Байрны нийлүүлэлт хомсдоно гэж толгойгоо бүү гашилга
Залууст зориулсан орон сууц хэлэлцүүлэг болов
2013.05.15

Байрны нийлүүлэлт хомсдоно гэж толгойгоо бүү гашилга

Байртай, хүчирхэг дундаж давхаргын амьдралтай монгол хүн бий болоход хэдэн алхам үлдлээ. Чухам энэ бол бид­ний мөрөөдөж, хүсэж бай­сан ертөнц. Өнөөдөр гэр хорооллын өмхий гудамж, өгөр­сөн хашаа, шавар нь халцарсан байшин, өндөр үнэтэй нийтийн байранд залхт­лаа амьдарсан залуус, бас орон сууцгүй иргэдэд гай­халтай том боломж үүдээ нээлээ.

Тодруулбал сүүлийн үед хэвлэлээр нэлээд сонсогдох бол­сон Монголбанкнаас авч хэрэг­жүүлж буй ипотекийн буюу урт хугацааны зээлийн сан­хүүжилт бараг бүрэн утгаа­раа шийдэгдчихлээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орон сууц худалдан авах хүсэл­тэй иргэдэд зориулсан урт хугацааны жилийн най­ман хувийн хүүтэй зээл.

Монголбанкнаас цемент, арматурыг импортоор оруулж ирэхэд замд нь саад болдог байсан бэрхшээлүүдийг арилгасан аж.

Харин одоо Засгийн газар эл зээлийг иргэн Доржид ямар нөхцөл, журмаар яаж олгохыг батлах л үлдэв. Төв банкны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ойрын 14 хоног, цаашлаад ирэх сарын 1 гэхэд Засгийн газар журмаа батлах боломжтой гэнэ.

ИМПОРТЫН ЦЕМЕНТ, АРМАТУРЫН НИЙЛҮҮЛЭЛТЭД ДОГОЛДОЛ ГАРАХГҮЙ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал албан тушаалаа авс­ны дараахан инфляцийн түвшинг энэ онд найман хувьд хүргэх талаар төсөөлөл хэлж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд олон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэл­сэн.

Гэтэл өнгөрсөн оны арван­хоёрдугаар сард эхлүүлсэн Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр нэг хэсэгтээ шуугиж байснаа одоо яагаад чимээгүй болчихов гэх хүмүүс нийгэмд олон болж.

Гэхдээ товч бөгөөд гол хариулт нь чухам тэр хөтөлбөрийн үр дүн явсаар өнөөдөр бидэнд байртай болох боломжийг олгоод буй ипотекийн зээлийн суурь нь болсон юмсанж.

Өөрөөр хэлбэл тэр гол нэрийн барааны хөтөлбөрийн дараагийн шат нь 17, 18 хувьд хүрсэн инфляцийг 10 хувь руу бууруулах ажил болсон. Нөгөөтэйгүүр үүний дараа 1.5 тэрбум бонд Монгол Улсын дансанд оров. Харин дараагийн алхмуудын үргэлжлэл нь уг бондын зарцуулалт, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах, иргэдийн санхүүгийн зөв хуваарилалтад чиглэж үл хөдлөх хөрөнгөд анхаарсан төв банк, Засгийн газрын бодлого, менежмент орон сууцны нийлүүлэлт дээр тогтлоо.

Барилгын компаниудын удирд­лагаас “Метр.квадратын үнэ өсөхөд юу нөлөөлөв, шалтгаанаа тайлбарла” гэхэд тэд “Барилгын материалын импортын үнэ өс­чихсөн, тээвэрлэлтийн гацааны улмаас алдагдлаа нөхөхийн тулд бид үнээ нэмэхгүй гээд яах юм бэ” хэмээх хариултыг өгдөг байсан.

Статистик судалгаа

Харин одоо байдал 360 градус эргэжээ. Учир нь Монголбанкнаас цемент, арматурыг импортоор оруулж ирэхэд замд нь саад болдог байсан бэрхшээлүүдийг арилгасан аж. Тодруулбал Замын-Үүдээр дамжин орж ирж байгаа эдгээр материалууд манай оронд улирлын, мөн тээвэрлэлтийн шалтгаанаар зогсож, нийлүүлэлтэд хомсдол үүсгэдэг байлаа.

