С.Ганбаатар: Үнэт цаасны засаглалын асуудалд анхаарах цаг болсон
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар парламентад Бие даагч гишүүдийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа. Тэд даваа гараг бүр хуралдаж, УИХ-ын Байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэж байхаар болжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэж, энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудлын талаар ямар байр суурьтай байгаагаа мэдээлэв.
Бие даагчдын зөвлөлөөс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анхаарч ажиллана гэлээ.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай дэд ажлын хэсгийн хуралд эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд зохистой үйлчилгээг авч чадаж байна уу, иргэдийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээ худалдаж авдаг Эрүүл мэндийн даатгалын газар иргэдээ төлөөлж чадаж байна уу гэсэн асуудлыг хөндөх аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх учир эл хуулийн цоорхойгоос болж хохирч буй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж дуугарахаар болжээ.
Тухайлбал, Компанийн тухай хуульд хяналтын хувьцаа буюу олонхи хувьцааг эзэмшиж байгаа нь цөөн тооны хувьцаа эзэмшдэг хүмүүст санал тавьж хувьцааг нь худалдаж авна. Худалдаж аваагүй тохиолдолд тэдний хувьцаа эзэмшигчийн саналын эрх шууд хүчин төгөлдөр бус болдог тухай зохицуулалт бий гэнэ.
Үүнийг ашиглаж одоогийн байдлаар 16 компани цөөн тооны хувьцаа эзэмшдэг хүмүүсийн хувьцааг хууль бусаар шилжүүлж авсан тохиолдол гарчээ. Тиймээс эл хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь чухал гэдэгт бие даагчид санал нэгдсэн байна.
Ингээд УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуусан зарим асуултад ийн хариуллаа.
-Үнэт цаасны зах зээлийн тухай, хуулийн шинэчилсэн найруулгын талаар ямар байр суурьтай байна вэ. Манай улсын хөрөнгийн зах зээл уналтад орсон, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон гэж шүүмжлэх хүн олон болжээ?
-Манай зөвлөл энэ хуульд нэлээн шүүмжлэлтэй хандаж байна. Үнэт цаас гаргалаа, үнэт цаасны баталгаа хаана байна вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Үнэт цаасны засаглалын асуудалд анхаарах цаг болсон.
Үнэт цаас худалдаж авах, дамжуулан зарж, худалдаж байгаа хүмүүсийн төлөөлөл Үнэт цаасны үндэсний зөвлөл гэдэг ч юм уу, дээд засаглалдаа орж багтаж чадсан уу. Тэд үнэт цаасны талаар хамтын шийдвэр гаргаж чадах уу, үгүй юү.
Баялгаа яаж хуваарилах вэ гэдэгт нь маргаан дагуулж байна.
Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой саналууд гаргаж өгсөн Тиймээс тэр заалтуудыг хуульд орсон эсэхийг сайн хянаж, хэлэлцүүлгийн үеэр бие даагчдын зөвлөл байр сууриа илэрхийлнэ.
-Танай зөвлөл Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төсөл боловсруулах ажлын явц ямар шатандаа явна вэ?
-Энэ ажил нэлээн урагштай явж байна. Бид хуулийн төслөө англи хэл рүү орчуулж Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас санал авахаар явуулах гэж байгаа.
Ний нуугүй хэлэхэд, Засгийн газрын холбогдох яамныхантай энэ хуулийн олон зүйл заалт дээр маргаантай байна. Хөдөлмөрийн тухай хууль бол жирийн ажил хийж буй хүмүүс, ажил олгогчтойгоо хамтын гэрээ хэлэлцээ хийх баталгаа өгөх ёстой.
Баялгаа яаж хуваарилах вэ гэдэгт нь маргаан дагуулж байна. Тиймээс энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй учир намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.