С.Ганбаатар: Би марааны тарвага, намайг битгий буудаарай
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Оны алдартан” буландаа урьж ярилцлаа. “Өнөөдөр” сониноос Цагаан сарын босгон дээр улирч буй онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлсан хүмүүсийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд луу жилийн алдартнуудын нэгээр эрхэм гишүүн тодорсон юм. Ажил хэрэгч, тэмцэгч энэ эрхмийг монголчууд сайн мэднэ. Гэхдээ охидоо харахаараа нүд нь гэрэлтэж хошуугаа дэвсдэг сайн аав гэдгийг, удмаараа тэмцэгч байсныг тэр болгон дуулаагүй байж мэднэ. УИХ-ын гишүүн, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар илэн далангүй ярилцлага өглөө.
-Таныг хүлээнгээ өрөөнд тань өлгөөтэй энэ хөргийг харж суулаа. Хэний хөрөг вэ. Өвөг дээдэстэй тань холбоотой зураг уу?
-Энэ бол Ард Аюушийн зураг. Хөх Аюуш ч гэж ярьдаг. Зарим хүн надаас “Чи Ховдынх уу” гэж асуудаг. Тийм ээ, би Ховдынх. Монгол орон миний нутаг. Энэ утгаараа би Монголын хүн. Омойтож байна гэж битгий бодоорой. Монголын аль ч сум, аймагт намайг очиход хүмүүс нутгийн хүүгээ хүлээж авч байгаа юм шиг хүндэлдэг. Хөвсгөл, Сүхбаатар, Ховд, Өмнөговийнхон байна. Олон аймагт очиж ажиллаж, лекц уншиж байлаа.
Ард Аюушийн зургийг ханандаа өлгөсөн учир нь би энэ хүнийг Монгол Улсын заргын тэнгэр гэж үздэг
Үйлдвэрчин бүх аймагт бий шүү дээ. Төрж, өссөн уул ус, нутгаа шүтэж залбиралгүй яах вэ. Би Баянхонгорын Галуут сумын хүн. Гурван настайдаа Дархан-Уул аймагт очсон. Илгээлтийн эзэд газар газраас тэнд цуглах үед аав ээж минь Баянхонгороос зорьж очиж байсан.
1959 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгийн төвд түүний хөшөөг босгосон
Дархан-Уул аймагт хүүхэд нас минь өнгөрсөн. Дархан-Уул хайрханы зураг тэнд өлгөөтэй байна. Ард Аюушийн зургийг ханандаа өлгөсөн учир нь би энэ хүнийг Монгол Улсын заргын тэнгэр гэж үздэг.
Хөшөөг нь Улаанбаатарт босгох юмсан гэсэн нууцхан амбиц надад явдаг. Бид ардчиллыг гаднаас авчирсан гэж яриад байна. Үгүй. Дэлхийн олон оронд ард түмнийхээ төлөө тэмцсэн гайхамшигтай тэмцэгч нар байсан. Робингүүд ард түмнээ нум сумаар хамгаалж байлаа. Пугачёв гээд Оросын баатар сэлмээр хамгаалж байв. Ард Аюуш тэгвэл хуулиар ард түмнийг хамгаалсан. Хуулийн дагуу зарга хийдэг байсан. Шаахайдуулсаар байгаад хонгоны мах нь өмөрч унасныг борц болгон хатаагаад хадганд боогоод явдаг байсан гэдэг. Татварт нэрвэгдсэн хүмүүсийн төлөө эдийн засгийн тэмцэл хийж, өөрийгөө золиосолж явсан хүн. 1930 он гартал амьд байсан. Бэрхшээл тулгарахад Ард Аюуш миний оронд байсан бол энэ асуудлыг яаж шийдэх байсан бол гэж боддог. Сайд, жанжин, хаан, хатны хөшөө манай хотод зөндөө байна. Тэд сэлэмтэй, статустай, хаан гэдэг “зэвсэг”-тэй. Жанжин бол армитай, тэр хүнийг хамгаалах үүрэгтэй. Тэгвэл яг өөртэйгээ адил харц ардыг хамгаалж чадсанаараа тэр агуу хүн. Ардчилал бол хэн нэгэн хаан, хатныг хүлээх биш, хүн болгон дор бүрнээ бусдынхаа төлөө хариуцлагатай бай л гэсэн үг шүү дээ. Ганбаатар юу дутсан гэж эрсдэл дунд ингэж гүтгүүлэн доромжлуулан энэ олон жилийг өнгөрөөв өө. Дахиад ч олон жил ингэж зүтгэнэ. Энэ хүний үзэл баримтлал надад нөлөөлсөн байж болно.
