Үндэсний стандартыг бий болгохоор ажиллаж байна
Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг
2013.02.20

Үндэсний стандартыг бий болгохоор ажиллаж байна

Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр зээл авсан аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зээлийн хэрэгжилт хэрхэн үр ашгаа өгч байгааг үзэж, ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсох зорилгоор ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн танилцсан анхны үйлдвэр нь “Магнет импорт” хэмээх хуурай хольцын үйлдвэр байлаа. Үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж буй тус үйлдвэр анх байгуулагдахдаа нэг тэрбум орчим төгрөгийг зарцуулсан бөгөөд тухайн хөрөнгийнхөө ¼-ийг буюу 250 сая төгрөгийн зээлийг 2009 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авчээ.

“Нийт найман ажилтантай,  Герман, Францын хамтарсан Weber брэндийн тоног төхөөрөмжийг ашиглан зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн

үйлдвэрлэдэг. Нэг бүр нь 25 кг-аар савлагдсан цагт 200 уут, жилдээ 60 мянган уут  бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж 100 хувь борлогддог бөгөөд “Гангар инвест”, “Жигүүр гранд” зэрэг томоохон компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж, дотоодын зах зээлийн 25-30 хувийг ханган ажиллаж байна. Ажлын байранд хүн тогтохдоо муу, засвар үйлчилгээгээ ч өөрөө хариуцан хийдэг” хэмээн тус үйлдвэрийн захирал Ц.Нямсүрэн ярьсан юм.

Мөн тус үйлдвэр нь өөрийн бүтээгдэхүүндээ шинээр стандарт батлуулж, үндэсний стандартыг бий болгохоор ажиллаж буй аж.

Гадаадад мэргэшсэн иргэдээ тэр чиглэлээр нь дэмжиж ажиллах хэрэгтэй

Ажлын хэсэг “Стоункрафт” хэмээх байгалийн чулуун хийцийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус компанийг ах дүү Б.Баатархүү, Б.Баярхүү нар хамтран 2005 онд АНУ-ын Виржини мужид байгуулсан бөгөөд нутагтаа ирээд энэ санаагаа хэрэгжүүлж 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Анх тавилгын үйлдвэрлэл эрхэлж байгаад гурван жилийн өмнөөс чулууны үйлдвэрлэл эрхлэхээр 350 саян зээл авчээ. 27 ажилтантай тус үйлдвэр нь Бразил, Америк, Итали, Испани, Хятадын байгалийн цэвэр чулуугаар байгууллага, айл гэрийн тавилгыг гоёмсог загвар, өнгө үзэмжтэйгээр хийж өгдөг байна. 1500м.кв талбай бүхий үйлдвэрийн байртай, итали технологийн бүрэн автомат ажиллагаатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангадсан байна. Номин констракшны River garden хотхоны тохижилт, Kitchen All тавилгын компанийн чулуун тавцангуудыг тус тус хийж гүйцэтгэсэн аж.

Тус компанийн ерөнхий захирал Б.Баатархүү ярихдаа: “Дүү бид хоёр Америкт олон жил энэ чиглэлээрээ ажиллаж байсан. Гадаадад олон жил болоод нутагтаа эргэж ирсэн эхний хэдэн жил хөлөө олоход хэцүү байдаг. Тиймээс гадаадад олон жил ажиллаж, тухайн чиглэлээрээ мэргэшээд ирж буй иргэдээ төр засгаас дэмжиж ажиллавал зүгээр гэж боддог. Мөн ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлж байгаа нь ихээхэн дэм болдог тул цаашдаа ч энэ тал дээр илүү анхаарч ажиллаасай” хэмээсэн юм.