Сүүний салбарын өнөөгийн байдал
Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403.0 сая литр бөгөөд энэхүү хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна. Үүнээс нийслэл хотод 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй
2013.02.13

Сүүний салбарын өнөөгийн байдал

Сүү,цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас Хүнсний тухай шинэ хуулиар манай улсын хүн амын стратегийн дөрвөн хүнсний жагсаалтад сүү орсон юм.

Монгол улс 2010 оны байдлаар нийт 32.7 сая малтайгаас адуу 1920.3 мян, vхэр 2176.0 мян, тэмээ 269.6 мян, хонь 14480.4 мян, ямаа 13883.2 мян. байна. Нийт малын 42,0% нь эх мал. Үүнээс саалинд хамрагдах малын тоо 7.4 сая толгой  бөгөөд 600.0 орчим сая литр сүүний нөөцтэй бөгөөд үнээний сүү 65 хувийг бүрдүүлж байна.  Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний зөвлөмж хэмжээ хоногт 430 грамм буюу жилд 157 кг байхаар тогтоож өгсөн байдаг.

600.0 орчим сая литр сүүний нөөцтэй

Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403.0 сая литр бөгөөд энэхүү хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байна. Үүнээс нийслэл хотод 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй. 

Хот суурин газарт хүн амын 60 гаруй % нь амьдардаг бөгөөд 2010 онд хотын нэг хүнд ноогдож байгаа сүүний хэмжээ 75.6 кг байсан нь зөвлөмж хэрэгцээний дөнгөж 48.1%-тай тэнцэж байна.  Харин хөдөөд 1 хүнд 190.8 кг ноогдож байна. Хоол тэжээлийн үндэсний судалгаа болон статистик мэдээнээс үзэхэд хот, суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хөдөөгийнхөөс 3.9-2.5 дахин бага, хангамж жигд бус,  нийт хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн сүүний 10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна. 

2010 онд хөдөө аж ахуйгаас 338.4 мян. тн сүү бэлтгэн нийлүүлсний 10 % буюу 33.8 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан нь өмнөх онтой харьцуулахад 26.6 %-аар өссөн бол 2011 оны эхний 8 сарын байдлаар 27.3 сая л сүү үйлдвэрийн аргаар боловсруулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 23.5  хувиар өссөн дүнтэй байна.  

Улсын хэмжээнд хоногт 220 гаруй тн сүү боловсруулж төрөл бүрийн сүү, цагаан идээ үйлдвэрлэх хүчин чадал бүхий 90 гаруй үйлдвэр, цех ажиллаж /зайрмагны цехийг оролцуулаад/ байгаагаас тогтмол үйл ажиллагаа эрхэлж ундны сүү, тараг үйлдвэрлэн нийтийн хэрэгцээнд жилийн турш нийлүүлж байгаа 20 орчим жижиг дунд үйлдвэр байна. Үүнээс:          
- хоногт 10.0 тонноос дээш хүчин чадал бүхий том үйлдвэр - 11
- хоногт 5.0-10.0 тонн хүртэлх хүчин чадал бүхий дунд үйлдвэр - 4
- хоногт 1.0-5.0 тонн хүртэлх хүчин чадал бүхий жижиг үйлдвэр - 10           
- хоногт 50-1000 л хүртэлх хүчин чадал бүхий сүүний  жижиг цех - 75 байна.

Импортын сүү: 

Импортоор авч байгаа хуурай сүүний 92%-ийг ОХУ, БНСУ, Шинэ Зеланд эзэлдэг

 улсаас, шингэн сүүг бараг 100 хувь ОХУ-аас авч байна. Жилд 4000-6000 мянган тн шингэн сүү, 200-400 тн тараг, 80-100 тн цөцгийн тос, хуурай сүү 1800-2200 тн импортоор авч хэрэглэж байна.  Үнэ: Худалдаанд нийлүүлэгдэж байгаа шингэн сүүний үнийн хувьд 2010 оны байдлаар бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй үнийн хэлбэлзэл багатай байна.  
Манай улсын сүүний нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь зуны улиралд буюу 5-9 сарын хооронд явагддагаас шалтгаалан үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа үнээний түүхий сүүний үнэ өөр өөр байдаг.  Зуны улиралд сүүний гарц, хэмжээ нэмэгддэг боловч сүүг газар дээр нь хөргөх, хадгалах боломж муу байдаг нь сүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэгээс болж сүүний үнэ өвлийнхөөс 2,5 дахин буурч, сүүний  борлуулалт эрс буурдаг.  
Өвлийн улирал буюу 1-4 сар, 10-1 сар хүртэлх хугацаанд сүүний гарц бага, цаг агаар тааламжтай бус, сүүг байгадийн аргаар гадаа орчинд хөргөдөг, түүхий, задгайгаар борлуулахад ашигтай, сүүний хангамж хомс болдгоос шалтагаалан сүүний үнэ өндөр болдог. 

Сүүний чиглэлийн үхрийн аж ахуйн тоо (2006-2011)

Хүснэгт 1. Үхрийн тоо толгой жилээс жилд огцом өссөн ч фермерийн аж ахуй харьцангуй удаан байдлаар нэмэгджээ.

 

Үнээний хоногийн дундаж саам 7.5 кг ба жилийн сүүний дундаж гарц 2500-2900 кг байгаа нь саалийн ферм хөгжсөн орнуудаас 4 дахин бага байна.

