2013.02.27

Хаагуур юу хийж явна?

Төрийн ордноо шууд ардчилал, иргэдийн оролцоог төрийн тэргүүн тунхаглаж байна. Харин хууль тогтоогчид хаагуур, юу хийж байгаад чих тавив.

Эмэгтэйчүүдийг сургаад л

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулж байна?

-Ажил ихтэй байна. Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны шугамаар Төрийн удирдлагын академитай хамтран аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа.

-Өөрийн тойрог болох Завхан аймагтаа ажиллав уу?

-Сургалттай болохоор зав муутай байлаа. Гэхдээ ойрын хугацаанд тойрогтоо ажиллах бодолтой байна.

-Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжтой холбоотой тодорхой хийж, төлөвлөсөн зүйл байна уу?

-Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажилласан. Малчдыг жижиг дунд бизнес эрхлэгч болгоход чиглэсэн энэ хуулийн төсөл Засгийн газраас дэмжлэг авсан болохоор одоо УИХ-д өргөн барина. Мөн Хөдөлмөрийн болон Тэтгэврийн тухай хуулийн талаар судалгаа хийж байна.