2008.10.30

Ж.Батсуурь: Ахмад малчдын яриа янз бүр байгаа ч, гурван хүний хоёр нь хатуухан өвөл болно гэх юм

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж ярилцлаа.
-Цаг улирлын байдал хэр зэрэг байна.Бас л нөгөө нүүдэл суудал үргэлжилсээр үү?
-Өдийд манай говийнхон отор нүүдэл гээд алга болдгийг хэлж байна уу? Сүүлийн хоёр жилийн хувьд өөр болсон шүү. Өнөө жил бол “сайхан зусаж, намаржлаа” гэж хэлж болно. Хавар зуны заагаар Сайншандаас урагш нутагт, зуны дунд хэрээр хойд талын сумдаар бороо их орсон. Хар-Айраг суманд л гэхэд хонгор болгон нь нуурласан. Өнөөх элсний нүүдэл, цөлжилтөд дайрагдсан Замын-Үүд, Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн сумд ямар сайхан зуссан гээ. Олон жил улаан илэг болтлоо гандлаа ч гэсэн, өвснийх нь үндэс үхчихдэггүй юм байна. Үзүүр тохой өвс ургахыг өнөө жил л үзлээ.
-Олон жил гандаж, элсэн бухлаас өөр зүйлгүй болсон газарт байгаль дэлхий хур шимээ хайрлах нь энэ үү. Бас янз бүрийн хүчин зүйл нөлөөлөв үү?
-Аль аль нь л болсон. Байгаль жам ёсоороо үүлшиж бороошиж орсон. Түүний зэрэгцээ бид ч бас анхаарал тавьсан.
-Анхаарал тавьсан гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-Нийтээрээ бол үүл буудна гэж ярьдагдаа. Миний хувьд бол “үүл идэвхжүүлэх ажиллагааг” сүүлийн хоёр жил туршин хэрэгжүүлж байна. Манай урд хөрш, энэ үүл идэвхжүүлэх ажиллагаанд их гаршсан хүмүүс юм. Тусгай төхөөрөмжийн хүчээр үүлийг химийн аргаар задалж бороо оруулах пуужин нисгэж байгаа юм. Түүний нөлөөгөөр их хэмжээний хур тунадас орж болдог юм байна. Манай аймаг хөрш зэргэлдээ Шилийн гол аймагтай нягт хамтын ажиллагаатай байдаг. Тэндхийн Засаг дарга Рун Тян Ху гэж хүн бидэнтэй гэрээ хэлэлцээр байгуулж тал бүрийн тус дэм үзүүлж байдаг л даа. Тэгээд бороожуулах төхөөрөмж гурвыг, 300 пуужинтай өгсөн юм.
-Манайхан ажиллуулж чадах юм уу?
-Гурвууланд нь мэргэжлийн хүн ажиллаж байгаа. Хөдөлгөөнт төхөөрөмж юм даа. Сайншанд, Улаанбадрах, Алтанширээ гуравт энэ хөдөлгөөнт төхөөрөмжөө зуу зуун пуужинтай байрлуулж байгаа. Хаана үүл гарч ирнэ тийшээ нөгөө төхөөрөмжөө чирээд давхичихна. УАЗ-469-д чирчхэж болно. Очоод үүл рүүгээ нисгэж бороо оруулдаг юм. Үүлнээсээ хамаарна. Их энтэй орохгүй, хэсэг хэсэгхэн газар сул ус асгах явдал ч бий. Өнөө жилийн хувьд аймгийн баруун тал Сайхандулаан, Мандахаас бусад бүх суманд бороо хур элбэг, зуншлага сайхан байлаа.
-Мал их таргалав уу?
-Ихэнх нутгаар мал тарга хүч сайн авсан. Гэвч малын тарга хүч гэдэг эзнээсээ их шалт-гаална. Өвс ногоо тааруу ч гэсэн малдаа тарга хүч сайн авахуулдаг туршлагатай малчид байдаг. Хэчнээн сайхан бэлчээр устай ч малдаа тарга хүч авахуулж чадахгүй малчид алийг тэр гэхэв. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж байдаг даа.
-Цаг уурын урьдчилсан төлвөөр бол өнөө өвөл, хавар дулаан хэрнээ цас их орно гээд байгаа. Нутгийн хашир малчид юу гэж байх юм?