-Танай удамд бас тань шиг тэмцэгч, заргач хүн байсан уу?
Аавын минь төрсөн эцэг, заргач Дугаржав нэртэй лам хүн байлаа
-Байсан. Би үүгээр бахархдаг. Би гурван буурал аавтай. Ээжийн минь аав их эрт өнгөрсөн, би сайн мэддэггүй. Аавын минь аав хоёр сайхан буурал байлаа. Нэг нь том лам, нөгөө нь Монгол Улсын гавьяат багш хүн. Аавын минь төрсөн эцэг, заргач Дугаржав нэртэй лам хүн байлаа. Өвөл зунгүй айлуудаар очиж ном уншдаг маарамба байсан. Социализмын үед самосвол дүүрэн шар тос, цагаан идээтэй аавын ахынд ирж л дээ. Мань хүн “Өө аав ирлээ. Ямар сайхан юм бэ, энэ өвөлжингөө шар тос идэх нь, тийм ээ, аав аа” гэж. Хоол цай идэж уучихаад “За гарчихаад ирье” гээд буурал аав Ганданд очоод бүгдийг нь буулгачихаад хүрээд ирэхгүй юү. Хүү нь уурлаад “Аав аа, та ямар сонин хүн бэ” гэсэн чинь “Түмний юмыг түмэнд нь ээ, миний хүү” гэсэн гэдэг. Бусдын төлөө заргалдаж, тэгснээрээ олны хайр хүндэтгэлийг татсан хүн байж. Заргач гэдэг чинь гоё нэр шүү дээ. Хүмүүс муухай гэж боддог. Би энэ нэрээр бахархдаг. Миний аав Дархан-Уул аймагт мундаг инженер байсан. Сайн хэлэхээрээ хүмүүс ШБОС-ын Сайнхүү, муу хэлэхээрээ заргач Сайнхүү гэдэг байлаа. Аав тэр үед найз нараа гэртээ цуглуулчихаад “Монгол орон ийм байж болохгүй. Лоохууз гуайн хэлдэг үнэн. Тоглоомон хониор амьд хонио сольдог тэнэг улс байж болохгүй” гэж ирээд л ярьдаг.
Манайх дугуйлан шиг л байдаг байлаа. Тэр дунд би өссөн. Одоо миний толгойноос гардаггүй нэг үг байдаг. Манай гэрт олон хүн ирнэ, зарим нь “Сайнаа ах аа, би ажлаасаа халагдчихлаа” гээд уйлж унжаад орж ирнэ. Тэгэхэд аав “Фактыг нь аваад ир” гэдэг байсан. Одоо би 40 жилийн дараа хүмүүстэй уулзаад “Фактыг нь аваад ир” гээд сууж байна. Юм гэдэг ийм л байдаг юм байна. Дараа нь тэр хүмүүс ажилдаа орчихоод аавд архи авчирч өгдөгт би их дургүй байсан. Тэр үед баярласнаа илэрхийлж өгдөг ганц зүйл нь архи л байлаа. Аавын авч байсан том заргуудаас нь хэлбэл Хүнсний комбинатад орос инженерүүдтэй ажиллаж байхдаа оросууд манайхныг дээрэлхдэг байсны эсрэг зарга үүсгэсэн. Тэр чинь их осолтой ажил шүү дээ. Тэгээд ажлаасаа халагдаад хоёр жил энэ талаар хөөцөлдөж заргаа авсан. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг шиг нөгөө Ганбаатарт энэ нь давуу тал болсон. Аав минь их ганцаарддаг байсан. Тэр үед найзууд нь урваж, хүмүүс дөлж аавд асар хэцүү байсан. Тэгэхэд ганцхан Ганбаатартай л ярьдаг байлаа. Би хичээлээсээ ирээд, сургууль дээр болсон зүйлээ аавдаа бас хэлнэ.
-Та айлын том хүү бил үү?
Баянхонгор аймаг нь 1941 онд байгуулагдсан, 115977 км² нутагтай.
