Ерөнхийлөгч цусаа өгөхийг уриалав
Тэрээр "Цусны төвд цусны хангалт багасчээ. Цусаа өгч амьдрал бэлэглээрэй. Санаачилга гаргаарай. Эх орноосоо энэ биеэ ч харамлалгүй байлдаж байсан дайчдынхаа хойч үе бид дусал цус харамлана гэж үү. Бүгдээрээ цусаа өгцгөөе.
Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжин цусаа бэлэглэхээр шийдсэн бол өглөө бүрийн 08.00-13.00 цагийн хооронд Цусны төвд хүрэлцэн ирнэ үү" хэмээн бичсэн байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2010 оны өвөл хоёрхон өдрийн цусны нөөцтэй болж, байдал хүндэрсэн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Төр| соёрхолт дуучин Д.Болд нар сайн дураараа цусаа хандивласнаас хойш энгийн үед өдөрт 5-10 хүн цусаа өгдөг байсан бол 100-120 болж өсч байв. Үүнээс хойш Ерөнхийлөгч жил бүр цусаа хандивлан байнгын донор болоод байгаа юм.
Донор хүн цусаа хандивлахдаа юуг анхаарах ёстойг Ерөнхийлөгч мөн сануулжээ. Тэрээр "Бид эрүүл байж бусдад амьдрал бэлэглэх нь хамгийн чухал. Та 17-60 настай, 45 дээш жинтэй, ямар нэг өвчингүй бол цусны донор байж болно. Хэрэв та хүний амь аврахаар шийдсэн бол цусаа бэлэглэхийн өмнө сайн унтаж амарч, хувийн ариун цэвэр сахиж шингэн зүйл ахиу уугаад бичиг баримттайгаа Цусны төвд ирэх хэрэгтэй" гэжээ.