвөн сумын нийт 24 баг тус бүрт иж бүрэн компьютер гардуулахад бүх багаас тус бүр нэг ажилтанг нь сургахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа гэж ярив. Эрхэм гишүүн мөн үеэр гурван багийн орон гэргүй дөрвөн айлд гэр гардуулав.
Манай сургууль нь 1963 онд байгуулагдсан одоо 75 багш 1500 гаруй сурагчтай, сурлага, урлаг спортоор аймагтаа гуравт ордог бол улсын 700 гаруй сургуулиас 60 -д орсон энэ амжилтаа бататгаж аймгийн тэргүүний сургууль болох зорилт тавиад ажиллаж байна гээд тус суманд интернетийн сүлжээ байхгүйгээс багш, сурагчид мэдээллээс хоцорч байгаа тул интернетийн сүлжээтэй болоход туслаач гэсэн хүсэлт тавьсныг эрхэм гишүүн анхааралдаа авч ойрын үед холбуулах талаар туслана гэв. Тэрбээр Шаазгайтын гэр хороолол дахь цэцэрлэгийн ажилтай танилцаад тоглоом болон мөнгөн тусламж өгснөөр Шарынгол суманд ажиллах томилолтоо өндөрлөсөн юм.
Төрийн далбаагаа шүтэж явахад эрч хүчтэй байдаг
Дараа нь эрхэм гишүүн Дархан суманд таван хоног ажиллав. Эхлээд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн ажилтнуудтай уулзалт хийхэд аймгийн ерөнхий шүүгч Амарсанаа болон Сум дундын ерөнхий шүүгч Оч нар шүүхийн ажил байдлаа танилцуулав. Уг уулзалтад эрхэм гишүүн тэдний ажлыг өндөр үнэлээд төрийнхээ хуулийг дээдлэж шүүхийн ажлаа шинэ шатанд гаргаж ажиллахыг хүсээд иж бүрэн компьютер гардуулав.Тэрбээр:
-Би хуульч хүн учраас Дархан хотод хийх уулзалтаа хуулийн байгуулагаас эхлэж байна гээд өмнө нь ирж байхад техник хэрэгсэл дутагдалтай гэж хүсэлт тавьж байсан болохоор энэ удаа та бүхний ажилд амжилт хүсч компьютер гардуулж байна гэв.
Тэрээр тус суманд ажиллахдаа иргэдээс аймгийн Иргэдийн төлөөлөгчдөөр дамжуулж эрхэм гишүүнд хандаж тавьсан хүсэлтийг харгалзаж холбогдох байгууллагуудад хандсанаар сумын бүх баг буюу 16 баг тус бүрээс орон гэргүй амьжиргааны төвшин доогуур 16 айлд гэр гардуулав. Уг ажиллагаанд сумын Засаг даргын орлогч Б.Азжаргал болон аймгийн Иргэдийн хурлын найман төлөөлөгч оролцов. Эрхэм гишүүнд урьд өмнө нь тус аймагт буюу тойрогтоо ажиллах үед болон иргэдтэй уулзах үед өөрт нь хандаж иргэдээс ирүүлсэн хүсэлт өргөдөлд дурдагдсан гэр орон нь шатсан, орох оронгүйн улмаас байшингийн хонгилд амь зуудаг хүмүүст туслаж байгаа нь энэ аж.
Тэрбээр Дархан хотод ажиллахдаа өөрөө анх цэцэрлэгт орж хүмүүжиж байсан Шинэ Дархан дахь Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгээр орж “Сүхбаатар хөгжил сан”гаас сургалтад дэмжлэг үзүүлж иж бүрэн компьютер, тоглоомын цуглуулгын хамт бэлэглэв. Мөн энэ удаа аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Монголын Хараагүйчүүдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын хүсэлтээр шинээр нээсэн ажлын байранд нь ирж Харааны бэрхшээлтэй иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсож харилцан ярилцаж Шинэ байрных нь тохижилтод зориулж “Сүхбаатар хөгжил сан”-гаасаа иж бүрэн компьютер, 500 мянган төгрөгийг хандивлаж тэднийг гар хумхин суулгүй чадах юмаа хийх хүсэл эрмэлзэлтэй байгаад нь талархаж урам зоригтой байхыг ерөөв.
Өрхийн эмнэлгүүдийн удаа дараагийн хүсэлтээр эрхэм гишүүн Ж.Сүхбаатар хөөцөлдөж улсын төсөвт хөрөнгө суулгаснаар таван эмнэлэг хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай явуулын ЭХО аппарат, иж бүрэн компьютер дагалдах хэрэгслийн хамт гардуулав. Энэхүү тоног төхөөрмжтэй болсноор тухайн өрхийн эмнэлгүүд иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ өрхийн эмнэлэгтээ ЭХО -гоор харж оношлох боломжтой боллоо. Эдгээр өрхийн эмнэлгүүдийн нэг “Гос хот” өрхийн эмнэлэгт уг ЭХО оношлогооны аппаратыг ажиллуулахаар туршлагатай ахмад эмч Хандсүрэн эмч шууд ажилдаа орж өвчтөнийг оношлон үйлчилж эхлэв.
