Авлигаас ангид байхаар ажиллана гэв
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2013.01.15

Авлигаас ангид байхаар ажиллана гэв

Авлигын эсрэг парламентын дэлхийн байгууллагын Монгол дахь салбар байгуулагдлаа. Уг албан бус бүлгийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Я.Содбаатар, М.Батчимэг, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Авлига хээл хахуулиас ангид байх зорилгоор дээрх бүлгийг өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар байгуулж байсан аж. Шинээр байгуулагдсан уг бүлэгт хууль тогтоох байгууллагад сууж буй бүх намын төлөөллийг оролцуулан 12 гишүүнтэйгээр байгуулж даргаар нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллахаар болсон байна. Эл бүлэг цаашид ямар ажил хийхээр төлөвлөж буйг түүнээс тодрууллаа.

-Авлигаас ангид байхын тулд хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-УИХ болон Шинэчлэлийн Засгийн газраас сайн засаглалыг дэмжих, авлигыг бууруулах томоохон зорилтууд тавьж байгаа. Иймд манай бүлэг авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг НҮБ-ын конвенцод нийцүүлэх зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Авлигын эсрэг парламентын дэлхийн байгууллагад элссэн орнууд авлигатай хэрхэн тэмцэж байна вэ. Манай улс тэдний туршлагаас нэвтрүүлэх боломж бий юү?

-Уг байгууллага Канад улсад 2002 онд байгуулагдсан юм. УИХ-ын Авлигын эсрэг бүлэг энэ цагаас хойш гишүүнээр ажилласан. Одоогоор тус байгууллагад 45 орон нэгдээд байгаа. Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагаас энэ сарын 31-нээс ирэх сарын 2 хүртэл Филиппин улсад авлигын эсрэг олон улсын хурал зохион байгуулна. Энэ хуралд манай парламентын таван гишүүн төлөөлөгчөөр оролцоно. Тэд дэлхийн улс орнуудын авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэлбэрийг судалж, харилцан туршлага солилцохоор болсон.

Монгол Улс өмнө нь авлигын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас 120-д жагсаж байсан.

Харин өнгөрсөн онд 24 байраар урагшилсан нь авлигатай тэмцэж буй бодлогоороо олон улсад өндрөөр үнэлэгдснийг харуулж байна. Үүнийг Авлигын эсрэг бүлгийн үйл ажиллагаатай уялдуулан ойлгож болох юм гэв.

Шинээр байгуулагдсан албан бус бүлэгт УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, Ц.Даваасүрэн, С.Оюун, С.Бямбацогт, С.Ганбаатар, С.Дэмбэрэл, Я.Содбаатар Г.Уянга, Ж.Энхбаяр нар орсон байна. Дээрх байгууллагын анхны хурал 2002 оны аравдугаар сард Канад улсад болж, сайн засаглалыг дэмжин, авлигатай тэмцэгч дэлхийн 170 гаруй парламентч, 400 гаруй ажиглагч оролцож, шинэ байгууллагын бүтэц зохион байгуулалтыг хэлэлцэн баталж  байсан аж. Энэ чуулганд манай улсаас УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Шаравдорж нар оролцож байсан түүхтэй.