Завханаас түүсэн замын тэмдэглэл
2009.02.22

Завханаас түүсэн замын тэмдэглэл

Жаран жилд ганцхан тохиодог гэх хулгана сарын хулгана өдөртэй ам цагаан хулгана жилийн сүүлчийн өдрүүдэд Монгол орны өргөн уудам нутаг даяар цас ихтэй, бас шуургатай хүндхэн байлаа. Ийм л өдрүүдээр Завхан аймгийн алсын сумдыг зорилоо. Баруун зүгийг чиглэсэн замыг дагасаар Хүй долоон худаг хэмээх өргөн хөндийг бараалахын үед хотын бидний амьсгалыг дарж, агаарыг бохирдуулж буй утаан хөшигнөөс суга үсрэн гарах шиг санагдаж, нэг их сайхан амьсгаа авав. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот хүртэл барууныг чиглэсэн боломжийн хар замтай болчихсон юм байна. Гэхдээ замын эхэнд Төв аймгийн Лүн сумын нутаг дахь хэсэг зам тасархай шороогоороо хэвээр. Үүнийг Орхон аймгийн "Очир төв" компани засч, зам тавих тендерт нь ялсан гэдэг ч өдгөө гурван жилийн нүүр үзэж, аян замын хүмүүсийг шороо тоосонд хутгасаар байгаа билээ. Алсыг зорьсон бидний хэсэг хүн саад тотгор үгүй явсаар шөнө дөл болсон хойно Завхан аймгийн Их-Уул суманд ирж саатлаа. Маргааш өглөө нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол сумын иргэдтэй уулзалт хийж, тэдний санал хүсэлт, жаргал зовлонг сонссон юм.


Их-Уул сум 6000 гаруй хүн ам, 142 мянган толгой малтай аймагтаа бас ч том сум юм байна/Цагийн сайханд нэгдлийн дарга Я.Дашпунцаг нь хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан бас ч ажил хөдөлмөрийн алдар цуутай газар байж. Одоо ч сумдаас анх түрүүн төвийн нэгдсэн эрчим хүчинд холбогдож, баруун хязгаарт "од" болж байгаа сум гэнэ. Харин ямааны тоо толгойг хэт өсгөснөөс бэлчээрийн даац хэтэрсний дээр хөрсний талхлалт, сүйтгэл нүүрлэн малчид хажуу хавирга дахь Хөвсгөлийн Түнэл, Булганы Адаацаг, Баянхонгорын Гурванбулаг болон Архангайн зарим сумын нутагт отор хийдэг аж. Бид Солонготын даваагаар давж, Тосонцэнгэл сум руу явж байхад сарлаг тэрэг хөллөсөн малчин залуус Архангайн Цахир, Хангай сумаас нутгаа зорьж буйтай тааралдсан. Шөнийн харанхуйд нутгаа тэмцэж яваа хоёр гурван мянган мал туучихсан, үстэй малгайгаа сөхөөд халуу оргиж яваа залуусыг харахад өөрийн эрхгүй атаархах, бахархах сэтгэл төрж байна лээ. Их-Уул сумын иргэдтэй уулзахад ярьж байсан гол сэдэв нь отрын нутаг байлаа. Хэдий Халхын хавтгай боловч сум орон нутгаар нь хуваарилаад зааглачихсан болохоор өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийхэд цаадуул нь тийм ч таатай ханддаггүй бололтой юм. Үүнтэй уялдан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зарим сумдыг нэгтгэх арга бодооч гэж иргэд санал тавьж байсан нь бас л бодууштай санаа мэт. Хоорондоо 40-50 км-ийн зайтай Асгат сум ердөө л 900 гаруйхан хүн амтай байхад Их-Уул бараг долоо дахин их оршин суугчтай байх юм. Тэгсэн атлаа төсвөөс авдаг татаас нь яг адилхан гэнэ. Тиймээс төрийн ажил-тан хэдэн хүнийх нь ажлын ачаалал тэнцвэртэй бус байдаг тал ажиглагд-сан. Ямар сайндаа л Их-Уул сум уг нь Архангайн харьяанд байсан юм. Түүнийг нь сэргээж өгөөч гэсэн иргэний хүсэлт гарч байхав.