-Бид ч цаг уурын прогнозоо л барьж байгаа. Дулаан хэрнээ их цас унаад, малын хамар хатгах юмгүй болгочхыг байг гэх газаргүй. Тэжээл сайн бэлтгэж ав гэж үүрэг даалгавар өгч л байна. Ахмад малчдын яриа янз бүр байна. Гурван хүний хоёр нь чангахан өвөл болно гэх юм. Бид өвлийн бэлтгэлээ бололцооныхоо хэрээр базаасан гэж бодож байна.
-Өнөө жилийн хувьд отор нүүдэл хийхгүй гэсэн үг үү?
-Өнөө жилдээ отор нүүдэл хийх шаардлагагүй. Аймаг сум дамжаад газрын цээжинд гарчихсан малчид цөөн бий. Тэд бол өвс устай газраа байж л байна.
-Төв хөдөөгүй юмны үнэ өсчихлөө. Дорноговьчуудад хэр зэрэг хүнд тусч байна?
-Мэдээж бүх зүйлийн үнэ, үйлчилгээний тариф өснө гэдэг хааяагүй хүнд цохилт болж байгаа. Манай аймгийнхан бол үнийн өсөлтийг хамгийн түрүү мэдэрэн ард түмэн, Гэв гэнэтхэн л төмөр замын ачаа тээвэр, зорчигч тээврийн үнэ нэмэгдэн. Галт тэргээр явж л хамаг ажлаа бүвэдэг манай аймгийнханд хүнд цохилт болсон л доо. Дараа нь түлш шатахууны үнэ нэмэгдлээ. Тэгээд л бүх зүйлийн үнэд нөлөөлсөн дөө.
-Түлш шатахууны үнэ гэснээс Дорноговь аймаг автомашины тухайд ямар төвшинд байдаг юм. Зарим аймагт малчид малаа машин мотоциклоор хариул-даг л гэх юм?
-Ер нь хөдөөд машин техник элбэг болсон. Их тансаг хэрэглээ рүү хандаж байгаа сум баг ч байна. Таван айлын нэг нь машинтай, гурван айлын нэг нь мотоциклтой байсан. Одоо энэ тоо улам өсөж байна. Малын хойноос морь тэмээгээр явдаг байсан нь бараг л хорьдугаар зуунд хоцорсон доо.
-Хар-Уул, Хамарын хийд рүү явна гээд мөн ч олон хүн явах юм. Тэдэнд унаа бол бэлэн үү?
-Бэлэн. Эх орны өнцөг булан бүрээс бас гадаадынхан зорьж очдог гол газар маань ХарУул, Хамарын хийд болоод байна. Дэлхийн их энергийн төв шүү дээ. Манай энэ газар, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна. Олонх жуулчин өөрсдийн машин унаатай очдог ч бараг тэн хагас нь галт тэргээр очоод манайхны унаагаар үйлчлүүлдэг.
-Сайншандыг дайрч Замын-Үүд хүрэх засмал зам юу болж байна?
-Улаанбаатараас Чойр хүртэл маш сайхан засмал замтай болсоныг та мэдэж байгаа. Одоо Чойроос Сайншанд хүртэлх зам баригдаж байна. Энэ зам нийтдээ 2009 он гэхэд ашиглалтад орчихно. Дэд бүтцийн хувьд манай аймаг ойрын жилүүдэд айлтгүй болно шүү.
-Бас нэг төмөр замын сураг байсан?
-Сайншандыг баруун өмнө тийш нь Өмнөд хөрштэй холбосон төмөр зам барих ажил үндсэндээ шийдчихээд байна. Сүүлийн хоёр гурван жилд миний хөөцөлдөж байгаа ажлын нэгэн. Манай аймаг, Сайншандаас Зүүнбаян хүртэл төмөр замтай, байнгын ажиллагаатай байдаг, Одоо шинээр тавих төмөр зам бол Дорноговь аймгийн алслагдсан сум болох Хөвсгөл, Хатан-булгийг дайрч Ханги Мандалын боомт хүрэх юм. Энэ зам өнөөх алдартай орд газрууд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргыг дайрч тавигдах юм. Зөвхөн Дорноговь төдийгүй Монголын эдийн засагт асар их нөлөө үзүүлэх төмөр замтай болно.
-Хөрөнгийг нь шийдсэн зүйл бий юу?
-Хамтарч барья, зээл тусламж үзүүлье гэсэн газрууд бий. Ярьж хэлэлцэж л байна. Шинэ баригдах замын урт 230 орчим км юм. Их хөрөнгө хүч шаардлагатай л даа.
