Ц.Баярсайхан: Өмнөговьчууд нутгийн хишгээ хүртэж эхэллээ.
Өөрөөр хэлбэл тус нутгийн хүн болгон 50 мянган төгрөг гар дээрээ аваад байгаа аж. Энэ ажлыг санаачилсан УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-Энэ хямралын цагт, хүн болгон хасна танана гэсэн үг унагах болсон энэ үед ийм ажил санаачилсан нь сайхан санагдаж байна. Ямар учраас ийм ажлыг хийх болсон юм бэ
-Өмнөговь аймгийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд “Нутгийн хишиг”-ийг иргэн бүртээ хүртээх хөтөлбөртэйгөөр оролцсон. Улмаар Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялж олонхи болсон учраас аймгийн ИТХ тодорхой журам боловсруулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм. Ингээд хоёрдугаар сарын 17-нд аймгийн төвд “ Нутгийн хишиг” хөтөлбөрийн нэээлтийн үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Уул уурхайн ил тод байдал, уул уурхайн баялгийг ард иргэддээ хүртээх энэ зарчим говь нутгаас ийнхүү эхэлж хэрэгжлээ. Хөрөнгийн эх үүсвэр болж байгаа орон нутгийн 51 хувийн өмчтэй “Таван толгой” компанийн хувьчлалын асуудлыг 1990-ээд онд Өмнөговь аймгийн өмч хувьчлалын комисс шийдэж байлаа. Энэ дагуу Таван толгой, Хүнсний үйлдвэр, Материал хангамжийн удирдах газар зэрэг томоохон аж ахуйн нэгжийн 51 хувийг орон нутгийн өмчлөлд авч үлдэж байсан. Өмч хувьчлалд авч үлдсэн тэр үеийн өмч хувьчлалын шийдвэр маань зөв байжээ, нутгийн иргэд энэ үр ашгийг хүртэх түүхэн боломж гарлаа гэж үзэж байна.
2007 оноос эхлээд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ бид хоёр энэ “Нутгийн хишиг” хөтөлбөрийг анх санаачилж, аймгийн ИТХ-д оруулж байсан юм. Тэр үеийн ИТХ шийдэж чадаагүй. Харин сая шинээр байгуулагдсан аймгийн ИТХ шийдвэрээ гаргаж, энэ ажил эхэллээ.
-Нийт хичнээн иргэн энэ хишгийг хүртэж байгаа вэ
-Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн бүртгэлтэй иргэд 48700 орчим байдаг. Энэ бүх хүмүүс цөмөөрөө сар шинийн өмнө 50 мянган төгрөгийг гар дээрээ авч байна.
-Тэд баяртай байна уу, Өмнөговьчуудын сэтгэгдэл ямар байх бэ
-Баяртай байлгүй яахав. Тэд сэтгэгдэл тун өндөр байгаа. Ялангуяа малчдын орлого буурсан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханш доогуур байгаа, ажлын байрны хомсдолтой, санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ үед аймаг орон нутгийн захиргаанаас ийм ажлыг хийж эхлүүлнэ гэдэг их том бэлэг боллоо.
-Энэ ажил нь намуудын “Эх орны хишиг”,” Эрдэнийн хувь” зэрэг амлалтуудын эхлэл, загвар гэж хэлж болох уу
- Иргэд мэдээж энэ амлалтын мөнгийг хүлээж байгаа. “Нутгийн хишиг” хөтөлбөр бол намуудын энэ том амлалтыг хэрэгжүүлэх дотоод боломж байгааг харуулж байгаа хэрэг юм.