Хүний эрх, эрх чөлөө гээч юм нь дэндчихээд үүргээ ухамсарладаг, гүйцэтгэдэг хүн дээр доргүй алга болчихлоо гэж бухимдах нэгэн байхад байгаль орчноо хамгаалах ажилд оролцъё, төсөл хөтөлбөрийг минь дэмжиж өгөөч, шатсан ой модоо өмх болчхоос нь өмнө ашигламаар байна гэх нөгөө нь ч байлаа. Бас УИХ-ын гишүүдийг байнга дагалддаг 320 хүүхдийн сургууль барьж өг, сумын төвийн 3000 хүнд ганц ч халуун усны газар алга, дотуур байранд амьдардаг 30 хүүхэд халаалт үзэлгүй хөлдөж үхэх нь гэх зэрэг аж ахуйн асуудал ч яригдаж байв. УИХ-ын гишүүн тэр бүхэнд хариу өгч, улс орныг хамарсан санхүү-гийн хямралт байдлыг даван туулах, иргэдийн ажил амьдралыг алдагдуулахгүй байх талаар төр засгаас бүхий л арга хэмжээг авч, УИХ холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт хийх тухайд ярилцаж байгаагаа хэлж тайлбарлаж явлаа. Мөн найдвартай эрчим хүчинд холбогдсон давуу талаа ашиглан жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсч, нэгэнт эрч хүчээ авч буй "Атрын III аян"-ыг бүх талаар дэмжиж байгааг харгалзан газар тариалан эрхлэхийг зөвлөж байсан.