-Би Сайншанд руугаа болж л өгвөл жилд нэг удаа очдог юм. Барилга байшин, шинэ юм ердөө нэмэгддэггүй, аль амбасын үеийн 58 айлын зургаан сууц л байдаг байлаа. Өнөө жил хүрээд очсон чинь танигдахын аргагүй болчхож. Энэ их бүтээн байгуулалтын ажлаас тань сонирхмоор байна?
-Хөдөөд амьдрал сайжирч байна. Ажил хийхгүй, биеийн амрыг хараад ядуу юм шиг харагдаж байгаа цөөн хэдэн хүний байдлаар хөдөөг үнэлэхийн аргагүй болсон. Тансаг хэрэглээг их хүсэх, шаардах боллоо. Таван ханатдаа мод, аргалаа түлээд сууя гэж бодохоо больсон байна. Хотынхон ямар орон сууцанд амьдардаг вэ, тийм орон байранд амьдаръя гэж бодох болжээ. Тэгээд сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн удирдлагын гол зорилго нутаг орноо барилгажуулах, орон сууцаар хангах явдал гэж үзсэн юм. Сүүлийн хоёр гуравхан жилийн дотор бид 400 гаруй айлын тохилог орон сууц ашиглалтад орууллаа. Мөн төмөр зам, гааль зэрэг газрынхантай тохирч бариулсан орон сууцнууд ч бий. Суцад дөрвөн айлын сууц, Өргөн суманд 24 айлын сууц, Сайншандын дөрөвдүгээр багт 60 айлын сууц барьж ашиглалтад орууллаа.
-Сайншандад орон сууц хэр зэрэг үнэтэй байна?
-Хямдхан.даа. 5-15 саяд багтаж байна. Сүүлийн үед орон сууцны үнэ асар хурдацтай өсөх хандлага байна.
-Бусад аймгуудад байтугай хотод ховорхон таардаг барилга байгууламжууд Сайншандад баригдсаныг үзээд гайхсан шүү. Манай бөхийн өргөө шиг Хүүхдийн ордон барьчихсан байна, түүнийг хаанахын хэн гэгч барьчхав аа?
-Тан хийц” ХХК компанийнхан материалыг нь Хятадаас оруулж ирээд барьчихлаа. Тийм том талбайтай дугуй ордныг баганагүйгээр барина гэдэг чинь маш нарийн ажил билээ. Тэр гэр хэлбэрийн дээврийг төмөр хийцээр угсрахын тулд маш нарийн ажиллагаа шаардсан. Их ч хүч хөдөлмөр зарцуулсан. Үүний хүчинд аймгийнхаа хүүхдүүдэд зориулсан тохилог ордонтой болсондог Дугуй танхим нь шаталсан 700 гаруй суудалтай, шаардлага гарвал 1000 хүн ороод суучих боломжтой юм. Төв танхимаас гадна секц, дугуйлан хичээллэхэд зориулагдсан олон өрөө танхим бий.
-Усан бассейнтай аймаг Орхон аймгаас өөрийг мэдэхгүй юм. Тэгтэл Дорноговь аймагт хоёр том бассейн байдаг гэх юм?
-Монголд бараганхны бассейн Зүүнбаянд байгуулагдаж байсан юм. Энэ бол дулааны улиралд ажиллах гадаа бассейн байлаа. Усан сэлэлтийн улсын аваргыг энд шалгаруулж байсан удаа бий. Гэтэл Зүүнбаянг хайхрамжгүй орхисноос усан бассейн нь эвдэрч хэмхрээд хаягдсан байсан. Түүнийг сэргээн босгож ойр орчныг нь тохижуулж мод бут суулгаад сайхан болгосон л доо. Урин дулааны улиралд байнгын ажилтай байгаа. Ноднин жил Сайншандынхаа төвд шинэ бассейн ашиглалтад оруулсан. Энэ бол дулаалгатай битүү байшин. 18 метрийн урт, гурван замтай энэ бассейн жилийн дөрвөн улиралд ажилладаг. Эмч, дасгалжуулагч багш нартай, хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд үнэхээр ач тусаа өгч байгаа. Манай усан спорт сургалтын төвөөс төрөл бүрийн тэмцээн явуулна. Хүүхэд залуусын сонирхлыг татсан газар болж чадсан. Би ноднин жил Улаанбаатарт мөсөн гулгалтын улсын аварга шалгаруулах тэмцээн үзээд сэтгэл их хөдөлж билээ. Манай говиос олон хос ирчихсэн тэмцээнд оролцоод бас чамгүй амжилт үзүүлнэ билээ.
