С.Эрдэнэ асрамжийн газрын ахмадуудтай золголоо
Улсын цорын ганц асрамж бол Батсүмбэр дэх газар билээ.
2013.02.13

С.Эрдэнэ асрамжийн газрын ахмадуудтай золголоо

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ асрамжийн газрын ахмадуудтай уулзаж, сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.

Батсүмбэрийн асрамжийн газарт байгаа ахмадуудын хувьд нийгмийн халамжийг цаг тухайд нь хүртэж чаддаг хэмээн хуучилж байлаа. Саяхан ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгөө бүх ахмадууд өөрийн гар дээрээ авчээ.Тэд эрхээ бүрэн дүүрэн эдэлж, 340 мянган төгрөгөө зөвхөн өөрсдийн хэрэгцээндээ зарцуулсан байна. Зарим ахмадууд нь ач зээдээ мөнгөө өгсөн бол зарим нь гар утас, дээл, гутал гээд ойр зуурын хэрэгцээндээ зарцуулсан гэж хөөрөлдөж байлаа.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг албаныхаа хүмүүсийн хамтаар ирж байгаа сургаар эндхийн ахмадууд тавгын идээгээ засч, шинэхэн дээл, хувцасаараа гоён, сэтгэл догдлон хүлээж байсан. С.Эрдэнэ сайд өмнө нь сандал авчирч өгсөн, гамтай эдэлж хэрэглэж байгаа хэмээн ахмадууд сайдад аминчлан хэлж байлаа. Одоо сайд ямар бэлэгтэй ирсэн бол хэмээн хоорондоо шивнэлдэж байгаа нь жаахан хүүхэд шиг гэсэн сэтгэгдэл түрүүлсэнийг илэрхийлэхгүй байхын аргагүй. Асрамжийн газрын ахмадууд бүгд л сайдад аминчлан захиас захиж, нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг сайшааж байгаагаа илэрхийлсэн.

Сар шинийн баярын өмнө Батсүмбэр дэх улсын асрамжийн газрын ахмадуудад хүндэтгэл үзүүлэн, Монгол түмний уламжлалт цагаан саярын баярын мэндчилгээг өөрийн биеэр ирж хүргэсэн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ-д ахмад буурлууд талархаж байгаагаа илэрхийлэн баярын нулимстайгаар үдсэн юм. Тун удахгүй Батсүмбэр дэх асрамжийн газарт өргөтгөл хийгдэж, ахмадын хотхон барих ажлыг эхлүүлэхээ ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахмадууддаа хэлж, тэдэнтэй дахин уулзахын ерөөл тавьсан.