Г.Алтанзаяа: Хуулийн өөрчлөлтийг үндэслэлтэй тооцох хэрэгтэй
ТИНЗ нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяа
2013.05.14

Г.Алтанзаяа: Хуулийн өөрчлөлтийг үндэслэлтэй тооцох хэрэгтэй

ТИНЗ нийгэмлэгийн Ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяатай НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-НӨАТ-ын татвар төлөгчийн босгыг 200 сая болгох хуулийн төсөл өргөн баригдсан. Хувийн хэвшил тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид хуулийг их дэмжиж байгаа. Таны бодлоор хэр зөв гэж харж байна вэ?

НӨАТ-ын хуулийг зөвхөн босго төдийгүй цогцоор нь өөрчлөх шаардлагатай нь хэн бүхэнд тодорхой байгаа. НӨАТ-ын татвар төлөгчөөр бүртгүүлэх босго 200 сая байх уу, эсвэл босгогүй болгох уу гэдэг их үндэслэлтэй шийдэх асуудал л даа. Бооцоо ч юм уу, дуудлага худалдааны гэмээр замаар шийдэх асуудал биш(50, 100, 200 гэх шиг).

Өнөөдөр НӨАТ-ын татвар төлөгч болоход 10 сая төгрөгний босготой байгаа. Гэтэл нийт татвар төлөгчийн 25 орчим хувь буюу 14,0 аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн, үүний 22 орчим хувь нь Х буюу үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн тайлан гаргадаг судалгаа гарсан байсан. Эндээс харахад манай улсын татвар төлөгч ААН-ийн 80 орчим хувь нь НӨАТ-аас чөлөөлөгддөг эсвэл 10 сая төгрөгнөөс доош орлоготой болж таараад байна аа даа. Үүний цаана нөгөө далд эдийн засаг явагдаад байгаа гэдэг нь хэд ч илэрхий байгаа биз дээ.

Тиймээс бүгд НӨАТ төлөгч байх нь татварын шударга, тэгш гэсэн зарчимтай нийцнэ гэж манай нийгэмлэгийн суралцагчдаас үздэг. Учир нь босго нь тэгш бус байдлыг үүсгэх тул НӨАТ төлөгч, төлөгч бус этгээдтэй харилцах нь эргээд худалдан авалтад төлсөн НӨАТ-аа хасуулж чадахгүйд хүрэх, дагаад хуурамч баримт үйлдэх гээд олон зүй бус асуудал дагалддаг.

Хамгийн гол нь 200 сая болгосноор өнөөдөр НӨАТ-ын хэрэгжилтийн явцад үүсч буй сөрөг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хийгдсэн судалгаа байна уу, хир үндэстэй вэ? гэдгээс л их хамаарна. Ер нь татварын хуулийн өөрчлөлтөд судалгаагүйгээр хандах практик үргэлжилсээр л байна. Энэ нь эргээд амьдралтайгаа нийцэхгүй тул асуудал үүсгэдэг, болохгүй болохоор нь татвар төлөгчид өөрсдөө нэг шийдэл гаргаад хууль нь хууль биш болчихдог практик байсаар л байна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэд зөрчилтэй, тодорхой бус заалтууд нь өнөөдрийн татварын маргааны дийлэнхтэй холбоотой байгаа. 

Яагаад 200 сая гэж?  

Дээр хэлснээр үнэхээр манай улсын татвар төлөгчдийн 80 орчим хувь нь 10 сая төгрөгнөөс доош борлуулалтын орлоготой юм бол уу? Тэгвэл 200 сая болгосноор НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчдын хэд нь НӨАТ төлөгчөөр үлдэх бол? Хуулийн төслийн үндэслэлд 5 мянга гаруй татвар төлөгч 200 саяаас дээш борлуулалтын орлоготой гэсэн байсан санагдаж байна. Эдний тодорхой хэсэг нь 200-аас доош борлуулалтын орлоготой хэсэг рүү шилжих нь тодорхой. Нөгөө талаасаа далд эдийн засгийн хүрээ илрэх магадлалтай гэсэн таамаглал байна. Тэгвэл яаж гэдэг асуудал гарнаа даа. Ингэхлээр л энэ хуулийг их сайн судалгаанд үндэслэн цогцоор нь өөрчлөх хэрэгтэй юм.

