“Үндэсний уламжлалаа дээдэлье” сэдэвт манлайлагчдын чуулган боллоо
Төрийн ордонд өчигдөр "Үндэсний уламжлалаа дээдэлье" манлайлагчдын чуулган боллоо. Монголын баг, сумдын үндэсний холбооноос зохион байгуулсан тус чуулганд 21 аймгийн, 330 сум, 1575 баг, есөн дүүргийн 152 хорооны төлөөлөл оролцсон юм.
Уг чуулганд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, үг хэлэв. Тэрээр "Монгол Улс Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд багийн өөрөө удирдах ёс хэлбэр төдийхөн, багийн Засаг дарга хэмээх нэг гүйцэтгэх албан тушаалтны эрх мэдэл давамгайлах хандлагатай явж ирлээ.
Харин 2011 оны сүүлчээр УИХ-аас баталсан Төсвийн тухай шинэ хуульд "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөв, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна".
"Иргэдээс гарсан саналыг Иргэдийн нийтийн хурал хэлэлцэн, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг эрэмбэлэн сонгоно". "Баг, хорооны иргэдийн саналыг аваагүй, сум, дүүргийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглоно" гэсэн заалтууд батлагдсан.
Төсвийн шинэ хуульд багийн иргэдийн оролцооны талаар бие даасан зүйл заалт орсноор баг, хороонд нутгийн өөрөө удирдах ёс бодитой хэрэгжих үндэс суурь бүрдлээ. Баг, сумын хөгжлийн асуудалд иргэдийн оролцоог хангах гэдэг нь мэдээлэл олж авахаас эхлээд шийдвэрээ хамтран хэлэлцэж, батлан гаргах, гүйцэтгэлийн явц, тайланг хянаж дүгнэхийг хэлдэг.
Энэ нь биднээс сэтгэлгээгээ шинэчлэх, шийдвэр гаргах тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж байна. Гэвч Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй хөгжлийн ийм шинэ хандлагад баг, сумын удирдах албан тушаалтнууд, баг, хорооны иргэд, эрэлт, нийлүүлэлтийн тал хоёулаа бэлэн биш байна.
Өөрөөр хэлбэл, тэднийг шинэ хандлага, соёлд суралцахад нь туслах, дэмжих манлайлагчдын хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ тохиолдолд Монголын баг, сумдын үндэсний холбооноос "Манлайлагчдын чуулган-2013" арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил.
УИХ, орон нутгийн Иргэдийн хурлын эрх мэдлийг улам өргөжүүлэх, Улс төрийн намуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна. Монгол хүн хот, хөдөөд байгаагаас үл хамааран ижил орон зайд, ижил орчин нөхцөлд ажиллаж амьдрах ёстой.
Үүний тулд Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа орон нутгийн иргэдийн оюун санаанд бодитой хөрөнгө оруулалт хийж, тэднийг орчин үеийн хөгжлийн үйл явцад бүтээлчээр оролцох чадавхийг бүрдүүлэхэд анхаарвал зохино. Үүнд, төр, иргэдийн оролцоо аль аль нь чухал байна.
Хүн амын янз бүрийн давхарга, ашиг сонирхлыг илэрхийлсэн төрийн бус байгууллагууд сум, дүүрэг, хорооны ИТХ-ыг түшиглэн хамтарч ажиллавал төр, засгийн эрх мэдлийг иргэдийн үүсгэл санаачилгатай хослуулах чухал арга хэрэгсэл болно.
Хэдийгээр төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлаж төрийн бодлогыг хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлнэ гэж тунхаглаад байгаа ч өнөөдрийг хүртэл Засгийн газраас олон нийтийн байгууллагад эрхээ шилжүүлэн хийлгэсэн ажил бараг алга.
Иймээс цаашид Төрийн бус байгууллагуудын санаачилга, нөөц, хүчийг ашиглах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд УИХ онцгой анхаарал хандуулах болно. Нийгмийн шинэчлэл хийх хүн эхлээд, өөрийгөө шинэчлэх хэрэгтэй. Шинэ зарчим, шинэ мэдлэг, шинэ арга барил эзэмшиж, ардчилалд суралцахад Та бүхэн боловсрол мэдлэг чухал.
Хууль тогтоогч байгууллагаас баг, сум, хороотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Эцсийн эцэст, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахын гол утга учир нь иргэд нутаг усандаа эзэн болох төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрах явдал юм.
Суурин болон хөдөөгийн нүүдлийн багийн хөгжилд газар нутаг, эдийн засгийн хүчин зүйлээс хамаарч ялгаа бий ч төрөөс үзүүлж байгаа бүхий л үйлчилгээг адил тэгш хүртдэг байх ёстой. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдад төрөөс үзүүлж буй ний тийн үйлчилгээг хүртээмжтэй хүр гэж үйлчлэх шаардлагатай юм.
Энэ зорилгоор Монголын багсумдын үндэсний холбооноос "Багийн шинэ төв" төслийг санаачлан боловсруулсаныг бид дэмжиж байна. Харин төслийг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо чухал гэдгийг онцолъё.
Хууль тогтоогч байгууллагаас баг, сум, хороотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Ажил үйлс тань өөдрөг байж, өөрсдөө манлайлагч байхыг уриалж байна" гэлээ.