Материал нь хомсдож, ажил нь зогсонги байдалд орсон барилгын компани алдагдлаа нөхөхийн тулд метр.квадратын үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрдэг байжээ. Тиймээс дэд хөтөлбөрүүдийн үр дүн барилгын компанийг импортын материалд санаа зовохооргүй болголоо. Дашрамд дурьдахад уг хоёр материалыг тасалдуулахгүй байхын тулд энэ сарын 8-ны өдөр долоон хувийн хүүтэй 70.7 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг нээсэн байна.

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨД ЗОРИУЛСАН 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Барилгын компани бараа, материалын, иргэд метр.квадратын үнийн дарамтад орохгүй, илүүдэл мөнгө төлөхгүй байх боломж бүрдчихжээ. Энэ сарын 3-наас эхэлж жилийн 5.5 хувийн хүүтэй, 37.75 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт арилжааны банкуудаар дамжин эзэндээ хүрч эхэллээ.

Учир нь барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэхэд зориулж дээрх мөнгийг төв банкнаас гаргасан гэнэ. Гэхдээ тухайн компани харьяа яаманд өөрийн хүсэлт, материалаа бүрдүүлж өгснөөр зээл авах боломж нь бүрдэнэ. Харин зарим овсгоотой хүмүүс авсан зээлээ өөр зүйлд зарцуулдаг жишиг Монголд бий.

Хэрэв зориулалтын бус зүйлд зарцуулсан тохиолдолд буцааж авах, арга хэмжээ тооцох хувилбар байгааг мартаж болохгүй.

НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ 380 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГОХ ГЭНЭ

Барилгын бараа, материалын нийлүүлэлтийн саад, бэрхшээлийг арилгахын тулд Засгийн газар, төв банктай хамтран санхүүжилтэд гурван суваг гаргасан нь дээр дурьдсан зүйлс. Нөгөөтэйгүүр барилгын гүйцэтгэл нь дуусаагүй, шинээр барих орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүд­нээс төв банкнаас 380 тэрбум төг­рөгийн санхүүжилт гаргажээ.

Одоогоор үүнээс 300 тэрбум төгрөг эзэндээ хүрч эхэлсэн гэнэ. Түүнчлэн энэ жил 19-25 мянган орон сууц шинээр ашиглалтад орох тооцоо байгаа аж.

Ипотекийн буюу дундаж, тогтмол орлоготой орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд зориулсан урт хугацааны эл зээл аль ч Засгийн газрын үед хэрэгжих боломжтой, уян хатан нөхцөлтэй гэдгээрээ онцлог юм билээ. Өмнө нь хэрэгжлүүлж эхлээд замаасаа хазайсан зургаан хувийн зээлийг учир мэдэх нь улс төрийн зорилготой байсан учраас удаан наслаагүй гэх.

Өнөөдөр Монгол Улсад орон сууцны урт хугацааны зээл авсан иргэдийг ДНБ-нд шилжүүлбэл дөнгөж 6.5 хувь нь л болно. Харин гадны хөгжингүй орнуудад иргэд нь ДНБ-ий 60-70 хувьтай тэнцэхүйц хэмжээний зээлд хамрагдсан байдаг аж.

Гадны хөгжингүй орнуудад иргэд нь ДНБ-ний 60-70 хувьтай тэнцэхүйц хэмжээний зээлд хамрагдсан байдаг аж.

Ипотекийн зээлд итгэж болох нэг гарц нь ашиглалтад ороход бэлэн болсон шинэ эсвэл ашиглаж байсан хуучин орон сууц авах хүсэлтэй иргэд 10-30 хувийн урьдчилгаагаа төлөөд байраа авах бүрэн боломжтой гэнэ. Ямартай ч байр авах гэж буй уншигч та, бид орон сууцны нийлүүлэлтэд санаа зовж, толгойгоо гашилгах хэрэггүй боллоо.

Учир нь дээр дурьдсанаар үнэ нэмэгдэх, бараа материал, байрны хомсдолд орох саадуудыг нь арилгачихсан болохоор монголчуудад гайхалтай боломж бүрдсэн нь энэ гэмээр.