Олон улсын практикт босго хэрэглэдэг нь жижиг бизнес эрхлэгчдэд учрах бүртгэл тайлагналын хүндрэлийг багасгах гэж үздэг. Гэхдээ энэ татварын гол үүрэг нь бүртгэлээр хяналт тавих замаар нийгмийн нийт үйлдвэрлэлийн орц, гарцыг тогтооход оршдог. Иймээс улсын хэмжээний нийгмийн үйлдвэрлэлийн бүртгэлийн механизм гэж үзэж болно. Жижиг бизнес эрхлэгчийн татварын ачааллыг бууруулах гэсэн асуудал гарахгүй. Яагаад гэвэл энэ татварын ачааллыг хэрэглэгч үүрнэ.

Жижиг бизнес эрхлэгч дандаа НӨАТ төлөгч бус этгээдтэй харилцсанаар татварын ачааллаа бууруулна гэсэн ойлголт үгүй. Харин ч НӨАТ төлөгч этгээдээс худалдан авалт хийснээр төлсөн НӨАТ-аа буцаан авах боломжгүй болно. Ингэснээр өөрийнх нь зардал, өртөг нэмэгдэж олох ашиг нь буурна. Жижиг бизнест бүртгэл, тайлагнал хэрэггүй гэсэн ойлголт байж болохгүй. Бизнес эрхэлнэ гэдэг ашиг олохын төлөө байх тул, ямар орлого, зардал гарав, ямар үр дүнд хүрэв гэдгээ мэдэх нь зайлшгүй. Нийгэмд хэрэглэгч нь НӨАТ төлөгч бус этгээдээс талх худалдан авахад НӨАТ төлөгч этгээдээс авснаас хямд байна шүү гэсэн ойлголт бий бил үү. Үүнийг хяналтын байгууллага хянаж чадаж байгаа юу? Харин НӨАТ бус этгээд нь бүтээгдэхүүнээ НӨАТ-тай татвар төлөгч этгээдийн үнээр борлуулах тул хэрэглэгчдэд ачаалал буурна гэсэн нөлөөлөл харагддаггүй.     

Татварын албанд олон татвар төлөгчөөс тайлан авах ачаалал, зардал нэмэгдэнэ гэж сэрэмжлэх асуудал гарч болно. Манай улс өөрөө тодорхойлох, тайлагнах тогтолцоотой, тайлан хүлээн авах, нэгтгэх ажлаа автоматжуулаад, хяналт тавих хүрээгээ зөв тогтоовол асуудал биш л дээ.

-Босгыг нэмэх нь нэг талаар ашигтай харагдаж байгаа ч, нөгөө талаас ашиггүй байгаа. Тухайлбал том компаниудын НӨАТ-ын буцаан олголтод орохын тулд НӨАТ төлдөггүй жижиг компаниудаас үйлчилгээ авахгүй гэх зэргээр хандах магадлалтай.

Тиймээ. НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор өнөөдрийн энэ хуультай холбоотой үүсээд байгаа асуудлыг үнэхээр нааштай эерэгээр шийднэ гэсэн үндэслэл харагдахгүй л байна. Хамгийн гол нь босгодоо бус уг татварын концепци, хуулийн заалтын тодорхой бус байдлыг залруулах, ялгаварлал үзүүлсэн чөлөөлөлт бүхий дагалдах хуулиуд, чөлөөлөлт үзүүлэх хүрээ гээд олон зүйлүүдийг засах шаардлагатай юм.

