УИХ-ын гишүүн Б Бат-Эрдэнэ зудтай сумдад ажиллаад ирлээ
2009.02.04

УИХ-ын гишүүн Б Бат-Эрдэнэ зудтай сумдад ажиллаад ирлээ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга Б. Бат-Эрдэнэ хөдөө орон нутагт ажиллаж  малчид хөдөлмөрчдийн ахуй амьдралтай биечлэн  танилцаж, нэн тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж өгснөөр  хатуу бэрх  цагт өвлийг үдэж хавартай золгож байгаа алслагдсан нутгийн  иргэддээ ихээхэн  сэтгэлийн  дэм өглөө.

 Мөн энэ үеэр Өмнөдэлгэр сумын нутгийн зөвлөлийн дарга, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан болон Ардын жүжигчин А.Энхтайван, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй нутгийн зөвлөлийнхөн  нутаг усныхандаа сэтгэлийн дэм өгч, урам хайрлаж байлаа.

 

Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан боловч  хөдөөгийн иргэд, тэр дундаа малчдын хувьд сэтгэл уужрах хараахан болоогүй байгааг өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийг  бүхэлд нь хамарсан  их цасан шуурга  харууллаа.

Энэ жил баруун аймаг тэр аяараа цасанд хучигдан зарим газартаа 40-50 см зузаантай цасан  бүрхүүл тогтож, хүн мал хавартай золгоход тун хүнд тусаж,  олон газар  цас зудын гамшгийн  байдалд байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын тухайд энэ жил 330454 толгой мал хаваржиж байна. Хэдийгээр  баруун аймгуудтай харьцуулшгүй боловч  мал хаваржилтийн байдал хүндэрч  байгааг эндхийн иргэд  ярьж байна.

 

Цас  хатуурч, малын хөл халцарч эхэлж байгаад сумын иргэд малчид санаа зовниж байгаа юм. Одоогийн байдлаар Өмнөдэлгэрт  хонь, ямаа  хамгийн их хорогдож байна. Адуу үхэр хонь ямаа нийлээд нийт 4000 орчим мал  сумын хэмжээнд хорогдоод байгаа   дүн мэдээ гарчээ.

 

Мөн Чандгана, Талбулаг, Наран багуудад өвс тэжээлийн хүрэлцээ дутмаг байгааг   сумын захиргаа  эрхэм гишүүнд дуулгаад авлаа.

Хаваржилт хүндрэх төлөвтэй газруудад  аймгийн  төсвийн багцаас нэмэлтээр өвс  тэжээл  олгохыг УИХ гишүүн аймгийн удирдлагуудад  захилаа.

Өмнөдэлгэр сум 1608 өрхтэй, нэг өрх ойролцоогоор  205 толгой малтай  байдаг байна. Харин  малгүй өрх 600 орчим байдаг, эдгээр өрхүүд сумынхаа байгалийн баялагт түшиглэн, ахуй амьжиргаагаа залгуулж байгаагаас гадна гэрээ, цалин, түрээсийн  хэлбэрээр малтай өрхийнхөө малыг маллан амьдарч байна.

 

Өнгөрсөн жил Б.Бат-Эрдэнэ гишүүн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өмнөдэлгэр сумандаа хийж, хөдөлмөр эрхлэлт,  жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор гэрийн мод болон бусад модон эдлэл хийж борлуулах үйлдвэрийг  ашиглалтанд  оруулахаар болсон байна.Сум орон нутгийн ажилгүйдлийг арилгах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд  40 орчим хүнийг ажлын байраар хангаад байгаа юм.Цаашдаа үйлдвэр өргөжин тэлж, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой  хэмээн сумын захиргааныхан ярьж байлаа.

Өмнөдэлгэрчүүдийн  тулгамдсан асуудлуудын нэг нь ундны ус  болоод  байгаа  ажээ. Сумыг бүхэлд нь цэвэр усаар хангаж байдаг хоёр худагтай бөгөөд эдгээр худгууд нь хатуулаг эрдэсжилт ихтэйн улмаас ундны усны хэрэглээнд нийцдэггүй тул  гишүүн өмнө нь өөрийн санаачилгаар цэвэршүүлэгч тавьсан боловч тэр худаг нь эвдэрсэн тул дахин ус цэвэршүүлэгч шүүлтүүр тавих шаардлага гараад байгаа юм.

Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ байдалтай газар дээр нь танилцаад  аймаг орон нутгийн багцаас нийт  28 сая төгрөгийг гаргаж, дээрх худгуудад нэмэлт засвар үйлчилгээ хийн, цэвэршүүлэгч шүүлтүүр тавих талаар орон нутгийн удирдлагатай ярилцаж шийдвэрлэж өглөө.

Одоогийн байдлаар Өмнөдэлгэрчүүдийн ундны хэрэглээг хангаж байгаа ганц худаг бий. Энэ худгийг 1974 онд анх ашиглалтанд оруулсан  энэ худагт Бат-Эрдэнэ гишүүн өөрийнхөө санаачлагаар ус цэвэршүүлэгч тавьж өгснөөр өнөөдрийг хүртэл сумын иргэдийн цэвэр усны хэрэгцээг  зөвхөн энэ худгаас   хангаж байгаа юм байна.

Мөн цахилгаан эрчим хүч доголдож, хүчдэл хүрэхгүй байгаа тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэж, хүн эмнэлгийн машинтай болгох асуудлыг  ЭМЯ-тай ярьж эхний ээлжинд шийдэхээр боллоо.

