ХАХНХ-ын сайд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн комиссын хуралд оролцож байна
Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”- ын гишүүнээр 2011 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа. Уг комиссын 57 дугаар чуулган “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эцэс болгох тухай” сэдвийн дор өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлжээ.
Чуулган энэ оны гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх аж.
Олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх асуудал хурцаар тавигдаж, гишүүн орнууд тодорхой амлалт авч энэ чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд манай улсын хувьд ч энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай байгааг харгалзан “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 57 дугаар чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Манай төлөөлөгчид тус чуулганы нэгдсэн хэлэлцүүлэгүүд болон охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг арилгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх сэдэвт дээд хэмжээний дугуй ширээний уулзалт ярилцлагад идэвхтэй оролцож байгаа аж.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг арилгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгч, үг хэлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ, эрхзүйн баримт бичгүүд, Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт, тулгарч буй саад бэрхшээлийн талаар тодорхой дурдаж, дурдсан саад бэрхшээлийг арилгахад НҮБ болон олон улсын хөгжлийн байгууллагуудаас дэмжлэг хүсэх, хамтран ажиллах асуудал дэвшүүлэхээр төлөвлөжээ.