Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.05.20

Мэндчилгээ

 “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн эзэд болсон залуучууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт ажилтан, албан хаагчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай улсын нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм. Шинэчлэлийн Засгийн газраас залуучуудын хөгжлийн асуудлыг онцгойлон авч үзэж, өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын талаарх шинэчлэлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Залуучуудын хөгжил-Шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган нь залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлохыг зорилгоо болгож байгаа бөгөөд улс орны өнцөг булан бүрээс мянга мянган залуучуудаа төлөөлөн энд хуран цугласан Та бүхний олон чухал санал, санаачилга нь Монгол төрийн бодлогод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж чадах юм.

Манай улсын нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна.

Иймд мэдлэг боловсролтой, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч Монгол залуу хүнийг бий болгохын төлөө залуучууд Та бүхэн чуулгандаа идэвхитэй оролцож, улс орны болон залуучуудын хөгжлийн асуудлыг тунгаан хэлэлцэж, олон чухал санал, зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна.

Бид зоригтой санаачилж, зөв шийдлийг олж, амжилттай хэрэгжүүлж, эв нэгдэлтэй ажиллаж чадвал өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг хөгжлийн гараа болгон өөрчилж чадна.

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛД ХАМТДАА

Гүнээ хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд    С.Эрдэнэ