-Таныг Англид эдийн засаг, инженерийн чиглэлээр сургууль төгссөн гэж сонссон. Хүүхэд байхдаа хичээлдээ сайн байсан уу?
-Яг үнэнээ хэлье. Хичээлдээ тийм ч сайн байгаагүй. Би 10 жилд байхдаа математикийн хичээлдээ л сайн, ангидаа дээгүүрт ордог сурагч байсан. Би “Гавал Ганбаатар” гэж хэлүүлэх гэж математикийн хичээлээ түлхүү үздэг байсан.
-Яагаад?
-Яагаад гэвэл аавтай минь холбоотой. Баянхонгорт очоод аав захиргааны дарга нартай үзэж эхэлсэн. Захиргааны хурал болох гэж байна гэсэн чинь “Дашчирэв, Сайнхүү хоёрын хэрүүл болно биз дээ, тийшээ очих хэрэг байна уу” гэж хүн ярьж байхыг сонсож байсан. Тэр үед аавыг минь хүн муу хэлэхэд өмөөрөх сэтгэл төрдөг байв. Миний аав мундаг, сайн хүн. Түүний нэг баталгаа нь би мундаг сурч байна гэж хүмүүст харуулах хэрэгтэй. Жаахан хүүхэд л ингэж боддог юм байна. Тэгээд математикийг хичээнгүйлэн үзэж байсан. Аав минь сайн тоочин байсан л даа. Их сургуульд онц сурч байгаагүй гэж шууд хэлж байгаа нь онц сурахын төлөө явах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосных. Лондонд их сургуульд байхдаа надад амьдрал дээр гараад аль нь хэрэг болох вэ гэдгийг л судалсан. Одоо оюутан байгаа хүүхдүүдэд ч миний энэ арга зөв гэдгийг хэлдэг. Бүгдэд нь жигдхэн онц сурна гэхээр шипи хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг.
-Та ааваасаа дутахгүй тэмцэгч шүү дээ. Гудамжинд жагсаж, ард түмний төлөө олон хоног өлсгөлөн зарлаж байсныг хүмүүс сайн мэднэ. Энэ хүний ар гэр орхигддог байх даа гэж боддог байсан шүү?
-Хань минь эхэн үедээ ойлгодоггүй байсан байж магадгүй. Надад юм хэлдэггүй байлаа. Оюутолгойн эсрэг 14 хоног өлсгөлөн зарлаад, маш хүнд байдалтай Сүхбаатарын талбайд сууж байх үед миний хань надад маш гоё мессеж явуулсан нь санаанаас гардаггүй юм. Харамсалтай нь тэмдэглэж авч амжаагүй байтал утсаа гээчихсэн. “Цасан шуурга шуурч, гар чинь бээрч, хацар чинь хайруулж байлаа ч сүүлийн нэг алхмаа заавал хийгээрэй. Дахиад нэг алхам бий гэдгийг санаарай” гэсэн утгатай. Яг үг бүрчлэн санахгүй байна. Сэтгэлээсээ их гоё бичсэн. Би магнай хагартлаа баярласан. Тэмцэл явуулж байгаа хүн чинь ханиа л их зовоож байна даа гэж боддог юм байна. Хань ч дүүрсэн хэрэг, хадам аав, ээж минь “Ямар хүнд охиноо өгчихсөн юм бол доо” гэж үглэж байгаа байх даа гэж санаа зовно. Манай хадмууд Архангайн Чулуутынх. Орой ирэхэд хань минь заримдаа уйлчихсан сууж байна. Зурагт, хэвлэлээр “Ганбаатар чинь Хятадын тагнуул гэнэ ээ, Оюутолгойг эсэргүүцэж байгаад хятадуудад өгөх гэж байгаа гэнэ” гээд л үнэмшилтэй болтол ярина, бичнэ. “Уул уурхайн эсрэг тэмцэл явуулж байгаад компаниудаас тэдэн сая төгрөг авчихсан гэнэ” гээд. Эхнэрээсээ нуугаад мөнгө зарцуулаад байгаа юм шиг л. Одоо бол хань минь намайг сайн ойлгодог, сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөг болсон. Би их азтай л хүн.
-Гурван охинтой бил үү?