НӨАТ-ын нэг механизм нь худалдан авалтад төлсөн НӨАТ-аа буцаан хасахад байх тул НӨАТ төлөгч этгээдтэй л харилцахыг биенесээ хэвийн явуулах гэсэн хэн бүхний хүсэл байх нь тодорхой. НӨАТ төлөгч бус бол танайхаас авахгүй. НӨАТ-ын падаан өгөхгүй бол өөр газраас авъя гэх асуудал бий. Энэ нь хуурамч баримт үйлдэх нэг шалтгаан нь болдог. Тиймээс энэ хуульд зөвхөн босгыг бууруулах гэдгээр бус жижиг бизнест ч томтойгоо адил хөгжих боломжийг л бүрдүүлэх бодлого үгүйлэгдэж байна.

-НӨАТ ер нь хэнд ямар ашигтай вэ

НӨАТ нь үндсэн 2 үүрэгтэй. Бүртгэлээр тавих хяналтын, нөгөө нь төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болох. Энэ татвар нь татвар төлөгчөөр бүртгүүлсэн этгээд нь борлуулалтдаа уг татварыг ногдуулан аваад, өөрийн худалдан авалтдаа төлсөн НӨАТ-аа хасаад зөрүүг төсөвт төлөх үүргийг ногдуулдаг. Энэ нь НӨАТ ногдох бараа ажил үйлчилгээ эрхэлж буй этгээдэд НӨАТ-ыг цуглуулан авч төсөвт төлөх үүргийг оноож байна гэсэн үг. Хэрэв худалдан авалтад төлсөн НӨАТ нь илүү бол түүнийг төсвөөс буцаан авах ёстой.

Энэ татварын ачааллыг эцсийн хэрэглэгч л үүрнэ. Ингэхээр бизнес эрхэлж буй хэн бүхэнд НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээр худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасуулах боломжтой болно. Хэрэв төлөгч бус бол худалдан авалтдаа төлсөн НӨАТ-аар тухайн байгууллагын өртөг юм уу, зардал нэмэгдэнэ. Харин борлуулалтдаа НӨАТ ногдуулах эрхгүй тул үнээ нэмэгдүүлэх ёсгүй.

Гэхдээ төрийн зүгээс үүнийг хянаж чаддаггүй. НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээр худалдан авалтдаа төлсөн НӨАТ-аа төлөх дүнгээс хасуулах эрхтэй болдгоороо татвар төлөгчдөд ашигтай. Ер нь нягтлан бодох бүртгэлээр дамжуулан төр, биенес эрхлэгч нийт үйлдвэрлэлээ хэмжих, төр нь төсвийн орлогын найдвартай эх үүсвэрээ бий болгодогоор ашиг тус нь илэрнэ.   

-Зарим хүмүүс иргэн бүр НӨАТ төлөгч болох ёстой гэж ярьдаг. Таны бодлоор тэгэх хэрэгтэй юу. Ер нь НӨАТ-ын хуулийн ач холбогдол иргэд болон улсад яаж наалддаг вэ

Татварын тэгш, шударга байх зарчмаар бол бүгд НӨАТ татвар төлөгч болох нь зүгээр гэсэн үзэлтэй хүмүүс бий. Манай НӨАТ-ын хуулиар 10 саяаас дээш орлоготой иргэн НӨАТ татвар төлөгчөөр бүртгүүлэхээр байгаа. Одоогийн байдлаар бүртгэлтэй иргэн 50 орчим байх шиг байсан. Гэтэл НӨАТ ногдох бизнес эрхэлж буй иргэн хэд бол? ямар ч байсан эдийн засгийн идэвхтэй хүн амын тоогоороо биш юм гэхэд 50 биш гэдэг нь тодорхой. Ингэхээр л нөгөө далд эдийн засгийн хүрээ өргөн байгаа гэдгийн нэг жишээ нь энэ л дээ. Тиймээс төрийн үүрэг нийгэмд тэгш байдлыг хангах тул энэ татварыг ашиглаж тэр механизмыг бүрдүүлэх боломжтой.