Бас отрын бүс нутгийн асуудлаар Засгийн газарт асуулга тавьж, хариу өгөхөө амласан юм. Тус сумын сургуульд УАЗ фургон автомашин, ардын хөгжмийн иж бүрдэл бэлэглэсэн нь хөдөөгийнхөнд ёстой л "сул эрдэнэ" байлаа. Бидний дараагийн зогсоол Тосонцэнгэл сум. Тухайн үедээ баруун аймгуудын мод, модон эдлэлийн хэрэгцээг хангаж байсан тус сум аргагүй л хангай газрын брэнд болсон төрөл бүрийн хийц загвартай барилга, байшингаар баялаг юм. Худалдаа үйлчилгээ, такси унаа нь төвлөрсөн сумын төвийн гол гудамжийг "уртцагаан" ч гэж нэрлэж болмоор. Улаангом, Тайширын гээд усан цахилгаан станцууд цөөнгүй ч өвөл усны нөөц нь тасарчихдаг болохоор Тосон дизель хөдөлгүүрээс хараат хэвээр байна. Сумын ИТХ-ын дарга Л.Баттулгын хэлснээр тус сум зудын нутагт тооцогдохгүй байгаа ч 2000 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байгаа гэнэ. Биднийг Тосон-цэнгэл сум руу дөхөж явахад замын хоёр талаар цасанд дарагдсан малын сэг зэм харагдаж байсан юм. Энд ирээд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт дээр мөн л сахилга хариуцлага хаа сайгүй алдагдсан тухай ярьж байлаа. Завхан аймаг болон олонхи сумдад АН-ын гишүүд Засаг дарга нь байдаг юм байх. Үүнээсээ болоод удирдлагын төвшинд нам эвслээрээ талцах, халах солих асуудал цөөнгүй гарсан нь үл ойлголцох байдал үүсгэдгийг хэн хүнгүй хэлж байв. Өндөр настан О.Дагвасамбуу гуай сум бүрт үгүй юмаа гэхэд ядаж аймгийн төвдөө түүхий эдийн бирж байгуулах, шатахуун тос хэмнэх үүднээс малыг хөлөөр нь экспортод гаргах зэрэг үнэтэй санал зөвлөгөө өгч байсан. Бас 1500 хүний суудалтай Соёлын төв барьж өгөхөөр гишүүн Ш.Сайхансамбуу амласныг сануулж, дамжуулж өгөхийг хүссэн юм. Тэр оройн уулзалтад цугласан мянга орчим хүний зарим нь халууцаж бачимдахдаа гарч орж байсныг эрхэм гишүүнд давхар уламжилъя. Хөдөөд малын гаралтай түүхий эд үнэхээр үнэгүйдчихсэн байна. Ноднингийн хавар ноолуураа 27 мянган төгрөгт хүргэж зарсан малчин залуу алдаагүй наймаа хийсэн гэж баярлаж суухад одоо хонины нэхий, өлөнтэйгөө ердөө л 2000, үхрийн шир 5000 төгрөг хүрч байгаа гэнэ. Сүүлийн үед уламжлалт үйлдвэрлэл гайгүй сэргэж байгаа ч нэг суманд 20-иод хөрөө рам ажилладаг нь өрсөлдөөн бий болгож, бэлтгэсэн мод нь барагтайхан үнээр борлодог болж. Иймээс малчид, сумын төвийнхний амьдрал амьжиргаа доройтож байгааг иргэд хэлж байсан. Тиймээс МАХН, АН-ын амлаж гарч ирсэн 1-1.5 сая төгрөгөө ядаж 100 мянгаар нь ч болов олгож эхлээч гэж хүсч байв. Уулзалтад цугларагсад чангаар алга ташиж дэмжиж байхыг үзвэл энэ нь олонхийн санал хүсэлт бололтой юм. Харин А.Даваадорж хэмээх хэвлүү-хэн бор залуу Тэлмэн сайхан" нэртэй малчны холбоог сумандаа байгуулж, малчин өрхийн 50-иас илүү хувийг гишүүнээр элсүүлж, малчдын ажил хөдөлмөрийг хоршиж эхэлсэн нь сайн эхлэл болж байгаад хүмүүс ам сайтай байсан. Тэрээр Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Ногоон алт" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэр хөтөлбөрт хамрагдаж байгаа залуу малчин С.Энхбаатарынд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зочилж, "Монгол Улсын сайн малчин"-ы шагналыг нь гардуулж өгсөн юм. Уран уулын өвөрт Агуйт хэмээх нөмөр нөөлөг газарт өвөлжиж буй малчны хотод таван хошуу мал тавлаг сайхан налайж байлаа. Тэрээр анх хувьчилж авсан зуун толгой малаа таван төрөл дээр нь тогтмол өсгөж одоо 3000 орчим болгосон байна. Тэндээс хөдөлсөн бидний цуваа 60 км газрыг бараг зургаан цаг туулж, Түдэвтэй сумын төвд очсон. Бага үхэр уул хэмээх хангайд бол багаханд тооцогдох цасан далай болсон уулын зүүн хормойд нимгэн газраа 10-20 см, хунгар газраа 60-70 см цастай нь явдлын биднийг саатуулж, давхар мосттой "Ланд" машин байн байн цасанд сууж явлаа. Цаг агаарын хүндхэн нөхцөлийг даван туулсаар Түдэвтэй сумын Аргалант багийн малчин Д.Батсайханд "Монгол Улсын сайн малчин"-ы шагналыг нь гардуулж өглөө. Тэрээр сумын төвөөс 30 орчим км-ийн зайд өвөлжиж байгаа ч тэр өдөр тэнгэр хангай аашаа хөдөлгөж, явган шуурга нүүр нүдгүй шуурч байсан болохоор шагналаа сумын төвд ирж авсан юм. Д.Батсайхан гал голомтоо сахисан айлын бага хүү бөгөөд 1700 гаруй толгой малтай гэж ярьж байсан. Хөдөөгийн малчид хэрэглээ нь бага болохоор бензин шатахууны үнэд нэг их санаа зовдоггүй юм байна. Харин бидэнтэй хамт явсан Төр захир-гааны авто баазын жолооч О.Чагнаадорж, Л.Зул хоёр зам алсарч нутаг холдох тутам шатахууны үнийн зөрүүд "шатаж" яваагаа гайхан шогширч байлаа. Арга ч үгүй юм. Архангайн төвд 1300-тай байсан бензин Тосон-цэнгэлд 1500 төгрөгт хүрч, дизель түлш 1750-1830 төгрөгөөр борлуулж байлаа. Харин хотод шатахууны үнэ гурван оронтой тоонд орсон таатай мэдээг 22-ын товчоон дээр ирж байж дуулаад бага зэрэг тайвшрах шиг болсон. Өвөлжилт хүндэрчихээгүй Завханы зарим суманд байдал нэг иймэрхүү байна. Харин зудтай сумдад малын хорогдол багагүй байгаа талаар аймгийн удирдлага мэдээлж байсан. Гэсэн ч урин цагийн эхэнтэй золгох сар шинийн баяртаа бэлтгээд хөдөө хотгүй хөлтэй л байна билээ.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.