С.Ганбаатарын гэр бүл
-Дөрвөн охинтой. Гурав гэвэл нүгэл болно. Миний нэг охин ээжтэйгээ Лондонд амьдардаг. Энэ тухай дэлгэрүүлж ярина гэвэл өмнөх ханиасаа зөвшөөрөл авах ёстой. Лондонд би сайхан амьдрал зохиож байсан. Сайн хүн. Монгол руу би дэндүү их зүтгэсэн дээ. Ингэж зүтгэхэд олон золиос гарна шүү дээ.
-Таныг шантаршгүй хатуу ширүүн тэмцэгч л гэдэг. Харин гэртээ очихоороо хошуугаа дэвссэн, хүүхдүүдээ эрхлүүлсэн сайн аав гэж сонссон?
-Өө тэр үнэн. Намайг хүмүүс хурц ширүүн, тэмцэгч гэж хараад байдаг боловч би зөөлөн хүн. Тэмцэл хатуу ширүүн баатарлаг үйлдлээс биш, уярам зөөлөн сэтгэлээс гардаг. Баатар болох гэж тэмцдэг гэсэн үг биш. Надад итгэж байгаа олон ядарсан хүний төлөө би тэмцдэг. 2008 оны долдугаар сарын 1-нд суман мөндөр шунгинаж байхад ундааны сав түүгээд охиноо дагуулчихсан нэг эмээ тэр дунд явж байсан. Өөртөө гутраад ажилгүй яваа олон залуус бий. Тэр хүмүүсийг хараад миний тэмцэл хаа байсан юм, болоогүй байна гэж бодож улам их зүтгэдэг. Би л чадахгүй байна, би л үр дүнтэй тэмцэхгүй байна гэж тархи руугаа шаахыг тэмцэгч гэж хэлнэ. Үүнийг би улс төрд орох гэж байгаа залууст хэлмээр байна. Өөрийнхөө нэр хүнд, нэр төрийн төлөө явбал энэ тэмцлийг хийнэ гэж бодож байна уу. Саяхныг болтол “Оюутолгой гэж их яривал улс төрийн карьераа хаана” гэж бодож байлаа шүү дээ. “Ганбаатар шиг дурак байхгүй” гэж ярьдаг байлаа.
Шударга сэтгүүлчид, олон түмэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын буянаар Оюутолгойн асуудал нэг талдаа гарангуут “Нээрээ энэ чинь” гэж бодож байгаа хүн зөндөө байсан байх. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг айхтар үг байдаг. Би үүнийг тэмцэл хийж байхдаа ойлголоо. Хүүхэд байхдаа “Үхэр тэргээр хэзээ ч туулай гүйцэхгүй. Ийм утгагүй юм яах гэж ярьдаг байна аа” гэж боддог байлаа. Сан бэйсийн хошуунаас би үхэр тэргээр Да хүрээ орохоор гарлаа. Гурван сарын дараа Да хүрээ орно. Би тодорхой зорилго тээгээд хүрээ орно гээд явж байна. Сан бэйсийн хүрээнээс үхэр тэрэгтэйгээ дөнгөж гарангуут туулай надаас асар хурдтай давхилаа. Би гүйцэхгүй дээ гэж бодлоо. Гурван сарын дараа Да хүрээ орж ирэхэд туулай хаа нэг газар асар хурдтай л явж байгаа байхгүй юу. Туулайд зорилго, өөрийн гэсэн идеолог, зарчим, үзэл баримтлал байхгүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж нөхцөл тавьж байна. Үнэнээр явбал гэдгийг хасчихвал худлаа үг болно. Энэ бол дэлхийд гайхуулах философи шүү дээ. Баруунд найман жил өөрийгөө ухаантай хүн болгох гэж зүтгэж, олон ном уншсан л даа. “Ээ дээ, өвгөдийн минь ухаан агуу байсан юм байна” гэдгийг ойлготол энэ бүхэн надад гишгүүр болж өгсөн.
-Эхээс их олуулаа гэдэг байх аа. Танай дүү нар ямар ямар салбарт ажилладаг вэ?