Хаврын эхэн сард тойрогтоо ажилласан гишүүн дараа нь Өмнөдэлгэр сумын Хурх тосгоныг зорьсон. Хуучин  Хурхын сангийн аж ахуй байсан энэ тосгоны  амжиргааны гол эх үүсвэр нь газар тариалан байдаг.Тиймээс ажилгүйдлийг арилгаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор техник үйлчилгээний дундын төвийг энд байгуулахаар болжээ.

Хурх тосгон  140 орчим малчин өрхтэй , төвдөө  сургууль цэцэрлэг , соёлын төв,  эмнэлэгтэй   цомхон тосгон  юм  Хурх тосгон нийтдээ 22 мянган га  эргэлтийн газартай гэж байлаа.  Өнгөрсөн жилийн хувьд 3900 га газарт улаан буудай тариалж 6000 тонн буудай  хурааж авснаас 3000 орчим тонн буудайг тариалан дэмжих санд нийлүүлсэн байна . Харин 450 тонн буудайгаар тэжээл үйлдвэрлэж байгаа гэнэ .Одоогийн байдлаар  200 орчим тонн  багсармал тэжээл үйлдвэрлэн, аймгийн онцгой комиссын шийдвэрээр  цас зудтай, өвс тэжээл хүрэлцээ муутай сум багуудад тарааж байгаа юм байна. Хурхынхан энэ жил 5000 орчим га-д уриншуулалт хийсэн гэж байлаа.

Уг тосгон  140 гаруй малчин өрхтэй, нийт 50 мянга орчим толгой малтай, цас зудын байдлаас шалтгаалан одоогийн байдлаар 1000-гаад малын хорогдолтой хаврын эхэн сарыг угтжээ. Сүүлийн өдрүүдэд цасаар шуурч байгаа тул бүх зам хаагдаж,  мал бэлчээрт гарах боломжгүй болоод байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ  хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд  сум орон нутгийг хөгжүүлэх талаар анхааран ажилласан байна. Үүний   дотор  сумын Тамгын газар болоод сургуульд шаардлагатай  засвар үйлчилгээг хийснээр эндхийн төрийн албан хаагчид сургуулийн багш сурагчид дулаан тохьтой орчин нөхцөлд ажиллаж байгаа юм.

Сум орон нутгийн иргэдийн хувьд цаг заваа өнгөрөөдөг ганц газар нь соёлын төв болдог. Тиймээс  зундаа халж өвөлдөө хөрдөг хөдөөгийн иргэдээ сэтгэл санаагаар дэмжих нь хамгийн чухал гэдгийг гишүүн  иргэдтэй уулзах үеэр хэлж байлаа. Харин иргэдээ ойлгож дэм өгч байдаг эрхэм гишүүндээ баярлаж явдгаа тэд илэрхийлж байсан. Зөвхөн сэтгэлийн дэмээс гадна эд материалын бодит тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст гишүүн байнга тусалдаг. Тухайлбал ядуу өрхүүдэд гэр олгосонд  баярлах  хүн цөөнгүй байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн  Батширээт  суманд  ажилласан.  Батширээтийнхэн  ажлын байр нэн дутмаг байгааг тойргийнхоо гишүүнд дуулгасан байна.

Батширээт сум 650 өрхтэй, 2100-гаад хүнтэй,  Хэнтий аймагтаа   томоохонд тооцогдох сумдын нэг. Нийт өрхийн 314 нь малчин өрх, 52 мянган толгой малтай сум юм. Төсвийн байгууллагад 100-гаад хүн ажилладаг сумын хэмжээнд 20-иод аж ахуй нэгж  байдгийн  дотор мод боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй гурван компани ажиллаж байгаа юм байна.

Батширээт сум битүү ой модоор хүрээлэгдсэн  байгалийн үзэсгэлэнт  газар  оршдог учраас аялал жуулчлал энд түлхүү хөгжсөн гэж хэлж болно. Дулааны улиралд гадна дотноос ирэх хүмүүс энэ нутгийн хөрөнгө оруулалтын  багаггүй хэсгийг бас бүрдүүлдэг байна. Мөн түүнчлэн ой хамгаалах чиглэлийн  олон улсын  болоод  дотоодын төслүүд ч хэрэгжиж байна.

Батширээтийн байгалийн баялаг, жимс жимсгэнэд  түшиглэн  УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн жимс боловсруулах үйлдвэр байгуулахад зориулан олгосон байна. Мөн ахмад настнуудад зориулж цаг заваа ая тухтай өнгөрөөх зорилгоор 10 сая төгрөгийн төсөвтэй ахмадын байрыг барьж хүлээлгэн өгсөн ажээ. Мөн 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг барих ажил энэ суманд явагдаж байна.

Сумын эмнэлэгийн хувьд 9 ортой 20 гаруй эмч ажилтантай иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Гэвч түргэн тусламжийн унаагүйн улмаас өвчтөнд цаг алдаж очдог зовлонгоо эмнэлэгийнхэн гишүүнд ярьснаар түргэн тусламжийн машин олгох асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэж өгсөн.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль орон нутагт хэрэгжихгүй байна. Тус  сумын  нутагт орших  Онон голын эх Сайханы голд алт ухаж байгаа талаар иргэд мэдээлж байсан.

Нийт өрхийн тэн хагас нь мал маллаж амьдардаг учраас  цас зудны гамшигт малчид нэрвэгдээд байгаа аж. Сүүлийн хэд хоногт  цас ихээр орж байгаа тул зам харгуй боогдох, мал бэлчээр хүндэрч  байгааг ч дуулгасан. Сумын хэмжээнд  8250 тонн байгалийн хадлан бэлтгэж түүгээрээ  хаврыг  угтаж байгаа талаар сумын засаг захиргаа ярьж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.