Баялгийг зөөх багалзуурыг хэн эзэмших вэ гэдгээр зөрчил үүсээд байна
Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг өмнөх парламентаар баталсан. Гэвч одоогийн эрх баригч Засгийн газарт царигийн өргөн нарийнаас авахуулаад энэ сэдвээр зөрүүтэй байр суурь баримтлагч талууд гарч ирсэн. Энэ талаар улс төр, эдийн засгийн хүрээний зарим хүнээс байр суурийг нь сонирхлоо.
Төрийн аливаа бодлого, шийдвэр хэн нэг хувь улс төрчөөс хамаарч болохгүй. Энэ бол эхний хатуу алтан зарчим. Хоёрдугаарт, үндэсний эрх ашигтай холбоотой асуудлаар төр бодлого, шийдвэр гаргахаасаа өмнө тухайн асуудлаар мэргэшсэн, хөндлөнгийн, хараат бус шинжээч, судлаачдын дүгнэлтийг ул суурьтай судалдаг байх ёстой. Энэ бол хоёрдугаар алтан зарчим. Улс төрч хүн төмөр зам мэдэхгүй байж цээжээ дэлдэн, мэдэмхийрч болохгүй. Оюу толгой дээр ч бид ингэж алдсан. Бүгд геологич болцгоосон. Уул уурхайн хөгжлийг дэлхийн олон орны туршлагаас харахад хэн ухаж гаргасан нь баяждаггүй. Хэн зөөсөн нь баяждаг.
Бүтээгдэхүүн хийсэн нь биш, зарсан нь хөлждөг. Ийм механизм сүүлийн 50-60 жил дэлхийн улс орнуудад үйлчилж байна.
Энэ бол зах зээл. Тиймээс бид нүүрстэй байж болно. Нүүрсээ эзэмшүүлж, ухуулж болно. Харин тэр баялгийг зөөх гол багалзуурыг хэн эзэмшиж байгаагаас бүх зүйл шалтгаалдаг. Үүн дээр л бүлэглэлүүдийн хооронд зөрчилдөөн үүсээд байна.
Тиймээс ард түмэн үүнийг дуугүй сонсч, УИХ нь ч ангайж суухын оронд даруй хуралдаж, энэ асуудлаар хөндлөнгийн бие даасан дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан. Үүнийгээ эргэлзээтэй гэж үзэж байвал хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж эцэслэн шийдэх нь зүйтэй. Гэхдээ хөндлөнгийн шинжээчдийг эрдэмтэн мэргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл болон УИХ, Засгийн газрын хамтарсан багаас бүрдүүлэх хэрэгтэй