 

 

 

 

Сүү үйлдвэрлэлийн гол үзүүлэлтүүд (2006-2011)
 
2009 он 
2010 он 
2011 он 
Нийт малын тоо, мян.тол
 
32729.5
36335.8
ХАА-н үйлдвэрлэл, сая.л
493.7
338.4
458.6
Боловсруулсан сүү, сая.л
24.8
33.8
42.7
Боловсруулалтын түвшин, %
5
10
9.3
Импорт, сая.л /с.шил-ээр/
17.6
28.9
36.9,.
Хуурай сүү, тонн
1792
2748.1
3511.1
Цөцгийн тос, тонн
88
107
101.4

2011 оны байдлаар үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 12.7 %-тай байна. Социализмын сүү үйлдвэрлэлийн оргил үед нийт үйлдвэрлэсэн сүүний 20-иод хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байсан түүхтэй.

2016-2021 он гэхэд Төр, засгаас үйлдвэрийн аргаар боловсруулах сүүний хэмжээг 40-60 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлж байгаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ

Монголчууд өдөр тутмын хоол хүнсэндээ сүүг шууд хэрэглэдэггүй, харин сүүгээр цай сүлж уух, тараг, ээдэм хийх, цөцгийг хоол хүнсэндээ нэмж хэрэглэх, шар тос, хайлмаг зэрэг өндөр тос агууламжтай бүтээгдэхүүн айраг, хоормог, цэгээ зэрэг исэг ундаа, уургийн агууламж өндөртэй бяслаг, ээзгий, ааруул зэргийг уламжлалт аргаар бэлдэн эрт дээр үеэс хэрэглэж

Хүн өдөрт дунджаар 430 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй /ЭМЯ/

заншсан. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж, хот суурин газрын хүн нийт хүн амын 60 гаруй хувийг эзлэж, хүн амын 70-аад хувийг 45 хүртэлх насны хүн эзэлж байгаа тул тараг, ундны ариутгасан сүү, бяслаг, зайрмаг, аарц зэрэг боловсруулж савласан сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ байнга нэмэгдэж байна. Нийт үйлдвэрлэж байгаа сүүнийхээ дөнгөж 10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа манай орны хувьд энэ үзүүлэлтийг ойрын хугацаанд 20 хувьд, урт хугацаанд 40 орчим хувьд хүргэн дотоодын сүү боловсруулах салбарыг хөгжүүлэх боломж бий.

Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний зөвлөмж хэмжээ хоногт 430 грамм буюу жилд 157 кг байхаар Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар 2007 онд тогтоож өгсөн. Манай улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 403.0 сая литр, үүнээс нийслэл хотод 163.1 сая литр буюу хоногт 447 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэгцээтэй байна. Энэхүү хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа дүр зураг харагддаг. Гэсэн ч манай орны хувьд хот, хөдөөгийн нэг хүнд ногдож байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн ялгаатай байгаа.

Сүүний салбарын тулгамдсан асуудлууд

Нөөц байгаа боловч үйлдвэрлэл улирлын чанартай, өрхийн гар ажиллагаатай үйлдвэрлэл давамгайлсан байна.

Сүү нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх тогтолцоо алдагдаж сүүний боловсруулалтын түвшин 10 %-тай байна.

Хот суурин газарт нийт хүн амын 70 % амьдардаг, зах зээлд импортын сүү, сүүн бүтээгдэхүүн зонхилж байгаагаас хотын хүн ам хөдөөгийнхөөс 2.5-3.9 дахин бага сүү хэрэглэж байна.

Цэвэр болон эрлийз сүүний үхэр нийт үхрийн 0.45-2.9 % эзэлж, жилийн сүүний гарц дөнгөж 2000-3000 литр байна. Саалийн үнээний арчилгаа, маллагаа сул, тэжээлийн асуудлыг бүрэн шийдэж чадаагүй зэрэг тулгамдсан асуудлууд шууд, шууд бусаар дотоодын сүүний чанартсөргөөр нөлөөлж, импорт өндөр хэвээр байна.

Сүүний үнийг чанартай нь холбож тооцдоггүй, урамшууллын асуудлыг дөнгөж ярьж эхэлж байна.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ: 

Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэгүүдийг үзүүлж байна. Үүнд:Сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Засгийн газар чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 250 дугаар зарлиг гарав. Сүү, сүүн бүтээгэдэхүүний зориулалт бүхий тоног төхөөрөмж, лабораторийн багаж хэрэгслийн импортын гаалийн болон НӨАТ-аас 2012 оны 12 сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн. Боловсруулах үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Импортыг орлох, удаан хугацаанд хадгалагдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр цөцгийн тосны жижиг үйлдвэрэлэл эрхлэхэд зориулж 30 малчны бүлэг хоршоонд дэмжлэг үзүүлэв.

Дотоодын түүхий эдээр дотоодод үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд ногдох НӨАТ-ыг чөлөөлүүлсэн. ААНОАТ-ын хуульд аж ахуйн нэгжийн зөвхөн сүүнээс олсон орлогод ногдох татварыг 50% хөнгөлж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд роногт 30 тн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах үйлдвэр байгулахаар ажиллаж байна. “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл-худалдаанд мөрдөгдөх техникийн зохицуулалт”-ын төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанараас хамаарсан эдийн засгийн урамшуулал бий болгох, мал сүргээ халдварт өвчнөөс эрүүлжүүлж, даатгалд хамруулсан, гарал үүсэл нь тодорхой малын сүүг сүүний үйлдвэрт нийлүүлсэн малчдад урамшуулал олгох асуудлыг “Монгол мал” үндэсний хөтөлбөрт тусгуулаад байна.

Эх сурвалж: Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын хэлтэс

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.