-Хаана, ямар нөхцөлд бэлтгэл хийдэг юм бэ?
-Мөсөн гулгуурын талбай, хоккейн талбай байгуулсан юм. Хүүхэд залуучууд маань яасан их баярласан гээ. Монголын мөсөн гулгуурын холбоонд гишүүнээр элслээ. Тэгээд ноднин өвөл анхныхаа тэмцээнд оролцож байгаа нь тэр. Алт мөнгөн медальд хүрээгүй. Гэвч хүрэх найдвар бий. Манайхан их идэвхтэй хичээллэдэг юм. Бас софт теннисний талбай байгуулж, олон хотуудын тамирчдаа урьж тэмцээн хийсэн. Би ер нь нэг сонин бодолтой хүн. Хангай газар, хот суурингуудад хийчих-он зүйлийг хараад “Манай говьд яагаад болдоггүй юм. Хийж үзье” гэж битүүхэн шаналж явдаг хүн. Тэгээд бассейн, мөсөн гулгуурын талбай, хэд хэдэн газар өвөрмөц сонин усан оргилуур байгууллаа. Одоо аймгийн төв, бүх сумыг цэцэрлэгжүүлэх албан даалгавар өгчхөөд байна. Говийн хөрсөнд ургах чадвартай олон мод, бут бий. Тэр болгоныг тарьж ургуулъя. Ногоон төгөл бий болгоё гэдэг зорилт тавиад ажиллаж байна.
-Сайншандаасаа эхлээд “Сүүн цагаан хот” болно гэсэн зорилт тавьсан сураг байсан?
-Төв суурин газрын гэрэлтүүлэг. Энэ амин чухал зүйл байгаа юм. Хүмүүс шөнийн цагаар чөлөөтэй зорчих нөхцөлийг хангана гэсэн үг. Сайншандын төвд гэрэлт цамхаг 20-ийг босголоо. Голдуу гэр хороолол
дунд хүмүүс их зорчдог замын дагуу хийсэн. Өндөр цамхгийн оройд тал тал руугаа харсан хүчтэй прожекторууд зооно гэсэн үг. Ойр орчмыг өдөр шиг гэрэлтэй болгоно. Энэ маань бидний хэрэгжүүлж байгаа “Сүүн цагаан хот” төсөл юм. Ер нь л хүмүүс чөлөөтэй зорчих бүхий л боломжийг хангаж байгаа юм. Аймгийн төвөөсөө нэгдсэн эмнэлэг хүртэл хүмүүс энхэл донхил хачин замаар явдаг байлаа. Гэрэл гэгээ ч үгүй/й, унаж тусаад л явдагсан. Автобусны хэдэн зогсоол хэртэй тэр замыг засаж гэрэлтүүлж, хэчнээн сайхан болгов? Олон нийтийн сэтгэлд нийцсэн сайхан замтай боллоо гэлцэж байгаа.
-Он дуусах ойртлоо. Өнөө жилийн ажлын дүн багцаа мэдэгдэж байгаа биз дээ. Ямаршуу дүр төрх харагдаж байна?
-Аймгийн эдийн засгийн гол үзүүлэлтүүд давж биелэх байдалтай байна. Орлогын төлөвлөгөө л гэхэд эхний 10 дугаар сарын байдлаар 120 орчим хувьтай байна. Аймгийн бүх иргэдийн 24 хувь нь мал аж ахуй дээр ажилладаг. Өнөө жилийн хувьд малын зүй бус хорогдолгүй, төл бүрэн бойжиж байна. Байгаль цаг уурын гэнэтийн гамшиг болоогүй нөхцөлд мал сүрэг тоо толгойгоороо ч бүтцээрээ ч өснө гэж үзэж байгаа. Төрийн үйлчилгээний бүх байгууллага тавьсан зорилтоо биелүүлж ард иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан төлөв харагдаж байна. Хөдөөгийн бүх сургуулийг тохилог дотуур байртай болгож Хар Айраг, Даланжаргалан, Алтанширээд иж бүрэн хэрэглэлтэй спорт танхим, Замын-Үүдэд сургуулийн өргөтгөл, дотуур байр барих зэрэг нийгмийн чанартай олон арга хэмжээ авч байгаа нь үр дүнгээ өгч байна. Энэ бүхэн бол манай говьчуудын маань байнгын зүтгэл бүтээлийн үр шим юм. Нэг үгээр хэлэхэд, дорноговьчууд сайхан намаржиж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.