Би долоон хүүхэдтэй айлын том нь
-Би долоон хүүхэдтэй айлын том нь. Ерөөлөөр болог. Миний нэг дүүг Төмөрлөгийн үйлдвэрийн дарга болж байна гэж яриад байсан. Ёстой тийм юм байхгүй. Засгийн газраас “Төмөрлөгийн үйлдвэрийн даргаар дүүг чинь тавья” гэж байгаа бол би “Давай” гэж хэлнэ. Би үүний оронд Монголын төмөрлөгийн чиглэлийн бүхий л мундаг менежер, эрдэмтдийн дунд нээлттэй тендер зарлана. Надад тийм боломж өгөх нь үү гэж харж байгаа. Миний доод талын дүү ногоо тарьдаг. Англид өндөр боловсрол эзэмшсэн, математикч, зурхайч хүн бий. Түүний дараагийн дүү хувийн нэг барилгын компанид ажилтан. Дараагийн дүү алдарт Оюутолгойн монгол ажилчдын төлөө тэмцэгч. Түүний дараагийнх нь одоохондоо ажилд ороогүй байна. Австралид сургууль төгсөөд ирсэн. Удаах нь Австралид нөхөртэйгээ амьдарч байгаа. Отгон дүү гаднын нэг төсөлд ажилладаг.
-Та улс төрд яаж яваад орсон бэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Их хурлын дарга байхад та зөвлөхөөр нь ажиллаж байсан. Та хоёрын дунд тухайн үед яг юу болсон юм бэ?
-Би 2001 онд Монголд ирсэн. Англид найман жил болсон. Орост байснаа тооцвол 13 жил гадаадаар дэмий тэнэж, эрдэм номтой болох гэж өөрийгөө зовоосон. Том бизнесмен болно гэж өөрийгөө бэлдэж ирсэн. Ер нь бизнесмен болох гэж байгаа хүн эхлээд эрдэм сурах хэрэгтэй. Лондонд, эсвэл баруунд сур. Дэлхийн “Нарантуул”-ын зах чинь Лондон шүү дээ. Монголын “Нарантуул”-д гурван жил наймаа хийсэн хүн Баянхонгорын Баацагаанд бизнес хийх гээд очвол сарын дотор л бүгдийг гартаа атгана биз дээ. Мэдээлэл, туршлага хоёр байна. Найзтайгаа яриад нэг машин гурил зээлээр авч, малчдад өгөөд, оронд нь бүх арьсыг нь хурааж аваад сарын дотор л номер нэг нь болох нь байна ш дээ. Би дэлхийн “Нарантуул” захаас наймаа хийх гэж ирлээ. Хамгийн түрүүнд банкны салбарт орлоо. Бизнес хийх гэж байгаа хүмүүст туршлагаасаа хуваалцахад, банкны салбарт ороод хэн зээл авч, яаж мөнгөө өсгөж байна, хэн яаж унаж байна гэдгийг харах хэрэгтэй. Энэ бүхэн барометр болдог. Өмдний зах зээлд 100 наймаачин байдаг юм байна, тэнд орвол шахагдана, энд илүү орон зай байна гэдгийг харах бололцоотой. Энэ чинь өөрөө зах зээлийн барометр. Би банкинд их өндөр албан тушаал хашиж байсан.
Хувийн нарийн бичгийн дарга, өөрийн унаатай, боломжийн удирдах ажил хийж байлаа. Гэвч энэ ажил надад ямар ч кайф өгөөгүй. Ойлгомжтой, энэ бол цаг хугацааны л асуудал. Саяхан нэг гадаадын эрдэмтэн мон гол хүний натурын тухай ярьж байсан. Монголчууд challenger буюу өөрийгөө соригч гэж хэлж байсан. Тэгээд ганц нэг хүн саятан байхын оронд бүгдээрээ сая тан байвал яасан юм бэ гэж маш том зорилго тавьсан. Бизнесийн лекцүүд уншсан. Сурсан юмаа хүнд хүргэхээр Удирдлагын академи, Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багшилсан. “Ганбаатар гэж мундаг залуу байна” гэж тухайн үеийн том улстөрчид хэн нэг хүн хэлсэн юм байлгүй, намайг урьсан. Би тэр хүний тухай сайнаар ч, муугаар ч ярих эрхгүй. Гэхдээ би Энхбаяр даргатай хамт ажиллаж байсан гэдгээ хаана ч хэлнэ. Зөвлөхөөр нь ажилласан. Ордон доторх механизмыг ойлгох боломж өгсөнд нь би баярладаг. Харин яагаад тэр хүнтэй ажиллахаа больсон тухай яриа надтай л үлдэг. Энэ бол дэндүү хувийн чанартай асуулт. Хүмүүсийн төлөө зүтгэж байгаа бол намчирхсан улс төрөөр хол явахгүй юм байна гэдгийг би ойлгосон. Харин иргэдэд итгэж, тэдэнд найдаж, иргэний нийгмээр дамжиж улс төр хийвэл Монголд их юм хийж болох юм байна гэж бодсон. Мэдээж энэ бол бартаатай зам. Би шинээр зам гаргаж явахыг хүссэн. Монголд иргэний нийгмээр дамжиж улс төр хийж болдгийг ойлгуулахыг хичээж байна.