Дараа нь эрхэм гишүүн тус сумын зарим орон сууцны дээврийн засварын ажилтай газар дээр үзэж танилцав. Тус аймагт энэ жил орон сууцны дээврийн засварт 920 сая төгрөг төсөвлөсний 350 сая төгрөг нь Ж.Сүхбаатар гишүүний тойрогтоо хуваарилуулсан нэг тэрбум төгрөгөөс оруулсан мөнгө юм. Шинэ Дарханы шинэ хорооллын 1б байрын дээврийн засварыг тус аймгийн барилга угсралтын Гансүх даргатай “Дархан хүлэг” компани 20 орцын дээврийг засч байгаатай танилцаж засч дууссан гэж байгаа ч борооны ус тогтсон хэвээр байгааг шүүмжилж чанар сайтай хийхийг зөвлөж аймгийн захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Очиржавыг хяналт тавьж ажиллахыг хүслээ. Дархан хот ирэх жил 50 жилийнхээ ойг тэмдэглэх бөгөөд ойгоо угтаж “Дархан 50 цогцолбор”ыг байгуулж байгаа билээ.
Уг цогцолборын төв хэсэгт орших хүндэтгэлийн баганын оройд төрийн далбаа намирч байгаа. Уг далбааны өндөрлөг суурийн байгуулалтыг эрхэм гишүүний хөрөнгө оруулалтаар Г.Гансүх захиралтай барилга угсралтын “Ган алдар” компаны барилгачид барьсныг мөн үеэр ашиглалтад хүлээн авч нээлтээ хийлээ.
Нээлтэд эрхэм гишүүн Ж.Сүхбаатар:
-Би Дархан хотод төрж өссөн болохоор төрөлх хотынхоо 50 жилийн ойн бүтээн байгуулалтын төв хэсэгт сүндэрлэх хүндэтгэлийн багана босгох хөрөнгийг шийдэж өгсөн бол бас энэ цогцолборын усан оргилуур барих хөрөнгийг төсөвт суулгахаар хөөцөлдөж байна. Төрийн далбааны суурийг барихад тусласан нь учиртай. Миний бие санаачилж хуулийн төсөл өргөн барьснаар Монгол улс төрийн далбааны өдөртэй болж түүнийгээ жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэдэг болсоор хоёр жил боллоо.
Төрийн далбаанаас адис авч шүтэж явдаг болохоор ажил үйлс маань өөдрөг байдаг. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Мини хөл бөмбөгийн талбайг эрхэм гишүүний ивээн тэтгэлтээр ашиглалтад оруулсантай танилцсан бол орон сууцны хорооллуудын дунд хоосон байгаа зайд хүүхдийн спорт тоглоомын талбай байгуулснаа оршин суугчдад хүлээлгэж өглөө.
Иргэд хүсэлт тавьж байхад хайхрахгүй байж болно гэж үү?
Эрхэм гишүүн Орхон суманд ажиллахдаа хөдөөгийн малчид болон ногоочидтай малын бэлчээр, ногооны талбайд уулзаж ургац хураалтын байдалтай танилцаж санал бодлыг нь сонсов. Сумын төвд байгуулагдаж байгаа хүүхдийн тоглоомын талбай болон сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хоёр багийн Засаг даргад иж бүрэн компьютер гардуулж орон гэргүй хоёр өрхөд гэр өгөв.
Хонгор суманд ажиллахдаа цэцэрлэгээр орж сургуулийн гадаа хийгдэж байгаа хүүхдийн спорт тоглоомын талбайн ажилтай танилцсан. Мөн сумын Салхит багийн Чандага цэцэрлэгийн ажилтай танилцаж орон гэргүй нэг өрхөд гэр өгч, Өгөөж-Чанар ХХК-ний үтрэмд очиж тариаланчидтай уулзаж ярилцсан. Дараа нь сумын төвд иргэдтэй хэсэгчилсэн уулзалт хийж багуудад мөн л иж бүрэн компьютер гардуулав. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тус аймагт ажиллах сүүлийн өдөр Дархан сумын шинэ Дарханы багуудын иргэдтэй хэсэгчилсэн уулзалт өндөрлөсөн. Эрхэм гишүүн уулзалтад оролцсон иргэдийн асуултад хариулахдаа:
-Би энэ удаа УИХ-аас батлан гаргаж байгаа хуулиудын хэрэгжилт нь ямар байгааг мэдэж улс орны эдийн засгийн байдал, төрийн бодлогыг таниулж тойргийнхоо аж амьдралтай танилцахыг зорьж ажиллалаа. Намайг УИХ-д сонгогдсоноос хойш миний нэр дээр олон арван өргөдөл хүсэлт ирсэн. Эдгээрийг энэ үеэр заримаас шийдэж хариу өглөө. Энэ удаа орон нутгаа хөгжүүлье, аймаг, сум, багийн үүргийг тодорхой болгож эрх мэдлийг нь өгөх ёстой гэдэг чиглэл баримталж ажилласан.
Хамгийн сайн гэж ярьдаг УИХ-ын гишүүн нь тухайн орон нутгийн дотоод ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байвал нутгийн хамгийн сайн өөрөө удирдах ёс, эрх мэдлийг үгүйсгэж иргэдийн орон нутагтаа итгэх итгэлийг алдагдуулдаг. Иргэд аливаа асуудлыг “Үүнийг манай УИХ-ын гишүүн шийднэ” гэдэг ойлголттой болдог. Хэчнээн сайн УИХ-ын гишүүн байлаа гээд орон нутгийн удирдлагыг гүйцэхгүй нь мэдээж. Иймээс энэ зарчмыг барьж ажиллая гэв.