Цаатнуудад сар бүр тэтгэмж олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Уг зарлигийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хуралдаанаар баталлаа.
Тогтоолоор Засгийн газрын 2007 онд баталсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, уг хөтөлбөрийг улсын хэмжээнд зохицуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан байна. Үндэсний зөвлөл нь ажлын явц, үр дүнгээ жил бүрийн арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчид танилцуулан, олон нийтэд мэдээлж байхаар тогтлоо.
Алслагдсан нутагт амьдарч буй цаатан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэнэ.
Цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор энэ оны зургадугаар сарын 1-нээс тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох ажлыг зохион байгуулах журмыг баталж, хэрэгжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болголоо.
Мөн алслагдсан нутагт амьдарч байгаа цаатан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод даалгав.