-“МN-25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байхдаа та “Би сонгуульд өрсөлдөхгүй” гэсэн амлалтаа бичсэн батламж маягийн юм харуулж байсан. Өнөөдөр гэтэл УИХ-ын гишүүн болчихсон л сууж байна шүү дээ?
МИ-25 телевизийн танайд хоноё нэвтрүүлэг
-Түүнийг та нарт дахиад ч үзүүлж болно. Харин “2008 оны сонгуульд би өрсөлдөхгүй” гэж тэнд бичсэн байгаа шүү. 2007 онд би Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгээд ажлынхаа шугамаар энд тэнд очоод ярихаар “Үйлдвэрчний эвлэлээр гишгүүр хийж, улс төрд орох гэж байна” гэж хардаад, ажил хийлгэж өгдөггүй. Тэгээд бүр болохоо болиод “2008 оны сонгуульд би өрсөлдөхгүй ээ” гэж бичсэн байхгүй юу. 2012 оны сонгуульд орохдоо би “Би энэ асуудлыг шийдэхгүй ээ. Үйлдвэрчний эвлэлийн холбоо шийд” гэсэн. Үйлдвэрчний эвлэлийн холбоо Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль гээд гурван хуулийг өргөн барих үүрэг даалгавар өгч УИХ-д намайг оруулсан. Би хоёр хуулийг нь өргөн барьчихаад байна. Гурав дахь нь гараас гараагүй явна.
-УИХ-ын гишүүний тангараг өргөж байхдаа та зангиа зүүгээгүй байсан. Ер нь зангиа зүүж харагддаггүй. Мөн таныг Их хурал дахь босоо гишүүн гэлцдэг. Яагаад та дандаа босож үг хэлдэг юм бэ?
-Парламентад анх ороход Төрийн ордны ажилтнууд ихээхэн бухимдаж “Та жишиг эвдэж байна, зангиа зүүх ёстой” гэж хэлж байсан. “Чуулганы нээлт, хаалтад заавал зангиатай байна гэсэн хуулиа аваад ир. Тэгвэл би шууд зангиагаа зүүе” гэсэн. Дараа нь би тайлбарласан л даа. Би маш олон зангиа зүүдэггүй хүмүүсийг төлөөлж ажилладаг. Үйлдвэрчинд байхдаа би зангиа зүүхгүй гэж шийдсэн. Өмнө нь багш байхдаа зүүдэг байсан. Энэ бол ямар нэгэн PR, реклам биш. Би элит, зангиатан биш, жирийн ажилчин хүмүүсийг төлөөлнө. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө нь ч би зангиа зүүдэггүй хүмүүсийн төлөө явж байсан. Гишүүн болоод өөрчлөгдөх ёсгүй. Орос, Хятад, Монгол гуравт л лаглайтлаа сууж байгаад парламент дээрээ үг хэлдэг. Арай ч хэвтэхгүй шиг байгаа юм. Босож хэлсэн хамгийн анхны үгээ би хэлье. “Өндөр дээд төрийн минь сүлд далбааны өмнө би заавал босож үг хэлнэ ээ.
Хоёрдугаарт, та нарыг энэ зааланд ирж суулгах болом жийг өгсөн хүмүүсийг хүндэтгэж би босож үг хэлнэ” гэсэн. Англи, Норвеги, Америк, Голланд зэрэг өндөр хөгжилтэй орны парламентад босож үгээ хэлдэг. Босож үгээ хэлэх нь цэгцтэй байдаг, хоёрт хүндэтгэлийн асуудал, гуравт эрүүл мэндэд ч сайн нөлөө тэй шүү дээ. Бүтэн дөрвөн жил сууж яах гээд байгаа юм, босооч дээ. Өөр нэг зүйл бол гишүүд хэлсэн үг болгоноо цаасан дээр гаргадаг, протоколд хадгалуулдаг байх ёстой. Тэгэхгүй, зарим хүн юу санаанд орсноо чалчиж хайран тог цахилгаан, олон хүний цаг завыг үрж байна. Үүнийхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Би үүнийг нэвтрүүлнэ гэж бодож байна.
