С.Эрдэнэ сайд мэндчилгээ дэвшүүлэв
Өнө эртний түүхт монгол ахан дүүс та бүхэндээ “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж өргөн хотлоороо сайхан шинэлэхийн ерөөлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт хамт олон болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Улиран одож байгаа луу жилд Улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр Шинэчлэлийн Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж улмаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан нь монгол хүнээ хөгжлийн төвд тавих болсны илрэл юмаа.
Манай яам байгуулагдсан хагас жил шахам хугацаанд Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд “Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх нь”, “Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл”, “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” чуулган, “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөгөөн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төр, ТББ-уудын “Бид хамтдаа” уулзалт, “Эрүүл мэндийн даатгалын урт хугацааны стратегийн зорилтууд” хэлэлцүүлгийг салбарын ажиллагсад, хүн амын бүлгүүд, төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр зохион байгуулж Шинэчлэлийн Засгийн газраас баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тайлбарлан таниулж нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг хийж, төлөөлөгчдийн санал бодлыг сонслоо.
Эрх зүйн хүрээнд УИХ-аар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох журам, “Нийгмийн халамжийн зарим тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай” тогтоол, Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдэд явуулын болон суурин цэгээс халуун хоолоор үйлчлэх, түр хоноглуулах журмыг шинэчлэн баталлаа.
Түүнчлэн гадаад улс орнуудад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор БНСУ-д хүн ам, гэр бүл, нийгмийн халамж болон нийгмийн даатгалын асуудлаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, Монгол иргэдийг тэтгэврийн даатгалд хамруулах, тэдний БНСУ-д төлсөн шимтгэлийг буцаан олгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй төв байгуулж , Бүгд Найрамдах Унгар Улсад ажиллаж байгаа иргэдийн БНУУ-д төлсөн шимтгэлийг буцаан олгуулах талаар Засгийн газрын түвшинд шийдвэрлэлээ.
Бид бүхэн угтан ирж байгаа жилд Монгол хүнээ хэрхэн хөгжүүлэх, хэрхэн хамгаалах цогц бодлогыг тунхаглан зарлаж хэрэгжүүлж эхлэх болно. Юуны өмнө нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн шинэчилж, гэр бүлийн хөгжилд суурилсан хүн амын хөгжил, хамгааллын бодлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулж иргэнд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс нэмэгдүүлэхийн дээр ахмад настны хөдөлмөр эрхлэлт, давхар тэтгэврийн эрх зүйн үндсийг бүрдүүлж Гэр бүл, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож үндэсний чуулган, зөвлөгөөнүүдийг зохион байгуулах болно.
Могой жил монгол хүн, монгол айл, өрх бүхэнд сайн сайхан, хөгжил дэвшил, амьдралын чанар бэлэглэх болтугай.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