2013.01.23

Таван жилийн хугацаанд УИХ-д 12 мянган өргөдөл иржээ

УИХ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Өргөдлийн байнгын хорооны анхны хуралдаан өчигдөр болсон юм.

Анхны хуралдаанаар тус хороо байгуулагдсанаас хойш дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, УИХ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыгхэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулсан юм.

Ер нь сүүлийн таван жилийн дотор нийт 12 мянган өргөдөл УИХ болон гишүүдийн нэр дээр иржээ. Эдгээрийн 26.5 хувь нь гэр, 21 хувь нь мөнгө, эд бараа, арван хувь нь орон сууц хүссэн өргөдөл байж. Түүнчлэн эмчилгээний зардал олгож өгөхийгхүссэн өргөдөл 8.6 хувийг эзэлсэн бол тэтгэвэр тэтгэмж 5.3 хувь нь хүсчээ. Ажилд оруулах, шагнал олгуулах, ял шийтгэлээс чөлөөлж өгөх өргөдөл, хүсэлтүүд ч тодорхой хэсгийг эзэлж байсан талаар тус Байнгын хорооны дарга Р.Бурмаа танилцуулсан юм. Байнгын хорооны даргын хэлж байгаагаар дээрх 12 мянган өргөдлөөс ердөө дөрвөн хувь нь л УИХ болон түүний бүтцийн байгууллагад хамааралтай байсан гэнэ. Түүнчлэн өргөдөл бичиж, УИХ-д хандаж байгаа хүмүүсийн талаар ч судалгаа хийсэн байна. Тэдний дийлэнх нь ямар нэгэн хуримтлалгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүд аж.

Хөдөлмөр эрхэлдэггүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч дээрх тоонд жин дарж байгаа юм. Харин мөнгө хүсэгчдийн олонхи нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг гэнэ. Тэд хөрөнгө, мөнгө хүсэх болсон үндэслэлээ "бизнесээ өргөжүүлнэ" хэмээн тайлбарладаг байна. Иргэд ийнхүү УИХ болон гишүудэд хандан ямар нэгэн зүйл хүсдэг нь мажоритар тогтолцооны сонгуулийн бэлэн мөнгөний амлалттай шууд холбоотой хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн арван саяас эхлээд нэг тэрбум болтлоо өссөн "гишүүн"-ий гэгдэх мөнгө ч иргэдийг тэднээс ямар нэгэн зүйл хүсэхэд түлхдэг хэмээв. Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн сарын хугацаанд гэхэд л 350 өргөдөл хүлээн авсан байна.

Цаашдаа Өргөдлийн байнгын хороо УИХ-д ирсэн өргөдөл бүрийг хүлээн авч хариу өгч байх гэнэ. Гэхдээ иргэдийн хүссэн бүгдийг биелүүлээд байна гэсэн үг биш. Хэрэв УИХ-ын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар хандсан байвал тухайн иргэний өргөдлийг холбогдох газруудад нь шилжүүлэх аж. Ингэхдээ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар заавал эргэх холбоо тогтоож байх юм. Мөн Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд үйл ажиллагаагаа ямар зарчмаар хэрхэн явуулах, төсөв мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ч ярилцсан юм. УИХ өөрт хамаатай асуудлаар ирсэн өргөдлийг шийдэж байхын тулд Өргөдлийн байнгын хороо тусдаа төсөвтэй болох гэдэг санааг ч гаргаж байлаа. Хуралдааны үеэр тус Байнгын хорооны дүрмийн төслийг баталж, хорооны үйл ажиллагаатай холбогдох хууль болон бусад хууль тогтоомжийг батлахаар боллоо. Тиймээс үүнд зориулсан тусгайлсан Ажлын хэсгийг

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

байгуулан, ахлагчаар нь С.Ганбаатар гишүүнийг томилсон юм.

Нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтаршил, хэргийн ачаалал зэргийг харгалзан эрүү, иргэн, давж заалдах шатны шүүхийг бүсчилсэн хэлбэрээр байгуулахаар болж буй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тухайлбал Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны нэгдүгээр шүух нь Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлахаар болж байгаа аж. Түүнчлэн Дорноговь аймгийн Иххэт сумыг сум дундын 29 дүгээр шүүхийн харьяалалд оруулахаар хуульд тусгажээ. Мөн Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумыг сум дундын зургадугаар шүүхийн харьяалалд шилжүүлсэн. Гэвч Хэнтий аймгийн Хэрлэн суманд давж заалдах шатны шүүх байгуулахыг зарим гишүүн эсэргүүцэж байлаа. Х.Болорчулуун, Р.Бурмаа нарын гишүүд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны нэгдүгээр шүухийн байршлыг Хэнтий аймгийн Хэрлэн суманд бус Дорнод аймгийн Хэрлэн сум болгох санал гаргасан юм. Дээрх саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэнээр Хэнтийн Хэрлэнд байгуулах гэж байсан шүүх Дорнодод шилжихээр болов.

Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь Хаягжуулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Энэ үеэр зөвхөн нийслэл төдийгүй хөдөө, орон нутгийн замын тэмдэглэгээ, хаягжуулалтын асуудалд анхаарах цаг болсныг гишүүд хэлж байлаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлжүүлэлт болон төрийн нууцын зэрэглэлийн асуудауудтай зайлшгүй холбогдох учир тухайн чиглэлийн албан тушаалтнуудыг үүрэгжүүлэх зэрэг асуудлыг төсөлд тусгах зэрэг олон санал гаргасан юм.