-Нэгэн үе таныг Фэншүй Ганбаатар гэдэг байлаа. Одоо та фэншүйгийн зан үйлээ мөрддөг үү?
-Мөрдөнө. Харин хүмүүст тайлбарлаж таниулаад байх нь одоо хэр зохимжтой юм, мэдэхгүй байна. Хүн рүү хуруугаараа чичлээд байвал та битгий гараа занга гэдэг шүү дээ. Энэ бол ямар ч шашин биш. Хутга өгөхдөө ишээр нь өгдөггүй. Аягатай цайгаа хутгахдаа нар зөв эргүүлбэл зүгээр шүү гэдэг. Энэ бүхэн чинь амьдралын ажиглалтын практик ухаан. Фэншүй Монголоос гарсан. Австралийн эрдэмтэд Монголоос үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол гайхалтай гоё ухаан юм. Хүүхнүүд яагаад чулуун шигтгээтэй гоё ээмэг зүүж байгаагаа өөрсдөө ойлгох ёстой. Энэ бол хүнд эрч хүч, урам зориг үнэхээр өгдөг. Гоё гангараа биш шүү дээ. Хүүхдийг хар дарж зүүдлээд уйлахад нь давсаар ширэглэдэг. Муу энерги гэж байдаг. Чөтгөр сохор гэдэг. Хардаггүй учраас сонсдог. Давс ширэглэхийг сонсоод галт уул дэлбэрэх нь гэж бодоод зугтдаг юм болов уу. Ширэглэсний дараа хүүхэд хөлс нь чийхраад сайхан унтдаг. Наадмын хуушуурын гэрт гялгар уутанд ус хийгээд дүүжилчихсэн байдгийг анзаарсан уу. Ялаа өөрийнхөө нисэж байгаа түвшинд чийг мэдрээд “Хөөх бороо орох нь” гээд явдаг байх нь. Энэ бол ажиглалт. Үүнийг хэн ч нотлохгүй. Энэ бүх монгол ёс заншлаа буцааж сэргээмээр байгаа юм. Фэншүй манайхаас Энэтхэгт очсон. Энэтхэгээс Хятад руу дамжиж, хятадууд үүнийг сайн PR-дсан. Ус, салхи гээд байгаа. Анхны нэр нь арга, билэг. 3000 жилийн өмнө үүссэн. Одоо завгүй ч болж. Хийхийг хүссэн зүйлээ хийж чадахаа больсон. Би нийтлэл их бичдэг байсан. Анх Англиас ирээд “Би марааны тарвага” гэж гоё нийтлэл бичиж байлаа.
-Марааны тарвага аа?
Домогт өгүүлснээр марааны тарвагыг ирэхээр бусад нь долоож, амь гардаг гэсэн байдаг.
-Монголчууд, өвөг дээдэс минь цагаан тарвага битгий буудаарай гэдэг байсан. Өвс ногоо гандуу жилд тарваганууд өлбөрч үхэхгүйн тулд аль нэг хүчтэй, эх оронч тарвагаа “Чи явж, өвс ногоотой газар очиж, сайн идэж таргалж аваад мараан дээр хөрвөөж байгаад ир” гэж явуул даг. Маргаан дээр хөрвөөсөн тарвага цагаан байдаг. Тиймээс түү нийг буудвал ижил сүргийг нь хө нөөж байгаа хэрэг шүү дээ. Маш олон дарга нарын хүүхэд гадаадад сургуульд яваад бондгор гүзээгээ тэжээгээд тэндээ амьдраад үлддэг. Би Англи руу хараар явж байсан. Хүнээр виз гаргуулж, курст сурна гээд очоод сунгуулаад, их сургуульд сурсан. Тэтгэлэг авъя гэсэн ч сайд ах надад байгаагүй. Би бол марааны тарвага. Намайг битгий буудаарай гэж би энэ нийтлэлдээ бичсэн. Би тэр үед маш их шүүмжлүүлж байсан. Намайг битгий ингэж зовоогооч ээ гэж бичсэн. Хамгийн гол нь жинхэнэ мараанд явсан хүмүүс яагаад гүзээ гээ бондойтол гадаадад гэр бүлтэйгээ амьдраад байгаа юм бэ. Тэд ижил олон сүргээ устгаж байна шүү гэж бичсэн. Домогт өгүүлснээр марааны тарвагыг ирэхээр бусад нь долоож, амь гардаг гэсэн байдаг. Зарим домогт түүнийг бусад нь хувааж иддэг гэсэн ч байдаг.
