Н.Энхболд: Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдлага өнгөрсөн оныг “Хороодын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан нь үр дүнгээ өгсөн гэж мэдэгдэж байв.
Тэгвэл Засаг захиргааны анхан шатны нэгж болсон “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийг энэ жил Засгийн газраас санаачлах гэж байгаа аж. Монголд анхны гэж хэлж болох энэ хөтөлбөрийг 2008-2010, 2011-2013, 2014-2015 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Монгол Улс 1539 багтай, тэднээс 1066 нь хөдөөгийн баг аж. Нэг баг дунджаар 250 өрхтэй байдаг. Монголын нийт багийн 80 орчим хувь нь гэрэл цахилгаангүй бол 41 хувь нь өөрийн гэсэн байргүй, 60 гаруй хувь нь ертөнцөөс “тасарчихсан” аж. “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболдоос тодрууллаа.
-Төрөөс иргэдэд хүргэж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авч ирсэн. Үүний үргэлжлэл болгож энэ Засгийн газрын үед “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг анх удаа хэрэгжүүлэхээр болж байна. Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг засаг, захиргааны анхан шатны нэгж нь баг байдаг. Багийн Засаг дарга, эмчийн цалингаас өөр төсөв багт байдаггүй. Үйл ажиллагаагаа явуулах байргүй, албан хаагчдын ажиллах нөхцөл муу зэргээс болж төрийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх зүйл их гардаг.
Тийм учраас төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээг чанаржуулах, багийн чадавхийг бэхжүүлэх, баг-иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэх, тэдний эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд байна.
-Хөдөөгийн баг хороодтой адилгүй. Хамгийн алслагдсан, мэдээлэл, харилцаа, холбоо, эрчим хүчний үйлчилгээнээс хол гэхэд болно. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээн хөрөнгө хэрэгтэй болох байх даа…
-Уриа лоозон гэхээсээ илүү тодорхой хөтөлбөр дэвшүүлэхийг зорьж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн жилийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, төсвийн тодотголд тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад тогтоолоор даалгасан. Ингэснээр чанарын ахиц гарна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвхөн төсвөөс 55 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр байгаа.
-Багийн Засаг дарга, эмчийн байр унааны асуудлыг яаж зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Зарим багийн Засаг дарга, эмч нар сумынхаа төвд байдаг. Тэднийг иргэдэд ойртуулахын тулд багийн төвд байр, унаа, эмнэлгийн оношилгооны багаж төхөөрөмжөөр хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлнэ. Засаг дарга нарын чадавхийг дээшлүүлэхийн тулд Удирдлагын академд 3-5 жилээр сургахаар төлөвлөж байна. Тодорхой төсөвтэй болгох үүднээс орон нутгийн төсвийг хэлэлцэхдээ багийн Засаг дарга нарын оролцоо, хяналтыг дээшлүүлэх ёстой гэж үзсэн.
-Багийн тоог цөөлөх арга хэмжээг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юу?
-Багийн ажлыг дэмжихдээ энэ онцлогийг харгалзах ёстой. Шилжилт, хотжих хөдөлгөөнөөс хамааралтайгаар зарим баг эзгүйрсэн тухай Засгийн газрын цөөнгүй гишүүн саналаа хэлж байсан.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд багийн бүтцийг өөрчлөх асуудлыг ярихыг үгүйсгэхгүй. Хаана иргэн байна тэнд нь төрийн үйлчилгээг үзүүлдэг засаг, захиргааны бүтцийг одоогийнхоос нь боловсронгуй хэлбэрээр байлгахыг зорьж байна.
-Зарим багийн орон тоог нэмэх шаардлага гарах болов уу?
-Хүн ам, нутаг дэвсгэрийн байдлыг харгалзаад багийн Засаг даргын ажлын албаны орон тоог ялгавартай тогтоох зарчим баримталж байна. Хэрэг эрхлэх газраас санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Олон хүн амтай багийг Ажлын албатай болгох зорилт дэвшүүлж байгаа.