Тухайлбал: Герман, Сингапур гэх мэт улсууд тухайн улсад худалдан авалт хийсэн бол түүндээ төлсөн татвараа явахдаа онгоцны буудал дээр буцаан авдаг гэдгийн олон хүн мэднэ. Энэ нь төрийн нэг механизм. Юу гэвэл түүгээрээ дамжуулаад гадагшаа гарч буй худалдан авалтын бүртгэлийг улсын хэмжээгээрээ хийгээд авч байна гэсэн үг гэж би хувьдаа ойлгосон. Иргэн төлсөн татвараа буцаагаад авах ёстой гээд бас ярьдаг. Гол нь татварыг буцааж авах, өгөхдөө биш, түүний цаана төрийн хяналтын механизм л ажиллаж байгаа гэсэн үг.

Иймээс татвар бол төрийн бодлогын илрэл тул төр НӨАТ-ын тогтолцоогоор олон асуудлыг шийдэх боломжтой. Аливаа ажил гүйлгээ нэг этгээдээс гараад нөгөө этгээдэд нь очно. НӨАТ-ыг босгогүй болгон нийтэд хамруулах замаар эхний ээлжинд бүртгэлжүүлж далд эдийн засгийг илрүүлэх боломжтой. Нөгөө талаас тайлагналын нүсэр тогтолцоо л гэсэн асуудал гарна. Мэдээж үүнийг л шийдэх менежмент хэрэгтэй.     

-Хуулийн төсөл батлагдвал ямар хууль зүйн үр дагавар гарах вэ

Сайн хууль гараасай гэсэн хүлээлт байна. Төслийг нь үзээгүй л байна. Өмнөх алдаануудаа бүү давтаасай. Ер нь татварын хуульд нэг мэдэхэд л өөрчлөлт ордог, тэр нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, хасагдах зардал болгох гэсэн чиглэлтэй байдаг нь практикаар нотлогдсон зүйл. Хуульд өөрчлөлт оруулах нь төрийн л бодлого шүү дээ. Тэр хууль нь нийгмийн өнөөгийн тогтолцоог гажуудуулах нөлөө үзүүлэхээр төрийн бодлого буруу байна гэдэг шүүмж дагуулна.

Татварын бодлогод аль нэгэнд давуу тал үзүүлэх байдлаар хандаж болохгүй, тиймээс төвийг сахисан байр сууринаас хандах хэрэгтэй юм л даа. 200 сая гээд хууль батлагдаад ирэхэд НӨАТ төлөгчийн тоо 3 дахинаас илүүгээр буурна, эсэргээр 10 саяаас доош орлоготой гэж тайлагнаж байсан чармайлт үгүй болно. Гэхдээ л 200 саяаас илүү гаргахгүй л гэж үзнэ.

Тэгээд бизнесээ хуваана, жижигрүүлнэ. 10 сая хүртэл жижигрүүлэхэд хэцүү байсан бол, одоо 400 сая төгрөгний борлуулалтын орлоготой гэж тайлагнаж байсан нэг байгууллага 200 саяаас дээш гаргахгүйгээс тайлагнах замаар 2 хуваагдаж НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхгүй байх боломжтой болно. Аливаа босго, шатлалын эсрэг түүний доод хязгаарт багтах гэсэн хандлага руу хөтөлдөг. Ингэхээр НӨАТ-аар төсөвт ордог орлого багасна. Арай гэж татвараа төлж төлөвшиж буй хандлагаа эвдэгдэнэ дээ. Эерэг тал нь шууд харагдахгүй л байна.

Өнөөдрийн НӨАТ-ын чөлөөлөлт эдлэх дагалдах хуулиуд цаашдаа нэмэгдээд л байвал ялгаварлал үүсэх буюу хэнд ч НӨАТ-аас чөлөөлөгдөх хүслийг төрүүлнэ гээд олон л зүйлийн сөрөг нөлөө гарна. Дахин хэлэхэд хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа үндэслэлээ сайн судалгаатай л нотлох хэрэгтэй юм. Яагаад 200 сая гэж?