Жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцав
"Траст Трейд" ХХК-ны эрчимжүүлсэн гахайн аж ахуй
2013.02.20

Жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцав

Хөдөлмөрийн яамны  Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төлөөлөл хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд ЖДҮХ сангаас олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгжээр орж үйл ажиллагаатай нь танилцаж, үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлын талаар санал солилцлоо.

Бидний орсон эхний аж ахуйн нэгж бол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Траст трейд” ХХК-ний эрчимжсэн гахайн аж ахуй байлаа. “Траст трейд” ХХК нь 2006 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анх ОХУ-аас 50 мэгж, 5 ландрас оруулж ирэн  6 ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2011 онд хөнгөлөлттөй зээлд хамрагдсанаар 18 ажилтан 1500 гаруй толгой гахайтай болон өргөжөөд байна.

Цаашид байр, агуулахын  багтаамжаа нэмэгдүүлж эрчимжсэн гахайг 3000 толгойд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Тус компани сард 200 гахай нядлан борлуулж дотоодын зах зээлд нийлүүлж буй хэдий ч гахайн махны хэрэгцээний маш бага хувийг /бусад аж ахуй нэгжтэй нийлээд 30 гаруй хувийг/ хангадаг байна. Үлдсэн 70 хувийг нь импортоор буюу Польш, Хятадаас оруулж ирсэн өөх, мах эзэлдэг гэж танилцууллаа.  Монголд 80 орчим гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цех, жижиг үйлдвэрүүд байдгаас тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 15-20 аж ахуй нэгж, эрчимжүүлсэн гахайн аж ахуйг 5 аж ахуйн нэгж эрхэлж байна.

“Эрчимжсэн гахайн аж ахуйн”тэжээлийн 50 хувийг улаан буудай эзэлдэг бөгөөд иймэрхүү эрчимжүүлсэн гахайн фермүүд олноор бий болговол улаан буудайн эрэлт ихэсч тариаланчид гурилын үйлдвэрт гологдсон  буудайгаа эрчимжүүлсэн гахайн аж ахуй эрхлэгчдэдээ нийлүүлж хамтран ажиллавал их үр дүнд хүрэх талаар М.Мөнхбат захирал бидэнд ярьсан юм.

Зах зээлээ сайн судалж, өөрөө бичсэн төсөл ялгардаг

Бидний дараагийн орсон үйлдвэр бол “Дэлгэр Тэс” ХХК-ний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр.  

Сүү, сүүн бүтээгдэхүүний “Дэлгэр Тэс”ХХКомпаний захирал Н.Сүнжидмаа

нь сүүний технологич мэргэжилтэй бөгөөд 2011 онд зээл хүсэх төслөө өөрөө бичиж 200 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай авч үйлдвэрлэлээ өргөтгөн ажиллаж байгаа юм байна. Тэрээр 2004 онд 7-8 ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 40 гаран ажилтантай, дөрвөн нэрийн барааны дэлгүүртэй болж өргөжсөн байна. Зээл авсанаас хойш дөрвөн нэрийн барааны дэлгүүрээ нээж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, ажилчдын орон тоогоо нэмэгдүүлж  32 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Тус компани нь үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон болон жижиг  хүнсний сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ хийн, дамжуулж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд худалдан борлуулдаг юм байна.

Тус компани захирал Н.Сүнжидмаа хэлэхдээ миний хувьд одоогийн зээлийн хүүгээ төлөөд явахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй ч зээл авахдаа өөрийн бүх хөрөнгөө барьцаанд тавьсан тул зээлээ төлж дуустал дахин томоохон хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон учир цаашид банктай гэрээ хийж хамтран ажиллахдаа  барьцааг хэсэгчлэн чөлөөлөх талаар анхаарч ажиллахыг хүссэн.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийнханы  хувьд иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зээлийн нөхцөл байдалтай танилцаад дэмжиж өгөх саналыг банкинд тавьдаг бөгөөд банк зээл олгох эсэхийг эцсийн байдлаар шийддэг байна. Гэвч жижиг бизнес эрхлэгчдийн хувьд банкнаас шаардсан барьцаа хөрөнгийн баталгаа гаргах тал дээр хүндрэлтэй байдаг.

“Үйлдвэрлэл явуулах гэж буй салбарынхаа зах зээлийг сайн судлаад, чаддаг юмаа хийх гэж өөрсдөө бичсэн төсөл нь сонгон шалгаруулах комиссынхонд ч илт ялгарч харагддаг төдийгүй тэр хэмжээгээрээ зээлээ үр дүнтэй ашиглаж чадна” гэдгийг ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалан онцоллоо. Мөн тэрээр хэлэхдээ, зээл өгчихөөд хөгжүүлэх талаар ярихгүй араас нь яаж төлөх бол гэсэн  “хардсан харцаар” хараад байхаар хөгжихгүй. Тиймээс итгэлцлийн асуудлыг эргэж харах хэрэгтэй хэмээсэн юм.

 Зах зээл, эрэлт нь байгаа ч эх үүсвэр нь бага байгаа дотоодын зах зээлийг бид хөнгөлөлттөй зээлийн эх үүсвэрээр дэмжиж Улаанбаатар хотыг тойрсон эрчимжүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг олноор бий болгож, одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байлаа.