Нэхий үйлдвэрлэгчид эргэлтийн мөнгөтэй болохыг хүсч байна
ҮХАА-н сайд Х.Баттулга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар малын түүхий эдээр нэхий дээл, гутал гээд орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний томоохон үйлдвэр "Дархан
2012.12.04

Нэхий үйлдвэрлэгчид эргэлтийн мөнгөтэй болохыг хүсч байна

Сайд 40 жилийн түүхтэй "Дархан нэхий" компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани 2000 гаруй ажилтантай бөгөөд үндэсний хэмжээнд бус экспортонд бүтээгдэхүүн гаргаж байгаа аж.Дархан хотын томоохон татвар төлөгч төдийгүй хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байна. Түүхий эд болох нэхийгээ сайн базаагаад авчихвал үйлдвэр өөрийн хүчин чадлаараа 100 хувь ажиллах боломжтой гэдгийг онцолсон. Тэдний тулгамдсан гол асуудал нь эргэлтийн хөрөнгө байдгийг онцолж улсаас хөнгөлөлттөй нөхцлөөр зээл олгох боломж хэр байгааг энэ үеэр асууж байлаа.

"Дархан нэхий" компанийн гүйцэтгэх захирал Э.Батсайхан ийнхүү ярьж байна.

'Манай үйлдвэрийн техник, технологийн хувьд 80 хувь нь шинэчлэгдсэн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл дараа жил гэхэд бүрэн хийгдэж дуусна. 21 орчим тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлтэй нөхцлөөр өгчихвөл үйлдвэр эргэлтийн мөнгөтэй болно гэсэн үг. Ингэснээр бид улсын томоохон татвар төлөгч үйлдвэр болох боломжтой.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ҮХААЯ-наас анхаарна гэдгийг сайд энэ үеэр онцолсон юм.

Үйлдвэр одоогийн байдлаар жигд ажиллагаатай явж байна. Ажилчдын дундаж цалин харьцангуй гайгүй түвшинд байгаа. Үйлдвэрийн ашиг, орлогын хувьд тасралтгүй явж байна. Дархандаа бол төсвийг бүрдүүлэгч томоохон үйлдвэрийн нэг нь юм. 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас 30 орчим хувийг нь экспортонд гаргаж байна.Монголдоо өрсөлдөх чадвар сайн. Үнэ харьцангүй хямд гаднаас ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг орлох боломжтой гэлээ.
ҮХАА-н сайд Х.Баттулга дараа нь "Дархан минж" компаниар орсон юм.

"Дархан минж" компани 350 мянган хонины нэхийг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдөр 70 мянган нэхийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Мөн тэд улсаас эргэлтийн мөнгөөр дэмжлэг үзүүлэхийг сайдаас хүссэн юм.

"Дархан минж" ХХК-ийн захирал Б.Анхболд:

-Бид үйлдвэрийнхээ хүчин чадлыг 100 хувь ашиглаж чаддаггүй. Зөвхөн 25 хувийг нь л ашиглаж байна. Манай арьс, ширний үйлдвэрийнхэн өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газарт арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор эргэлтийн хөрөнгөд зээл олгооч хэмээн удаа дараа хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу салбарын сайд биечлэн танилцаж байгаад баяртай байна. Бидэнд түүхий эдээ худалдаж авах эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна. Арьс ширний үйлдвэр түүхий эдээ богино хугацаанд бүтэн жилийнхээ нөөцийг бэлтгэдэг.

Энд л тусламж хэрэгтэй байна. Бид бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэж олон янзаар оролдож байна. Маш бага бүтээгдэхүүнийг гадагш нь гаргаж байгаа. Учир нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань Монголын зах зээлд бүрэн борлогддог. Одоогоор хүчин чадлынхаа 25 хувийг л ашиглаж байна. 70-мянган ширхэг хонины нэхийг эцэслэн боловсруулж бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж буй юм. Манай үйлдвэрийн хүчин чадал нь жилд 330-350 мянган ширхэг арьс боловсруулах хүчин чадалтай: 130 орчим ажилчинтай. Үүнээс гадна гутлын цех, ажлын хувцасны үйлдвэрийн 50 орчим хүнтэй хөдөлмөрөө хоршиж байна. Мөн хөдөө орон нутагт гэрээт борлуулагчид ажиллаж байгаа гэв.

Малын түүхий эдээр олон улсын чанарын стандартад нийцсэн нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй "Дархан нэхий", "Дархан минж" компанийн ажил хэвийн, ажилчдын цалин хөлс боломжийн юм байна. Монгол бүтээгдэхүүн ялангуяа нэхий эдлэлийн эрэлт хэрэгцээ гадныханд их бий. Тиймзэс гадны улс орон руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байдаг аж. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ҮХААЯ-наас анхаарна гэдгийг сайд энэ үеэр онцолсон юм.