-УИХ-ын гишүүд олны нүдэн дээр амьдардаг. Морь, бөх, хэт хутга, хувийн цуглуулга гээд янз бүрийн хообийтой. Ингэхэд таны хообий юу вэ?
-Энэ бол хамгийн хүнд сэдэв. Хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээн, хийж байгаа ажил минь хообий юм болов уу. Үүнээс өөр юм би боддоггүй. Өглөө би 13 дугаар хорооллоос гэрээсээ гараад ажилдаа алхаж ирдэг. Ирж явахдаа бурхандаа, дээр байгаа төрийн сүлдээ харж залбирдаг, Төрийн ордон, Үйлдвэрчний байр руугаа залбирчихаад орж ирдэг. Автобус, машинаар зорчиж байгаа, алхаж яваа хүн болгон надад итгэж найдаж, хайрлаж хардаг. Зарим өвөө эмээ тааралдахаараа үнсдэг. Хүнд амбиц гэж байдаг бол хүнээр хайрлуулах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Лекц уншаад маш олон хүнд итгэл найдвар өгч, тэдний алга ташилтад мансуурч, хөөрч баярлах шиг сайхан аз жаргал хаана байна. Энэ бол миний хообий. Энэ ажлыг хийхийн тулд надад маш их мэдээлэл хэрэгтэй байдаг тул ном их цуглуулдаг. Үүнийг хообий гэж хэлж бас болох юм. Бодлоо цэгцлэхийн тулд бас их алхдаг. Мэдээж тэмцэгч хүн учраас байнгын формонд байх ёстой. Шаардлагатай бол цохиж унагахад бэлэн байх ёстой шүү дээ. Ууланд аялах дуртай, хот дотор байнга алхдаг.
-Таныг архи огт амсдаггүй гэдэг юм билээ?
Архи бол Монголын хамгийн том дайснуудын нэг
-Огт амсдаггүй. Айхавтар шахаад сүйд болбол ганц хундага тогтоолгүй яах вэ. Архи бол Монголын хамгийн том дайснуудын нэг. Энэ бол том шаналгаа, том асуудал. Цагаан сараар хүмүүст архи өгөх дургүй. Манай гэрт архи байдаггүй. Хүн архи өгвөл бурхандаа өргөдөг. Энэ бол хийх ажлаа хийсэн хүмүүсийн, бурхдын ундаа. Надад түүнийг амсах эрх байхгүй.
-Их хурлын гишүүнээр сонгогдоод анх хэлж ярьсан зүйл тань эхнээсээ ажил хэрэг болж байгааг бид харж байна. Таны хувьд хамгийн их бэрхшээлтэй тулж байгаа ямар асуудал байна вэ?
-Оюутолгойг би шууд амлаж авсан шүү дээ. Өөрийн энерциэрээ явж байхад нь гүйж очоод шуугиулах чинь муухай. Би маш хяналттай ажиглаж байна. Одоо би Оюутолгойг ГААГ-ийн шүүхэд өгнө. Энэ асуудлаар би маш том мэдэгдэл гаргана. Говь үндсэндээ цөл болох нь тодорхой болсон. Би Оюутолгойг боль гээгүй. Цөлжүүлэхгүй байх баталгаагаа өгчих гэж хэлж байгаа. Монголын усны гэж нэрлэгддэг эрдэмтэд, уул уурхайн чиглэлийн эрдэмтэн судлаачид биеэ үнэлэгчид болчихсон байна. Энэ бол том нүгэл. Гаднынхны өөдөөс зарга хийхээр танай эрдэмтэд ийм тодорхойлолт гаргасан гэж байгаа юм. Тэр тодорхойлолтыг ямар мөнгөөр гаргасан бэ гэдэг нь надад сонин байгаа юм. Монгол хамгийн олон гавьяат эдийн засагчтай ард түмэн. Тэд хаана байна. Тэд дүгнэлтээ хийх ёстой. УИХ-д хийж байгаа ажлаа яривал дахиад нэг том сэдэв болно.